-Гар хөл бологсдыг шийтгэж, шалгарсан компанийг зүгээр орхисон уу-
Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын тендерийг бусдад авлига өгөх замаар будлиантуулж бүтээн байгуулалтыг удаашруулан, энэ хооронд тус зам дээр олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироход дам байдлаар нөлөөлсөн “Альфа Ассет менежмент” ХХК-ийн захирал З.Буяннэмэх, түүнээс бэлэн гурван сая төгрөг, “Лексус 350” маркийн автомашин хахуульд авсан ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болж, З.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох, Х.Оргил-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
З.Буяннэмэх бусдад гурван сая төгрөгөөс гадна Лексус машин /худалдаж авсан үнээ санахгүй байна гэж мэдүүлжээ/ хахуульд өгөөд 14 сая төгрөгөөр торгуульж, дээрх эд зүйлсийг хахуульд аваад автомашиныг нь 30 сая төгрөгөөр зарж хувийн хэрэгцээндээ ашигласан Х.Оргил-Эрдэнэ 20 сая төгрөгөөр торгуульсан байна.
Нүүрсний хулгайтай холбоотой ард иргэдийн эсэргүүцэл өрнөж байх үед эрх баригчид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын хэрэгт ногдуулах ялыг чангатгасан. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр хэрэглэгддэг Эрүүгийн хуулийн 22-ын 4, 22-ын 5 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, 22.4 буюу албан тушаалтан хахууль авах хэрэгт торгох ял байхгүй болж, Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс бүх насаар нь хасаж, 2-12 жил хорих ял шийтгэдэг болсон.
Мөн үүнтэй зэрэгцэн үйлдэгддэг 22.5 дугаар зүйл буюу авлига өгөх гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгохоос гадна хорих ял ногдуулдаг болсон. З.Буяннэмэх, Х.Оргил-Эрдэнэ нар нь гэмт хэргээ 2022 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт орохоос өмнө үйлдсэн тул хуулийн өөрчлөлтийн аль хэрэгтэнд ашигтайг нь солнгож хэрэглэх зарчмаар өмнөх хуулийн зохицуулалтыг ашигласан бололтой.
Гэхдээ даваа гарагт болсон хуралдааны тухайд, анхаарал татах хэд, хэдэн өнцөг байна.
1 дүгээрт, 2022 оны өөрчлөлтөөс өмнөх хуулийг хэрэглэсэн ч хорих ялаас татгалзаж, мөнгөн торгуулийн хамгийн дээд хэмжээг сонгосон.
Үүний үр дүнд шүүгчдэгч Х.Оргил-Эрдэнэ хахуульд авсан мөнгөнөөсөө бага хэмжээний /33 сая төгрөг хахуульд аваад 20 сая төгрөгөөр торгуулна/ төгрөгөөр торгуулах болсон.
2 дугаарт, З.Буяннэмэхэд мөн 6 сараас гурван жил зорчих эрх хязгаарлах, хорих ялын боломжоос татгалзаж, торгох шийтгэлийн дээд хэмжээг ногдуулсан байна.
2022 оны өөрчлөлт орж, ялын бодлолго чангарахаас өмнөх хууль
3 дугаарт, энэ хэргийн үр дүнд тендерт ялж, Дарханы замын тавдугаар багцыг гүйццэтгэх эрх авсан Чайна гео инженеринг корпораци ХХК зүгээр өнгөрсөн. Энэ компани нь З.Буяннэмэх өөрссдийнх нь ажлыг хөөцөлдөж, ЗТХЯ-аар явж байгааг мэдэж байсан гэдэг нь З.Баяннэмэхийн “Зам тээврийн яаман дээр Оргил-Эрдэнийн өрөөгөөр очоод “Чайна Гео яаж байна, дэмжих боломж байна уу” гэтэл О надад “Наад “Чайна Гео...” чинь шүүхийн маргаантай юм байна шүү дээ, за байж бай” гэсэн. Би тэр үед нь шууд Тунгалаг /Улсын бүртгэлд тус компанийг төлөөлөх эрхтэй этгээдээр Tonggelege нэрээр бүртгэгдсэн хүн бололтой/ руу яриад “Танай компани чинь шүүхийн шийдвэртэй маргаантай юм байна шүү дээ” гээд хэлэхэд Тунгалаг “Үгүй ээ, наад тендер зарлахад тендерийн заавар дээр шүүхийн шийдвэр гараагүй л бол хамаа байхгүй, болно шүү дээ, болохгүй байна гэж байхгүй” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээс харагддаг.
Өөрөөр хэлбэл, З.Буяннэмэх нь өөрийн компанийг туслан гүйцэтгэгчээр оруулах ашиг сонирхолтой боловч “Чайна гео инженерийнг корпораци”-ыг тендерт ялуулах ажлыг өмнөөс нь хийсэн гэж үзэх үндэстэй. Хэрвээ ингэж үзэж, хуулийн 25.3 зүйлчлэлээр явсан бол 120 саяас 400 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлэх байв.
Өөрөөр хэлбэл, шүүхээс З.Буяннэмэхэд оноосон 14 сая төгрөгийн торгууль 400 сая төгрөгийн хооронд байгаа 386 сая төгрөг бол шүүгч ЯЛЛАГДАГЧИЙГ ДАРАМТЛАХ, ЯЛЛАГДАГЧ ШҮҮГЧИД АВЛИГА САНАЛ БОЛГОХ сэдэл болж болно, ингэж хардах ч үндэстэй гэсэн үг.
Ингэж бүгдийг бичиж байгаа нь энэ хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн мууг үзэх, ял, торгуулийг нь нэмүүлэхийг хүссэндээ биш юм. Харин хуульд байдаг, шүүгчийн эрх мэдлийг нэмсэн буюу авлига үүсэх боломжийг бүрдүүлдэг “Нэг хэрэгт ногдуулах ялын хэмжээ хэт зөрүүтэй байх” дутагдал энэ хэрэг дээр гарчээ, яваандаа Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг тухай гэмт хэргийн нөхцөл байдлыг сайтар шалгаж тогтоосны үндсэн дээр ялыг маш нарийвчлалтай болгож өөрчилье гэдэг, өмнө нь олонтаа хөндөж байсан санаагаа дахин илэрхийлэх гэснийх юм. Ингэж чадвал хэрэгт холбогдсон хүн "Шүүгч яах бол" гэж бэмбэгэнэхгүй, тохирсон ялаа авахын тулд тэмцдэг болно.
Шүүгч авлигын хэрэгт холбогдсон нэг нөхрийг торгосон ч, хорьсон ч болохоор хууль эрхзүйн зохицуулалттай байхад иргэд шүүхэд яаж итгэх юм бэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна