​ Таван хүүхэдтэй өрх толгойлж үлдсэн Б.Отгонбаярыг ямар амьдрал угтах вэ

Х.Батсайхан
2024/01/12

Эхнэр нь ихэр охидоо төрүүлээд удаагүй байхдаа зүрхний өвчнөөр өөд болж, таван хүүхэдтэйгээ үлдсэн Б.Отгонбаярын талаар хэвлэлд мэдээлэл гарч, монголчуудын сэтгэлийн утсыг хөндлөө. Сэтгэлийн утас нь хөндөгдсөн монголчууд тав, арван төгрөг илүүчилж, 100 гаруй сая төгрөг цуглуулж өгөв. Аз болоход, Б.Отгонбаярын хүсэл биелж, хүүхдүүдээ дулаан байранд оруулж чадахаар болж байна. Яагаад ингэж хэлэв гэвэл, 18 удаа хагалгаанд орж зовсон нэгэн хүүгийн ээж өнөөдөр бидэнд мөн хандаж, нэвтрүүлэг нь Б.Отгонбаярынхтай зэрэг шахам цацагдсан. Б.Отгонбаярын нэвтрүүлэгтэй давхацсанаараа тэр хүүхэд азгүй болж байгаа юм. Хүмүүсийн анхаарал нөгөө тийшээ явчихсан гэсэн үг. 

Нөгөө талаар, өнөөдөр хүмүүсийн анхаарлыг илүү татах өөр мэдээлэл гарч, сайтууд тийшээ хүн хүчээ дайчилсан бол Б.Отгонбаяр азгүй болж хувирна. Аз гэдэг ийм л сохор. Гэтэл, харамсалтай нь, монголчуудын амьдралд “Аз” гээч юм ихээр нөлөөлдөг болоод удаж байна. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулъя аа, сугалаа сугалуулна, аз... Худалдан авалт болгоноосоо 10 хувийг суутгуулна, 20 хон хувийг нь буцааж авна. Арай ихийг авъя, сугалаа явуулна аз...

Ипотекийн зээлээр байранд оръё оо, аз... Хуулиар олгогдсон эрхээ эдэлж үнэгүй газар олж авъя аа, бас л аз... Монголчууд хэдий болтол сохор азанд найдаж, алт, нүүрс баялаг дээрээ бүдчин сандчиж амьдрах ёстой юм бэ. 

Энэ “АЗ” гэдэг юмыг байхгүй болгох чадалтай ганц субъект нь төр. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүүхдийн хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Өнөөдөр хэвлэл чадлаараа зүтгээд Б.Отгонбаярын асуудлыг шийдсэн бол төр сайн ажилласнаараа хэн нэг нь Б.Отгонбаяр шиг, магадгүй түүнээс ч хүнд байдалд орсон бай, хууль журмын дагуу эрхээ эдэлж, халамж, дэмжлэгээ хүртээд амьдрал нь шийдэгдэж байх учиртай. 

Өнөөдөр аз таарснаараа Б.Отгонбаяр хүүхдүүдээ гэр оронтой болголоо. Цаашид яах вэ. Хуулиараа "Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй". "0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй" Хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү гэжээ. Таван хүүхэд нь сар бүр 100,000 төгрөг авна. Ингээд л боллоо. 

Хуульд зааснаар өрх толгойлсон эцэг тэтгэмж авдаг болсон. Хэдхэн жилийн өмнө бол Б.Отгонбаяр шиг өрх толгойлж үлдсэн эцэг тэтгэмж ч авах эрхгүй байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг анхаарч, хуульд өөрчлөлт оруулсны дараа тохиолдсон гэдгээрээ Б.Отгонбаяр азтай болчхож байгаа юм. 

Төр энэ мэтчилэн, алдаагаа засаж, хуваарилалтаа тэгшитгэн иргэдээ ижил тэгш халамжлах учиртай.

Гэтэл Б.Отгонбаярын лайвыг нэг ч гэсэн төрийн өндөрлөг үзсэн болов уу. Аз мэднэ... Үзлээ гээд сэтгэлийн утас нь хөндөгдөөд иргэдээ боддог болж өөрчлөгдөх үү. Тогтолцооны шинэчлэл хийх үү. Үнэхээр эргэлзээтэй. 

Гэтэл Монголд өнөөдөр хагас өнчин хүүхэд 30 гаруй мянга, бүтэн өнчин хүүхэд 3000 орчим байна. Тэд бүгд хандив гуйж, "Өөр шуугшиантай үйл явдалтай давхцчихгүй байгаасай гэж залбирах ёстой юу. 

Хагас өнчин хүүхдийн тоо /ҮСХ/

 

Бүтэн өнчин хүүхдийн тоо ҮСХ

Хүүхэд өнчрөх нь хүний амьдрал, бүгдэд нь төр буруугүй гэж мэтгэх хүн байж болно. Тэгвэл гурван хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтаас болж өнчирсөн, гэр бүл салалтын гуравны нэг нь амьдралын боломж бололцооноос болж салсан гэдэг судалгаа байна. Ядаж үүнд төр засаг 100 хувь буруутай...  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.233
    2024/01/14

    Зөв асуудал хөнджээ

    Хариулах
  • 202.9.46.167
    2024/01/13

    Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салцгаа. Сошиал медиагаар улныхан тусламж гуйж байна.

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/13

    хувь хүний үүргээ ухамсарлах асуудал байхгүй юу төр хангамж муу өгч болно үр хүүхдээ орхиод явж тэнэгүүдийг яахав хэний буруу хувь хүний буру биз дээ битгий худлаа туйлшир

    Хариулах
  • 66.181.161.78
    2024/01/12

    Үнэнийг бичжээ.

    Хариулах