1072 хувьцааг нь эзэмшдэг болохоор монголчуудын дийлэнх нь “Тавантолгой”-н ордыг “Минийх, биднийх” гэсэн нүдээр хардаг билээ. 14 орчим хувь нь /анх хуваарилахад 18 орчим хувь байсан/ иргэд, ААН-үүдэд, үлдсэн нь төрийн өмчид байдаг болохоор ингэж харахаас ч аргагүй. Тэгвэл өөр нүдээр хардаг хэсэг бас бий. Тэд бол Таван толгойн бүлэг ордын лицензийг эзэмшиж байгаад 2007 оны орчим төрд шилжүүлж өгсөн, гэсэн ч “Эрдэнэс Таван толгой” ХК-д тендерийн болон тендерийн бус аргаар хэмжээгүй ноёрхлоо тогтоосон, энэ байдлаа олж авахын тулд өөрсдийн гэсэн үүрэгтэй оролцсон бизнесмэнүүд юм.
Тэднээс энэ удаад Тавантолгойг төрд өгсөндөө ихэд харамсаж явдаг Батж.Батбаярыг онцолж байна.
Батж.Батбаярын хүү Б.Баттулгын үүсгэн байгуулсан “Спейшл майнинг сервис” ХХК яг одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт явуулж байгаа болон явуулахаар зэхэж буй /Зүүн, Баруун Цанхи, Бортээг/ лицензит талбайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг дангаар гүйцэтгэн ноёрхож буй.
Батж.Батбаярын хуурамч сайхан сэтгэл буюу Тавантолгойн “нууц” түүх
Аливаа зүйлийн өнгөрснийг буюу эх үндэс, уг агуулгыг ойлгочихвол одоо өрнөж байгаа үйл явц тодорхой болоод ирдэг учир бий. Өнөөдөр бидний мэддэг Тавантолгойн түүх их энгийн ч судлаад үзвэл одоогийн нөхцөл байдалд хүрсэн үйл явц, оролцсон хүмүүс нь үнэхээр сонирхолтой.
Төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон Тавантолгойн бүлэг ордын лицензийг хэсэг хугацаанд хадгалж байсан “14 гэр бүл” гэгдэх бизнесмэнүүд уг лицензээ 2008 оны сонгуулийн өмнө төрд шилжүүлж өгсөн /Угтаа бол төр өөрийнхөө юмыг эргүүлж авсан гэвэл илүү зохино/.
Ингэхдээ хэсэг бүлэг нь Ухаахудагийг авч үлдсэн бол Батж.Батбаяр нарын улс төрд орох, эсвэл үлдэх сонирхолтой зарим нь бүх хувиа шилжүүлээд өгчихсөн байдаг /Олон сая ам.долларын нөхөн төлбөр авах тохироо хийсэн гэдэг яриа бий. Авсан эсэх нь тодорхойгүй. Нийтлэлийн гол агуулга болох “Спейшл майнинг сервис”-ийн монополь эрхийн нууц нь байж мэдэх учир сануулав/.
Эдгээр бизнесмэнүүд одоо ч “Гадна, дотнын нохдоос харамлан хав дарж, хадгалж байсан лицензээ ард түмэндээ өгсөн” гэж ярьдаг. Гэхдээ үнэн эсэхийг нь шалгахад нэг их ухаан шаардлагагүй.
“Молекул” хэмээх Батж.Батбаяр 2012 онд Я.Батсуурь гишүүнтэй хамт “Монголын иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэх”-ийг санаачлан хэрэгжүүлсэн нь үнэн. Гэхдээ ААН-үүдэд эзэмшүүлэх, үр өгөөжийг нь Монголынхоо ААН-үүдэд хүртээхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байсангүй. Харин ч жадлан эсэргүүцэж байв. МАН харин ард иргэдэд эзэмшүүлэх хувиа уран нарийн аргаар буцааж авах зорилготой байсан байж мэднэ. Оюутны сургалтын төлбөрт 500.000 төгрөг өгч хувьцааг нь сольсныг энд дурдаж болно.
Батж.Батбаярыг яагаад ингэж хэлэв гэвэл, Батж.Батбаяр Я.Батсуурь нар санаачилга гаргахаас өмнө УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоол “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжид хувьцааны 10 хувийг эзэмшүүлэх, "Эрдэнэс-Таван толгой" компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах, ингэхдээ хувьцааны 10 хувийг иргэдэд, 10 хувийг 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг хөрөнгийн биржид гаргаж хөрөнгө босгох” агуулгатай байсан бөгөөд хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий сайд Сү.Батболдод даалгаад байсан. Улмаар Засгийн газар иргэд, ААН-үүдэд 10, 10 хувь буюу 536, 536 ширхэг хувьцааг иргэдэд үнэгүй, ААН-үүдэд нэрлэсэн үнээр худалдах шийдэлд хүрээд байв.
Хэрвээ энэ тогтоол хэрэгжсэн бол “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр дэлхийн топ компаниудын нэг болчихсон, хувьцаа авсан ААН-үүд ч салбар, салбартаа “хөл дээрээ” босох хэмжээний дэмжлэг хүртчихсэн байх байлаа.
Товчхондоо бол 1990-ээд онд өмч хувьчлал явуулж бизнесмэнүүдээ дэмжсэнтэй энэ зэрэгцэх түүхэн үйл хэрэг болох байжээ.
Гэвч Батж.Батбаяр АНН-үүдэд 10 хувь /536 ширхэг хувьцаа/ өгснөөс иргэдэд өгөх 10 хувийг 20 болгож нэмэх нь дээр /536-г 1072 болгосон/ гэж үзсэн юм.
Улмаар яг УИХ-аас хэлэлцэж эхлэхэд МАН-аас Д.Одхүү бас нэг төсөл санаачилж, улмаар Я.Батсуурь, Д.Одхүү нарын санаачилсан тогтоолын төслийг нэгтгэн, иргэдэд хувьцаагаа нэг сая төгрөгөөр солих боломж олгосон. Өөрөөр хэлбэл, иргэдээс хувьцааг нь салгах, тэгсэн мөртөө 2008 оны сонгуулиар амласан 1,500,000 төгрөгийн амлалтыг биелүүлсэн болж харагдуулах заль зохиосон байдаг. Нэгтгэсэн тогтоолыг ЭЗБХ-гоор хэлэлцэх үед Я.Батсуурь "Миний санаачилсан төсөл өөр болчихжээ" гэж хэлж байв.
Батж.Батбаяр хөрөнгийн биржид гаргах хувьцааны хувь хэмжээг 20 хувь болгож бууруулах асуудалд харин эргэлзэж байсан нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 20 хувь дээр хөрөнгө босгоод хангалттай мөнгө босгож чадах уу гэж асууж байсан нь ЭТТ-г олон улсад гаргах асуудлыг нэг их эсэргүүцдэггүй байсан гэдгийг харуулж байгаа юм.
Харин дотоодын ААН-үүдэд эзэмшүүлэхийг эсэргүүцдэгийг харуулах бөгөөд “Улсын хэмжээнд бүртгэлтэй 53 мянга гаруй компанийг шүүгээд үзэхэд 2700 эзэн л ард нь байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалсан тохиолдолд зөвхөн 2700 эзний гарт их хэмжээний хувьцаа төвлөрнө” гэсээр иргэдэд өгөх 536 хувьцааг 1072 болгосон. Мань хүнийхээр бол 50 хувь дотроо, хөрөнгө босгох 30 хувийг хэвээр үлдээж, ААН-үүдэд худалдах 10 хувийг л иргэд рүү шилжүүлэх сонирхолтой гэдэг нь ойлгогдоно.
Өөрөөр хэлбэл, Батж.Батбаярын гол зорилго нь ард түмэнд илүү олон хувьцаа өгөх гэхээсээ илүү ААН-үүдэд өгөхгүй гэсэн хармын сэтгэл явж байсан нь төрөөс Тавантолгойг ашиглах бодлого гарсны дараа “Бид лицензээ төрд шилжүүлэхдээ ард түмэндээ өглөө гэж бодсон. Хэрвээ өөр ААН-үүд оруулж ирэх байсан юм бол биднийг гаргахын хэрэг юу байсан юм бэ” гэж хэлснээс нь бас харагддаг юм. Тэрбээр Тавантолгойн лицензийг хадгалж байсан зарим нэгнийг бодвол бодсон санаснаа шууд хэлдэг мужик чанартай байсныг нь энд дурдвал хэт магтсан болохгүй болов уу.
Батж.Батбаяр тэргүүтнүүд ямартай ч иргэдэд өгөх хувьцааг нэмж, ААН-үүдэд худалдах ажлыг гацааж чадсан. Гэхдээ ард түмэн ногдол ашиг өгдөггүй үхмэл хувьцаатай өнөөдрийг хүрсэн нь бас үнэн.
Дашрамд, 2010 оны 39 дүгээр тогтоолд УИХ 2012, 2018 онд “гар хүрсэн” байдаг бөгөөд агуулга, үр дагаврыг нь тусад нь заавал хөндөх ёстой сэдэв юм.
2012 оны өөрчлөлт. "Иргэдэд 10 хувийг эзэмшүүлнэ" гэснийг "20 хүртэлх хувь", "ААН-үүдэд 10 хувийг эзэмшүүлнэ" гэснийг "10 хүртэлх хувийг", "Хөрөнгө оруулалт татахад 30 хүртэлх хувийг" гэснийг "20 хүртэлх хувийг" гэж өөрчилсөн.
Ерөнхийдөө бол Тавантолгойг эзэмшиж байсан бүлэглэл лицензээ төрд шилжүүлж өгснийхөө дараа эхний ээлжинд бусад ААН-д алдахгүй байх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тэдний хийсэн ажлын үр дүн нь 39 дүгээр тогтоолд орсон өөрчлөлтүүд юм. Энэ нь мөн тэдэнд "Дараа нь буцааж авна" гэсэн алсын төлөвлөгөө байсныг дам утгаараа илэрхийлнэ. Санасандаа ч хүрсэн болохын баталгаа нь сая “Нүүрсний сонсгол”-оор ил болсон, Молекул хэмээх Батж.Батбаяр болон бусад бизнесмэнүүдийн үр удам, хамаатан садны компаниудын монополь эрх дарх, хууль бус үйлдлүүд юм. Ийм бизнесмэн, компанийн тоо ганц Батж.Батбаяр, “Спейшл майнинг сервис”-ээр тогтохгүй. Тиймээс нийтлэл цаашид бусад компаниар үргэлжилнэ. Нийтлэл маань энд хүрээд одоо цагт шилжиж байна.
Тавантолгойн өрөмдлөг тэсэлгээнд хэмжээгүй ноёрхлоо тогтоосон “Спейшл майнинг сервис”-ийн хуудуутай үйлдлүүд
Батж.Батбаярын хүү Б.Баттулгын “Спейшл майнинг сервис” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ноёрхож, тендерүүдийг “хамах” эхлэлээ 2019 онд тавьжээ. Үүнээс хойш буюу 2019-2023 оны хооронд өрөмдлөг тэсэлгээний ажилд оролцож, 706 тэрбум, 839 сая, 150 мянга, 414 төгрөгийн гурван гэрээг байгуулсан байна. 2019 онд Цанхийн баруун уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг авснаасаа хойш 2021 онд зарлагдсан Цанхийн зүүн уурхайн /Гэрээний дүн 221,128,983,711 ₮/, 2023-05-12-нд зарласан Цанхийн баруун уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлын /Гэрээний дүн 183,957,026,870 ₮/ тендерийг авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоо ашиглаж байгаа хоёр талбай дээр зэрэг ажиллах болсон байна.
Түүгээр ч зогсохгүй МТАС түншлэлд багтан 2021.09.16-нд зарлагдсан Бортээгийн ордыг цогцоор нь ашиглах /Нийт өртөг нь 715 тэрбум, 916 сая/ төгрөгийн саналтай тендер, 2022-06-21-нд зарлагдсан орон нутгийн өмчит “Жижиг” хэмээх “Тавантолгой” ХК-ийн өрөмдлөг тэсэлгээний ажилд шалгарч, Ухаахудагаас бусад ашиглаж байгаа бүх талбайд дангаар ноёрхох болжээ.
Мэдээж, ашгийн төлөө ААН тендерт өрсөлдөж ялаад ажил гүйцэтгэх эрхтэй. Гэхдээ “Спейшл майнинг сервис” ХХК шударга замаар тендерээ аваагүй. Нийт өрсөлдөж ялсан таван тендерийнх нь гурав нь асуудалтай буюу ялах ёсгүй байсан гэдгийг Хянан шалгах түр хорооны шинжээч “Нүүрсний сонсгол”-оор илчилсэн.
Эхлээд 2019 оны 301,753,139,834 төгрөгөөр гэрээлсэн тендерт “Элгэн” ХХК-тай түншилж ялахдаа “Боловсон хүчний шаардлага хангаагүй” байх магадлал тогтоогдсон ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэлгээний хороо Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг биелүүлэлгүй илт нэг талд үйлчлэн /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 47.2.2, 29.1, 29.2, Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 98.2-ыг зөрчсөн/ ялуулсан. Энд авлигын асуудал явсан байх магадлал бий. Учир нь, “Спейшл майнинг сервис” ХХК-тай түншилсэн “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт авлига өгсөн хэргээр шалгагдаж, хоригдсон байдаг.
Эшлэл
Н.Цэрэнсамбуу /”Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга/
“Тендерийн шаардлагад том, жижиг гэж байхгүй. Дутуу шалгалаа гэхэд цаана нь бусдын боломжийг булаах асуудал гарч байдаг учраас Тендерийн хуульд заасан шаардлагад том, жижиг гэдэг нэг ч үг байхгүй гэдгийг хэлье”
Дараа нь, 2021 онд зарлагдсан 221,128,983,711 төгрөгийн Үнийн дүн бүхий Цанхийн Зүүн уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлын тендерт өрсөлдөөд ялагдсан ч шүүхэд хандаж, 2022 оны долдугаар сарын 19-ний 128/ШШ2022/0562 тоот шийдвэрээр ялан, 2022 оны есдүгээр сарын 14-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Ажил гүйцэтгэх энгийн тендерийн маргаан боловч энэ хэргийн шүүхийн шийдвэрийг нууцалсан байдаг. Бас л сонирхох ёстой сэдэв мөн.
Сүүлд 2023 оны ЭТТХК/202305001 дугаартай тендерт оролцож ялсан ч өрсөлдөгч “Мера” ХХК шүүхэд хандаж, энэ асуудал шийдэгдээгүй байгаа аж. 307 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд "Спейшл майнинг сервис" хэт бага буюу 183 тэрбум төгрөгийн санал өгсөн нь (”Мера" ХХК 198 тэрбумыг санал болгожээ) шүүхэд хандах үндэслэл болсон байж магадгүй гэсэн мэдээлэл бий. Энэ нь цаашаа олон хардлага үүсгэж буй.
Түүнчлэн, нүүрсний урьдчилгаа өгсөн худалдан авагчдад л төлбөрийн хэмжээнээс хамааран эдлүүлэх учиртай тарифын хөнгөлөлтүүдийг үндэслэлгүйгээр эдэлж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг 176 сая ам.доллараар хохироосон гэх шинжээчийн дүгнэлтэд "Спейшл майнинг сервис" багтсаныг дурдах ёстой.
Тавантолгойн бүлэг ордын лицензийг бусадтай хамтран эзэмшиж байсан Батж.Батбаяр, хүү Б.Баттулгынх нь байгуулсан, өдгөө “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн өрөмдлөг тэсэлгээний тендерийг авч буй “Спейшл майнинг сервис” гэх хуудуутай компанийн талаар товч өгүүлэхэд ийм байна.
Тавантолгой бол монголчуудын өмч. Монгол Улс уул уурхайд тулгуурлаж хөгжих шийдвэр гаргаснаасаа хойш энэ салбарт дотоодын ААН-үүдийг төлөвшүүлэх эрмэлзэлтэй, ААН-үүд ч хүчин чармайлттай байсан. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Үндэсний ААН-үүдийн “Монгол 999” нэгдлийн түүхээс үүнийг мэдэж болно.
Тавантолгойн орд бүхлээрээ ашиглалтад орох яагаа ч үгүй байна. Тэдгээрийг ашиглахад өрөмдлөг тэсэлгээний олон компани хэрэгтэй болно. Тийм компаниудыг бэлтгэх нь ТӨХК-ийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н албан бус үүрэг. Гэтэл ашиглаж байгаа бүх талбайгаа, дээр нь нэмээд ашиглах гэж байгаа Бортээгийг хүртэл нэг л компаниар өрөмдүүлж тэслүүлэх нь, дээр нь уулын цулын олборлолтыг “Хишиг арвин" гэх нэг л компанитай хоршуулах нь онолын хувьд маш эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж буй. Тиймээс тендерээ шударга шалгаруулахаас гадна салбарын олон компаниудыг оруулж ирэх, дээр нь УИХ-ын 39 дүгээр тогтоолыг Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх нь ард түмэн “Тавантолгой үнэхээр төрийнх, бас минийх юм байна” гэж итгэхэд хамгийн гол нөлөөг үзүүлэх гээд байна. “Том үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэх чадалтай компани цөөн” гэдэг тайлбараа “Эрдэнэс Тавантолгой” ХХК одоо мартах хэрэгтэй.
Тэгэхгүй бол, төр яаж ч уран донгодоод, өмнө нь тавьсан жүжгээ үргэлжлүүлээд /ард түмэнд хувь эзэмшүүлээд/ Тавантолгойг өмнө нь эзэмшиж байсан, бизнесмэнүүдийн үр хүүхэд, хамаатан садан хэтэрхий шунаг ажиллаж байгаа нөхцөлд итгэх ямар ч арга алга. “Тавантолгой”-д тогтсон монополийг задлая.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.126
МАН ажил өгч чадалтай байна. Тэсэлгээ тоглоом биш. Улныхан уул уурхайн мега техник оруулж чадахгүй.
Хариулах66.181.160.61
МОЛЕКУЛ БАТБАЯР ГЭЖ НЭГ ШУНАЛЫН ТУЛАМ
Хариулах202.9.40.223
Молекул их эвгүй гар даа. Ард олныг бол Улныхн гэж харж яаж ч онхолдуулж болно гдэг үзлээр ажиллаж ирсн
Хариулах103.212.117.212
Яаая аймаар баримт дэлгэжээ. Амжилт
Хариулах202.126.88.225
Күээ энэ АРДЧИЛСАН НАМ, КАЗАК ХОЁР ЧИНЬ ЯМАР АЮУЛТАЙ НАМ, ҮНДЭСТЭН ХОЁР ВЭ МОНГОЛЫГ АРДЧИЛСАН НАМЫН НӨХДҮҮД ДЭЭР НЬ КАЗАКУУД ЦӨЛМӨӨД ХУЛГАЙЛААД ДУУССАН ЮМ БИШҮҮ ЯАГААД ЯАГААД ЭД НАР ГЭЖ
Хариулах