“Баригдашгүй өшөө авагч”

Zuv.mn
2024/04/29

2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.  

Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.

Өөрсдөө дарлуулж ягтаагүй ч тийм байдалд орсон хүмүүсийн өмнөөс эрхтэн, дархтнуудтай тэрсэлдэж, өшөөг нь авч өгдөг  “Баригдашгүй өшөө авагчид” хэмээх киног ахмад үеийнхэн андахгүй байх. Тэгвэл одоогийн УИХ-д энэ киноны гол баатрууд шиг бусдын өмнөөс зарга заальхай хийж, “эвэртэн тууртнууд”-тай тэрсэлдэж явдаг нэг хүн бий. Тэр бол 2020 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон Ш.Адьшаа.

Ш.Адьшааг нэг хэсэг “Оюутолгой”-н усны асуудлаар дуугарч байгаа бараг ганц гишүүн” гэж ярьдаг байлаа.

Тавантолгойгоос ч томрох магадлалтай гэгддэг Хөшөөтийн зөөлөн коксжих нүүрсний ордыг ашиглаж байгаа боловч орон нутгийг улайм цайм луйвардаж, Монголын төрийг дорд үзсэн “МоЭнКо” ХХК-ийг эвгүйтүүлж байгаа ганц хүн нь мөн л Ш.Адьшаа.    

Саяхнаас шүүхийн хараат бус байдалд УИХ халдах эрсдэлтэй байгаа гэж дуугарч эхэлсэн.  Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг сонгон шалгаруулж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсонд харамсаж буй гишүүн. 

Түүнчлэн, цахим мөрийтэй тоглоомын ард банк санхүү, хууль хүчний байгууллага байгаа гэж хардаж байгаагаа зарлан олон нийтэд хандсан.

Баригдашгүй өшөө авагчдын санаа нь өөртөө зөв ч дайснууд нь “Дээрэмчид, гэмт хэрэгтнүүд” гэж үзэж, “Баривал хатуу гэсгээнэ” гэж занадаг. Гэхдээ баригдашгүй өшөө авагчид мэдээж, баригддаггүй билээ. Тэгвэл Ш.Адьшаагийн хатуу үгэнд өртөгсөд ч дайснаа “Төрөөс төрсөн тэрбумтан” гэхчлэн нэрлэдэг. Энэ нь угтаа хулгайч гэсэн үг ч гэлээ, одоогоор нотолгоо баталгаа гаргаж ирээгүй л байна.  

УИХ-ын гишүүдийг хоёр ангилж болно. Нэг нь, аж ахуй эрхэлж үзээгүй, нэр дээр нь нэг ч компани байдаггүй. Тэд бол төрөөс төрсөн тэрбумтнууд мөнөөсөө мөн. Харин нөгөө нь ААН-үүдийг олноор нь байгуулж, хуулийн дор ажиллан, орлого ашгаа ч олдог, улс орноо ч хөгжүүлдэг. Ш.Адьшаа энэ хоёр ангиллын ын сүүлийнхэд нь орно.

Түүний олон компанийн нэрэнд “Ховд” гэдэг үг орсон байдаг. “Ховд бирж”, “Ховд агро импекс”, “Ховд ойл” гээд л явж өгнө. Дандаа ч мөнгөний төлөө компани байгуулаад байдаггүй. Ховд аймгийн хөгжлийг дэмжих сан, Мөнххайрхан хөгжлийг дэмжих сан, Монголын баруун бүсийн арьс шир, ноос ноолуурын ассоциаци гэх мэт, олсон мөнгийг эргүүлээд  материаллаг бус баялаг болгодог бүтэц бий болгож ирсэн. Аймгийнхаа жүдо бөхийн холбоог үүсгэн байгуулж, жүдо бөх хөгжүүлэх санаа ч өвөрлөж явжээ.

Тэрбээр УИХ-д анх удаа сууж байгаа л болохоос улстөрч гэгдэх гэж тэвдсэн, УИХ-ын гишүүн болох  гэж тэмцсэнийг нь тооцвол бас ч үгүй арвин намтартай нэгэн. 

УИХ-д орж ирсэнийхээ дараа “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө авч, олон нийтийн анхаарлыг татаж байв. А.Отгонбаатар нь 2016 оноос хойш иргэдийн улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, сонгогчийн боловсролыг ахиулах чиглэлээр тасралтгүй ажилласан гэдгийг тэрбээр анзаарч харсан гэдгээ илэрхийлсэн байдаг.   

Ш.Адьшаа “Нүүрсний жагсаал”-аас ч өмнө, 2022 оны зургадугаар сард УИХ-ын 26 гишүүний гарын үсгийг цуглуулж, Нүүрсний хулгайг Хянан шалгах түр хороог анхлан байгуулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр сөрөг хүчин гэдэг утгаар Т.Доржханд, С.Ганбаатар тэргүүтэй гишүүдэд уг хороонд орж ажиллах саналыг явуулсан, “Нүүрсний хулгайтай хийх тэмцлийн жинхэнэ автор, Хянан шалгах ажлын цар хүрээг тогтоосон хүн юм. Хэрвээ түүнийхээр шалгасан бол Монгол Улсаас нүүрс гарч  байгаа бүх боомтуудыг шалгаж, олон хулгай их болох байв.

Гэвч УИХ нүүрсний асуудлаар сонсгол явуулах хугацааг Хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батлагдсанаас зургаан сарын дотор хийх хугацаа зааж, улмаар хуулийн байгууллага “Шалгагдаж байгаа мэдээллийг ил гаргаж болохгүй” гэж шалтагласаар хойшлуулсаар түр хороог нь татан буулгасан юм. Харин шинээр байгуулагдсан Түр хороо шалгалтын ажиллагааг ганц Гашуун сухайтын боомтоор хязгаарласнаар монголчуудын мэдэх эрхэд илт халдсан. УИХ-ын гишүүдийн хэн нь сонгогчдынхоо хүсэл сонирхлыг илэрхийлж, нүүрсний хулгайтай жинхэнээсээ хичээсэн бэ, хэн нь тийм байж чадаагүй вэ гэдгийг энэ явдал харуулсан.      

Эрчим хүчний аюулгүй байдал алдагдаж байгаатай холбогдуулаад зөвхөн нэг жишээ дурдахад, Хөшөөтийн коксжих нүүрсний ордыг Ховд аймгаас шилжүүлж авсан Хятадын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК гэхэд л 35 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж, бүс нутгаа эрчим хүчээр хангах ёстой байсан. Тавантолгой шиг, нөөц нь цаашдаа үлэмж ихээр нэмэгдэх нь тодорхой бүлэг орд дээр суусан энэ компани өнгөрсөн хоёрдугаар сард, Ховд хотод Ш.Адьшаа гишүүний зохион байгуулсан сонсголд оролцохдоо 2010 онд Ховд аймагтай байгуулсан анхны гэрээг бүрмөсөн үгүйсгэж, “Аймагтай 2014 онд анх гэрээ хийсээн, бид” хэмээн Монголын төрийг доромжлоод байж байна лээ.

Хэрвээ Ш.Адьшаа даргатай Түр хороог ажлыг нь хийлгэчихсэн бол энэ мэтчилэн, зальт этгээдүүд манай дарга нарын чихэн дээр “цэцэг ургуулж” байгаад хувьчлаад авчихсан, зарчим, ёсзүйн хувьд одоо шалгаж байгаа хоёр Тавантолгойгоос ч дор орчихсон /Сүхбаатар аймгийн өмчит “Андын илч” уурхай олон жил аймагт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөлгүй явж ирсэн нь илчлэгдэж байв/ олон уурхай хамрагдаж, нэгэнт үйлдэгдсэн /Жижиг Тавантолгой орон нутгийн, “ЭТТ” төрийн өмчид одоо ч байгаа бол шалгагдах байсан уурхайнууд нэгэнт хувьд шилжсэн/ маш том хулгай илрэх байв. 

Гэхдээ, хулгайг илчлэх ард түмний захиалга байсаар байгаа учраас энэ ажил хэзээ нэгэн цагт ажил хэрэг болох нь тодорхой юм.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.118
    2024/04/29

    hogiin hulgaich

    Хариулах
  • 202.170.66.3
    2024/04/29

    Mundag hun dee

    Хариулах
  • 202.9.46.94
    2024/04/29

    Адьшаа өөрөө бичжээ.

    Хариулах
    • 66.181.161.15
      2024/05/15

      Энэ өвөө тараа таниулсаан