Израиль-Палестины зөрчил дэлхийн загварын ертөнцөд ч нөлөөлж эхэлжээ. Францын “Диор” фирм палестин гаралтай загвар өмсөгч Белла Хадидыг халж, оронд нь израиль загвар өмсөгч Май Тагерыг ажилд авснаа уржигдар зарласан байна. Albawaba news энэ талаар анх мэдээлж, дараа нь бусад хэвлэлээр тарсан юм.
“Ертөнцийн хамгийн сайхан бүсгүй”, “Хамгийн төгс гоо үзэсгэлэнтэй бүсгүй” гэх зэрэг албан бус санал асуулгад нэг бус удаа тэргүүлж байсан, палестин гаралтай АНУ-ын супермодель Белла Хадид Израилийн армийн ХАМАС бүлэглэл рүү чиглэсэн дайралт Палестины энгийн номхон иргэдэд хохирол учруулж эхэлсэн цагаас Газагийн оршин суугчдыг өмгөөлсөн байр суурийг идэвхтэй илэрхийлж эхэлсэн. Салбарын зарим нэг нэртэй зүтгэлтнүүд түүний байр суурь карьерт нь сөргөөр нөлөөлж болохыг анхааруулж байсан ч тоогоогүй юм.
“Диор” фирмийн Израилийн талыг баримталсан үйлдэлд дургүйцсэн палестиныг дэмжигчид сошиал орчинд “Диор” фирмийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх уриалга гаргаж, #BoycottDior хештег дор нэгдэж эхэлжээ. Белла Хадид “Диор”-той хязгаарлагдмал хүрээнд хамтарч байгаад 2021 оноос албан ёсоор гэрээ байгуулсан байв.
Хэвлэлүүдэд “Белла Хадидын оронд очсон” гэж бичигдэж байгаа Май Тагерын хувьд израиль гаралтай, сүүлийн хэдэн жил АНУ-д ажиллаж амьдарч байгаа нэгэн юм байна. “Giorgio Armani”, “Louis Vuitton”, “Victoria’s Secret” зэрэг алдартай брендүүдтэй хамтарч ажилладаг, өндөр зэрэглэлийн модель аж. Гол нь улс төртэй бас ойр, гурван жилийн өмнө Дубайд болсон арга хэмжээнд Украины загвар өмсөгч Анастасия Бондаренкотой хамт оролцож байсан. Энэ арга хэмжээ нь Израиль, Арабын нэгдсэн Эмитратыг хооронд нь ойртуулах улс төрийн зорилготой шоу байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.100
Uzel bodloo zagvaraar ilerhiiljee
Хариулах