“Өөрөө буруугаа хүлээсэн” гээд илүү хүндээр шийтгэж болохгүй

Х.Батсайхан
2023/12/11

-Ажлын байран дээрээ алдаа гаргалаа гээд цалин хасдаг болохоос ажил хийх эрхийг хасдаггүй-

Гэм буруугаа ойлгож, буруугаа хүлээж уучлалт гуйна гэдэг уг нь гэм хийсэн хүнд ирэх зэмийг хөнгөлөх шалтгаан болдог. Гэтэл Монголд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь хохирох үндэслэл болдог хачин жишиг үйлчилж байна уу гэсэн хардлага төрөх боллоо. 

Хэдэн жилийн өмнө, нэг аймгийн Засаг дарга ажлын байрандаа архидан согтуурч, түүнээс нь үүдэлтэй ноцтой гэмт хэрэг гарч байсан удаатай.

 Тэгэхэд тухайн үеийн Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ “Буруутай этгээд ажлын байран дээрээ архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас халлаа” гэдэг мэдэгдэл хийгээд халсан байдаг. 

Тухайн үед “Өөрөө буруугаа хүлээгээгүй бол ажлаас нь халахгүй айх байсан уу. Өөрөө буруугаа хүлээснээрээ халагдах үндэслэлээ гаргасан гэсэн үг үү” гэсэн асуулт гарч ирж, Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдлийн найруулга асуудалтай, цаашид буруу жишиг тогтоож болзошгүй талаар хөндөн бичиж байлаа.

Тэгвэл саяхан яг энэ жишгээр, Монголын үндэсний бөхийн холбоо улсын заан Б.Серикийг шийтгэсэн тохиолдол гарлаа. 

Тэрбээр барилдааны үед өрсөлдөгч бөхөө унагасныхаа дараа нидэрч, ёс зүйгүй, бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй аюултай үйлдэл гаргасан. 

Дараа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, МҮБХ-ноос ямар ч шийтгэл ногдуулсан хүлээн зөвшөөрөхөө илэрхийлтэл барилдах эрхийг нь нэг жилээр хасчихаж байгаа юм.



Бөх бол бөхчүүдийн ажил. Хоолоо олж иддэг ажил нь. Амжилт гаргаад алдаггүй юм гэхэд барилдаанд оролцож, ивээн тэтгэгчийнхээ нэрийг дуудуулснаараа бөхчүүд цалинждаг. Гэтэл орлого олдог тэр хэрэгсэл рүү нь халдаж байгаа нь учир дутагдалтай байна. Ажлын байран дээрээ алдаа гаргалаа гээд цалин хасдаг болохоос ажил хийх эрхийг хасдаггүй. 

Тиймээс МҮБХ бөхчүүдийн эрхийг хасдгаа болимоор, тэр тусмаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг удаан хугацаагаар хассан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй санагдана. Ингэж хатуурхаад байх юм бол хэн буруугаа хүлээх юм бэ. Барилдааны үед шаралхаж ширүүлэх нь битгий хэл допинг хэрэглэж наадам будлиулчихаад Б.Серикээс хөнгөн шийтгэгдсэн тохиолдол бий. Хэдий тэр кэйс дээр МҮБХ илүү хатуу шийтгэл оногдуулахыг шаардаж байсан нь үнэн ч факт бол факт. Факт баримтууд жишиг тогтоодог онцлогтой байдаг. 

Б.Серик заан буруу үйлдэл хийсэн ч алдаагаа ойлгож гэмшсэн түүнд ногдуулах шийтгэлийн тал дээр МҮБХ арай л хатуудуулчихлаа. Маш буруу жишиг тогтоож байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.89
    2023/12/11

    Муу хасаг монгол бөхийн дэвжээг ёс бус зан үйлдэл гаргаж байна хатуу хариуцлага тооцох ёстой 4 жилээр хасах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.41.17
    2023/12/11

    Миний бодоход Серикэд арай л хатуурхлаа...

    Хариулах
  • 202.126.88.114
    2023/12/11

    Uhaarsan bol ter sain bn. Gehdee shiitgel biyluulnee

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/12/11

    ажил хийж хоолоо олж иднэ үү байна уу хэнд хамаатай юм бэ шийтгэл зөв бөх нэртэй новшнууд болсон хүмүүс шүү наадуул чинь жил байтахаа идэх хөрөнгөтэй болсон хүмүүс учираас ийм үйлдэл хийгээд байаа юм

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/12/11

    шийтгэл зөвөө ер нь чанга дэглэмтэй байх ёстой

    Хариулах