С.Дэмбэрэл: Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү

Zuv.mn
2023/11/20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийжээ. Тус өглөөний уулзалтын үеэрх эдийн засагчдын онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Эдийн засагч С.Дэмбэрэл 

"Засгийн газар 2-3 сарын өмнө уул уурхайн бус экспортыг дэмжих тогтоол гаргасан. Энэ бол сайн хэрэг, одоо худалдааг нэмэгдүүлэх ёстой. Импортыг үзэн ядах хэрэггүй. Өр, баялагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. 

Өрхийн орлого, зарлагыг өргөн утгаар нь хараарай. Өрхийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд газар өмчлөх эрхийг хүртээмжтэй болго.

 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулаад баялгийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгох заалт оруулсан. Үүнийг өрхүүдэд хувьцаа байдлаар олговол зүгээр. Тэгш бус байдал жинхэнэ утгаараа үүсээгүй байхад хэт туйлширч болохгүй. Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү" гэв. 

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа 

"Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна. Бичил аж ахуй эрхлэх гэсэн зохицуулалт хуульд байвал иргэн баялаг бүтээгч болно. Өрхийн нэгдсэн кластерын бодлоготой болмоор байна.

 Өрсөлдөөний тухай хуульд бизнес хоорондын арилжааны зохицуулалт дутмаг байдаг. Эдгээрийг засаад явбал орон нутгийн хөгжилд ч нөлөөтэй. Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. 

Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан. Татварын бодлого хуваарилалт бус зохицуулалтын үүрэгтэй байх ёстой. Өрхүүдийг үйлдвэрлэгч талаас нь харах цаг болсон" гэв. 

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс 

"Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаануудыг манайх хийсэн. ОХУ, Украйны дайны нөлөөнөөс үүдэж манай улсын инфляц 2021 онд 12 хувьтай байхад эмзэг бүлгийн өрхөд энэ тоо 18 хувьд хүрсэн.

 Эндээс харахад, инфляц амьжиргааны түвшин доогуур өрхөд илүүтэй нөлөөлж байна. Ногоон шийдлээр дамжиж өрхүүдийг түүхий нүүрс, сайжруулсан түлшнээс татгалзуулна гэдэг хүнд. 

Нүүрсний татаас, цахилгааны хөнгөлөлт зорилтот бүлэгтээ хүрч үйлчилж чадахгүй байна. Бодлогуудыг илүү оновчтой болгох шаардлага байна" гэв. 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

"Энэ оны эхний хагас жилийн байдлаар дундаж өрхийн орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна" гэв.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.71
    2023/11/20

    Дэмбээлэй сохор дүлий нөхөр байсым байна

    Хариулах
  • 93.229.85.188
    2023/11/20

    bayan hoosnii ylgaag demberel yaj harah ve de ene hun bidnees uur ertuntsud uur amidrald yvaa l da

    Хариулах