Монгол Улсын Тод Манлай уяач, ШИНЭ намын Төв зөвлөлийн гишүүн А.Батсүхтэй ярилцлаа.
-Та сайхан өвөлжиж байна уу. Зүүн аймгуудаар яваад иржээ. Холын хүнээс үг сонс гэдэг. Явсан газрын сонин юу байна?
-Зүүн аймгуудаар яваад ирлээ. Өвөлжилт хүндэрч, цас зузаарсан байна. Хэнтий аймгийн мал гэхэд Дорнодын “Петро чайна” компанийн олборлолт явуулж байгаа 19, 21 дүгээр талбай руу оржээ. Отроор яваа мал ч байна, уруудаж ирсэн эзэнгүй мал ч байна. Зуднаас гадна нэг аюул байгаа нь өөр нутгаас ирсэн мал хужир устай газраа мэдэхгүй эрдсийн дутагдалд орж, шороо идээд үхэж байна.
-Шуурганд уруудсан, туувраар очсон малчид, малыг нутгийн хүмүүс зүг чигийг нь зааж өгч, хужир ус бараадуулах юм уу?
-Зудын нөхцөлд малчид туувраар болон уруудаж ирсэн малыг хөөж, ад шоо үзэж болохгүй, ая тухтай өвөлжүүлнэ гэсэн утга бүхий Засгийн газрын шийдвэр гарсан юм билээ. Тэр олон, хэдэн мянгаараа туувраар болон уруудаж ирж байгаа малыг хужир мараа бараадуулна гэж байхгүй. Үхэр адуу шуурганд уруудаж очиж байна, хонь ямаа бол цас зуданд боогдоод хаашаа ч оторлох боломжгүй болчихсон. Зарим газраа машин ч очих боломжгүй цас хөрлөж зузаарсан. Дорноговь аймгийн Замын-Үүд орчимд маш олон адуу уруудаж очсон, хавар эргэж ирнэ гэхэд эргэлзээ бий. Яагаад гэхээр уруудаж очсон газар нь өвс алга. Олон адуу байгаа жаахан бэлчээрийг нь талхалж дууссан. Малчид үнэнд гүйцэгдэж, байгалийн давагдашгүй хүчний өмнө сөхөрсөн. Уруудсан малаа хавар очиж, амьд үлдсэн байвал авна гэж байна. Монгол орны 90 гаруй хувь нь зудын байдалтай болжээ. Төр засгаас холбогдох хүмүүс явж байгаа ч зудын гүн рүү очихгүй байна. Малчдадаа өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэг айлд нэг хоёр боодол өвс, ганц шуудай хивэг очиж байгаа нь тус болдоггүй. Харин нэг ч болтугай айлыг малтай нь үлдээхийн тулд сонгоод бөөнөөр нь өгмөөр байна.
-Маш эмзэг асуудал бий. Амьжиргааны хэдэн малаа банкинд барьцаалж зээл авсан олон мянган малчид бий. Гэтэл банкны барьцаанд байгаа мал үхэж үрэгдэж байгаа нь малчдын хувьд хүнд цохилт болж байна?
-Малчид малаа барьцаалж, “Малчны зээл” авдаг. Үүнийг эргээд малынхаа ашиг шим, махаар л төлнө. Гэтэл зээл төлөх мал нь зуданд үрэгдэхээр яах билээ. Малчид нийтээрээ малаа даатгах ахуйн болон сэтгэхүйн нөхцөл бүрдээгүй байна. Банкны зээлд баригдаад малынхаа араас шатахуун түлш хийгээд явдаг. Хэдэн мал, амин зуулгатайгаа үлдэх гээд тэмцэж байна. Эцэст нь мал ч дүүрсэн хэрэг, өр зээлээ яахав гэж байгаа малчид ч бий. Ийм хүнд нөхцөлд төр засгаас анхаарахгүй бол болохгүй. Малчдынхаа өмнөөс үүнийг дуулгах ёстой. Хавар цас ханзрахаар малынхаа араас явна. Уруудсан мал бэлчээргүй цас зудтай газар очиж, дотор гаднаасаа жиндсэн мал буцаж ирэх магадлал маш бага учраас өртэй үлдэнэ гэсэн үг. Банкнаас нэгэнт зээл авчихсан малчин зээлээ төлж таарна. Төлөхийн тулд яахав ээ гэхээр төв суурин газарт ирж ажил хийнэ. Өрөө дарах, үр хүүхдээ тэжээхийн тулд ажиллана. Үүнээс үүдэж, Улаанбаатарын төвлөрөл нэмэгдэнэ. Малчид маань амин зуулгаа алдчихлаа, тартагтаа тулсан. Ийм цаг үед төр засгаас туслах хэрэгтэй байна.
-Төрөөс ямар дэмжлэг байх хэрэгтэй вэ. Нөгөө талаар ган зудын давтамж ойртсон, өвөл болохыг мэдсээр байж өвс тэжээлээ бэлддэггүй юм. Тэгээд зуд болохоор улаанбаатарчуудаас тусламж гуйдаг гэх шүүмжлэл бас байдаг?
-Төр засаг уруудсан малыг зуднаас гаргаад өгч чадахгүй. Тийм боломж ч байхгүй, байсан ч уруудсан мал тууврын ая даахгүй. Зөвхөн өвс тэжээл авах гэж, малынхаа араас явах гэж машин тэрэг, шатахуун түлш авсан зээлдэгчид ч олон болжээ. Төр засаг анхаарахгүй бол малчид туйлдлаа. Төв суурин газрын хүмүүсийн шүүмжлэлийг хүлээж авалгүй яахав. Гэхдээ нутаг нутгийн онцлог бий. Говийн аймгуудад өвс нь хадлан авах хэмжээнд ургадаггүй. Өнөө жилийн цас шиг цас говийн нутгуудаар ордоггүй. Тйим нөхцөлд яах ч арга алга. Зээл хуй тавиад өвс тэжээл худалдаж авахаас өөр аргагүй болж байна.
-Зуданд үрэгдэж байгаагаас гадна олон тоогоор хил давж байгаа тохиолдол байна уу?
-Нүдгүй шуурганд хилийн тор малыг торгоож чадахгүй. Манай хилийн дагуух тор гол төлөв модон шургаагаар хийдэг учраас өмхөрч муудсан байдаг. Тэгэхээр малыг хилийн тороор торгооно гэж байхгүй. Уруудаж очиж байгаа малыг малчин нь дагаад уруудаж очно гэж байхгүй, хилчид маань хилд тулсан малыг авч үлдэхийг хичээдэг. Тэнд очсон мал бөөнөөрөө нэг газар байгаа учраас бэлчээргүй болж, биеийн дулаанаа алдаж эхэлдэг. Бэлчээрийн мал чинь идэш хоолоороо дулаан илчээ авдаг учраас биед нь хүйтэн орж үхэж эхэлдэг. Энэ олон мянган мал амьд үлдэнэ гэхэд хэцүү.
-Зуд турхан болохоор эрчимжсэн мал аж ахуй ярьдаг. Гэтэл нүүдлийн мал аж ахуй устана гэх шүүмжлэл бас байдаг?
-Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод ган зудын давтамж ойрхон болсон. Энэ нь малчдад маш хүнд тусаж байгаа. Зун, намартаа өөхөн тарга, махан тарга авч гүйцэд тарга авсан мал чөмөг суудаг. Чөмөг бол малын үндсэн тамирыг хэлдэг. Сүүлийн үед зуншлага тааруу болж, мал махан тарга, өөхөн таргаа гүйцэд авч чадахгүй учраас чөмөг суухгүй байна. Үндсэн тамиргүй мал цагийн хатууд амархан мууддаг. Эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй болж байна. Ийм цаг үед 500 үхэртэй байснаас 100 сайн үхэртэй байя, тэр нь өндөр үр ашигтай байя гэхээр манай малчид фермерийн аж ахуйд шилжих сэтгэл зүй болон ахуй амьдралын хувьд бэлтгэгдээгүй. Олон зуун жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн хүмүүсийг фермерын аж ахуй руу шууд ор гэх нь учир дутагдалтай. Фермерийн аж ахуйд шилжинэ гэвэл төрөөс малчдаа бэлдэх, сургалт явуулахаас эхлээд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх гээд томоохон кампанит ажил өрнүүлэх хэрэгтэй. Ийм байдлаар эрчимжсэн мал аж ахуй руугаа шилжих байх. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуй байж л эх орон эзэнтэй байгаа. Фермерын аж ахуй эрхэлнэ гэдэг төв суурин газар, зах зээлдээ ойр байхын тулд нүүдэл болно. Ингэхээр монгол орон эзгүйрнэ гэж эмзэглэж явдаг хүн. Уул тал, хангай, говь гээд бэлчээртээ явж, олон төрлийн өвс ургамал идэж, тарга хүчээ авсан мал дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй. Монголчууд ийм малын мах идээд сурчихсан. Фермерын мал бол хүний өгснийг л иднэ. Байгаль дэлхийд тархаж ургасан олон зүйлийн эмийн ургамлыг идсэн малын мах ямар байхав. Хашаанд хүний өгсөн юмыг идээд зогсож байгаа малын мах юу бай вэ. Асар толм ялгаатай. Үүгээрээ би фермерын аж ахуйг үгүйсгэж байгаа хэрэг биш. Аймаг бүрд л фермерын аж ахуй эрхлэх болсон. Манай монголчууд бэлчээрийн мал аж ахуйгаасаа салж болохгүй шаардлага байна. Яагаад гэхээр малчид нутаг усаа эзэнгүй орхивол ухаад эхэлнэ. Тахилгатай уул усаа ухаад булаг шанд нь ширгээд эхэлнэ. Энэ мэт нарийн асуудал хадгалагдаж байгаа учраас малчид яаран фермерийн аж ахуй руу орохгүй байх.
-Бид эрүүл мах хэрэглэж байна гэж байгаа ч гадагшаа үнэ хүргэж зарж чадахгүй байна. Чухам юунд байна?
-Мал өсөж байгаа дээр махыг экспортод сайн гаргаж байх хэрэгтэй. Малыг борлуулж малчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлага байна. Экспортод гаргаад стандартыг хангаад гаргах юм бол малчид дэмжинэ. Урд хөршид мал ямар үнэтэй байна гээд харьцуулахад Монголд бол хэцүү байгаа. Малынхаа эрүүл ахуйг хангаад гадагшаа гаргана гэдэг ус агаар шиг хэрэгтэй. Экспортод ахиухан гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулаад малчдынхаа орлогыг нэмэгдүүлээд явахаар мал 70, 80 саяд хүрч өсөх юм. Бэлчээрийн даац хэтэрсэн. Малчид маань ариун цагаан хөдөлмөрөөрөө халуунд халж, хүйтэнд хөрч, шуурга сөрөөд малаа өсгөчихлөө. Тиймээс төр засгаас малын мах, малаас гарах бүтээгдэхүүнийг экспортыг дэмжих хэрэгтэй. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс ирж байгаа мах, малын түүхий эдийг гадныханд мэдүүлчихсэн. “Эмээлт” дээр очиход хятадууд байдаг. Ерөнхийдөө махны зах зээлийг хятадууд барьчихсан байна. Монголын стратегийн гол салбар бол хүнс, тэр тусмаа махны асуудал. Ийм амин чухал зүйлээ гадныханд мэдүүлдэг нь маш буруу. Үүнийг монголын төр өөрийнхөө хяналтад байлгаж, хатуу чанга стандартыг хангуулах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд яагаад хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна вэ гэхээр хүнстэйгээ холбоотой. Агаар хөрсний бохирдол гээд бүх зүйл хамаатай. Монголчуудыг янз бүрийн мах идүүлж байна. Нүүрсээр бол туршилт хийж байна шүү дээ. Нүүрсийг Налайх, Яармагт туршиж үзнэ гэж байна. Яагаад гэхээр том алдахаас сэргийлж байгаа гэнэ. Туршилтыг чинь лабораторид хийдэг биз дээ. Гэтэл яагаад хүн дээр хийнэ гээд зогсож байгаа юм. Ямар сонин стандарт байгаад монгол түмэн туршилтад ороод байгаа юм. Урантай мах идсэн хүн бол хорт хавдартай л болно.
-Амьжиргаанаасаа салаад зогсохгүй. Өр зээлтэй үлдсэн малчдаа яах вэ гэдэг асуудал үүсэх нь тодорхой болчихлоо?
-Ямар нэгэн байдлаар төрөөс кампанит ажил өрнүүлэхээс өөр аргагүй. Монгол Улсын иргэн амьд явах эрхийг Үндсэн хуулиараа хамгаалж өгсөн. Нөгөө талаар мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн утга бүхий заалт ч бий. Нийгэм маш олон хэсэгт хуваагдсан. Хөдөөд аймаг сумаараа хуваагдана, хотод болохоор айл хорооллоороо хуваагдана. Цөөхөн монголчуудыг жалга довоор нь хуваамааргүй байгаа юм. Бид нэг л Монгол Улс, нэг л удам угсаанд төрсөн хүмүүс. Бид нэгэн санаатай нэгдмэл байх хэрэгтэй. Болохгүй зүйлээ хамтынхаа хүчээр хийдэг. Болохгүй зүйлээ шахаж, зөв юмаа хөхүүлэн дэмжиж, сайн сайхны төлөө, үр хойчийнхоо төлөө амьдрах ёстой. Гэтэл сүүлийн үед хар, цагаан, улаан, цэнхэр гээд хуваагдаж, бүлэг фракц болчихсон. Дээрээ хуваагдчихаар дунд нь амьдарч байгаа малчид, жирийн иргэд учраа олохгүй туйлдаж байна. Өнөөдөр хөдөө амьдарч байгаа малчин түмэн зуданд малаа алдчихлаа гэхэд цөөн нь үлдэнэ биз дээ. Арга ядахад баян хангайн хишиг зээр гөрөөс агнаж хүүхдүүдээ хооллочихно. Төв суурин газарт байгаа хүмүүс яах вэ, ямар цемент мэрэлтэй биш. Ард түмэн бол амьдрах гэж шүдээ зуугаад зүтгэж байна. Гэтэл нэг хэсэг нь өвөл хүйтэрч утаатай болохоор гадаадад очиж, далайн эрэг дээрээ амьдрахаар явдаг. Ядуу хүмүүс нь бүр ядуурсан, нэг хэсэг нь бүр амьдарлаас тасарч баяжсан нийгэмд 30 гаруй жил амьдарлаа. Монгол хүний заяа түшээд Монгол Улс сайн сайхан болох байх гэж боддог.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
93.229.93.25
Deer doorgui zun namriin nair uraldaanaa bagasgaad uvulduu beld gej hurmast tushaaj bgan bn
Хариулах