ОХУ Монголд байгаа, ЗХУ-ын өмч байсан үл хөдлөх хөрөнгүүдийг авна гэв үү

Х.Батсайхан
2024/01/22

ОХУ Монголд байгаа хуучин ЗХУ-ын үед эзэмшиж байсан бүх үл хөдлөх хөрөнгүүдээ эргүүлэн авна гэсэн утгатай мэдээлэл хойд хөршийн хэвлэлд гарчээ. Тодорхой объектын нэр ч дурдсан байх бөгөөд тэр нь хуучнаар Ленин клуб, одоогийн Санкт Петербург төвийн барилга байна.  

Нийслэл Улаанбаатар хотын яг төвд орших уг барилга 1990-ээд он хүртэл ЗХУ-ын өмч байсан бөгөөд ОХУ-ын ЭСЯ уг барилгыг 1992 онд Санкт Петербург хотын Захиргаанд шилжүүлж өгсөн гэнэ. Гэхдээ тэр үед байсан Хотын захирагч нь барилгыг зарж үрж будилуулчихаад ор сураггүй алга болсон гэдэг.  

ОХУ-ын ЭСЯ 1990-ээд оны сүүлээр барилгыг авахаар тэмцэж, түрээслэгчдийг нь нүүлгэхийг оролдсон ч асуудал хуулийн маргаанд хүргэж,  улмаар ОХУ-ын ЭСЯ шүүхийн маргаанд ялагдсан юм.

Өөрөөр хэлбэл, барилгын өмчлөлийн маргаан дууссан. Гэтэл ОХУ-ын  newbur.ru хэмээх цахим хуудаст “ОХУ ЗХУ-ын гадаад улсад эзэмшиж байсан бүх үл хөдлөх хөрөнгөө эргүүлж авах шийдвэр гаргасны дараа Монголын хэвлэлүүд энэ талаар мэдээлж эхэллээ” гэх агуулгатай мэдээлэл бэлтгэсэн байх юм.

Хэвлэл шүүж үзвэл сүүлийн хэдэн жилд энэ барилгын өмчлөлийн асуудлаар гарсан мэдээ, материал алга. Гэтэл “Монголын хэвлэлүүд асуудал сөхөж эхэллээ” гэж хүчээр энэ сэдэв рүү оруулж байгаад “Ленинклубыг БНМАУ-ын эрх баригчдын зөвшөөрлөөр, ЗХУ-ын хөрөнгөөр (түүхэн Орос) тэдний олгосон газар дээр барьсан. Үүнийг найрсаг Монголын эрх баригчид Оросын төрийн өмч хэмээн хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар талууд Монголын сүүлийн үеийн хууль тогтоомж, тэр дундаа Нийслэлийн тухай хуульд нийцүүлэн цогцолборын барилга байгууламжийн өмчлөх эрх, зэргэлдээх газар ашиглах эрхийг ОХУ-д бүртгүүлэх хувилбарыг эрчимтэй хайж байна” гэжээ.

Ленин клубын тухай

Энэхүү барилгын талаар нээллттэй эх сурвалжийг шүүрдэхэд дараах мэдээлэл гарч ирснийг хүргэе.

1921 онд Нийслэл Хүрээнд байсан худалдаа арилжаа эрхлэгч орос иргэдийн санаачлагаар “Нардом” (Народный дом) нэртэйгээр байгуулагдсан клуб нь тухайн үед улс төр, уран сайхны олон бүлгэм байгуулан ший, кино гаргах, биеийн тамир, спорт тоглоом, тэмцээн явуулах зэргээр ажиллаж, түүнд монголчуудаас оролцдог байжээ.

Нардомын байшин шатсаны дараа Зөвлөлтийн харьяат нарын клубыг В.И.Лениний нэрэмжит болгож, 1929 онд төв талбайн өмнө хэсэгт шинэ дан байшин барьж, ашиглалтад оруулжээ. Энэ байшин монголд баригдсан хойшоо харсан анхны барилгын нэг юм. Үүнээс өмнө хойшоо харсан гол хаалгатай, олон нийтэд зориулсан нэг ч байшин байсангүй. Мөн Ленин клуб анх нэг давхар байсан бол 1950-ад оны үер 2 давхар болжээ.

В.И.Лениний нэрэмжит клуб нь кино гаргах, үдэшлэг уулзалтууд зохиох, хурал, зөвлөлгөөн хийх зэрэг олон хэлбэрээр ажлаа явуулж байсан нь хотын соёл хүмүүжилд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ манай соёлын байгууллагуудын ажилд үлгэр дууриал болж байв. Тус клубын захиргаанаас “Хозяйтсво Монголий” улс төр, эдийн засгийн сэтгүүл гаргаж байжээ. Энэ клубын байшинг 1950, 1970 онд өргөтгөл хийж давхарласан бөгөөд 1950- аад онд модон хашаа барьж усан оргилуур, барималтай болгон банзаар явган зам хийж, бүжгийн тусгай тавцанг засаж тохижуулсан байна. 

Сүүлд В.И.Лениний нэрэмжит клубын байшинг өргөтгөн Санкт Петербург төв болгосон бөгөөд одоо үйлчилгээний байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна