ПРОГНОЗ: МАН-ынхан алалцаж, АН-ынхан Ц.Тувааныг түших V тойрог

С.Гандэлгэр
2024/05/01

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид эх орны төв хэсэг, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг багтаасан V тойргийн нэр дэвшигчдийг онцолж байна. Энэ тойрогт МАН-аас мандатын тооноос харьцангуй олон горилогч нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн бол Ардчилсан нам аль хэдийнэ зохион байгуулалтад орж, "Ц.Туваанаар ахлуулсан Ардчиллын аравт" гэдэг нэршил бүхий бүлэг болоод тойргоороо уулзалтууд хийж буй.

УИХ-ын ээлжит сонгуулийн V тойрог буюу Төвийн бүс 

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг багтаасан Төвийн бүсийн УИХ-ын сонгууль сонирхолтой болох төлөвтэй. Ардчилсан намынхан тойрог бүсчилсэнтэй холбоотойгоор "эв нэгдэл"-ийг урдаа барьж, эртнээс тойргуудаараа тойрж, уулзалт зохион байгуулж байгаа. Олон дахин ялагдсан учраас харьцангуй залуучуудаар цус сэлбэн ирэх сонгуульдаа бэлдэж байгаа харагдана. 

Харин нөгөө талд МАН тойрог, мандат булаацалдсан толхилцоон хөшигний ард хүчтэй байгаа бололтой. Учир нь УИХ-ын гишүүнээр ажилласан гишүүд болон дэвших сонирхолтой горилогчид, залуу үеийн улс төрчид 10 квоттой тойрог дээр 20 гаруй хүн дэвшихээр горилж байгаа гэнэ. 

АРДЧИЛСАН НАМ 

Дархан 

Дарханы гурван нэр дэвшигч ерөнхийдөө тодорхой болсон. Залуучуудын төлөөлөл Л.Одбаяр, "Монголчехметалл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр, эмэгтэйчүүдийн төлөөлөл Н.Одонгуа нар аймгийнхаа квотоор томсгосон тойрогт өрсөлдөнө.   

Л.Одбаяр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, Дархан-Уул аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар ах нарын сүүдрээс гарахыг хүлээх бус өөрийн хүслийн дагуу УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн. Аль нэг фракц гэхээсээ илүү үзэл бодлоороо улс төрд яваа гэж яригддаг. УИХ-д хүч сориод үзчихсэн, залуу улстөрч.

Түүнтэй хамт “Монголчехметалл ХХК”-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр нэр дэвших чигтэй байна. Өнгөрсөн онд маш том жонш баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Мөн тэрбээр Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагчаар ажилладаг аж. Мөн Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа нэр дэвшихээр "Ардчиллын аравт" багтайгаа тойргоо тойрч байгаа гэнэ. Түүний хувьд АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргаланг сонгогддог чуулганаар нэр дэвшиж байсан бөгөөд АЭХ-ны дэдерөнхийлөгчөөр томилогдсон юм. 

Төв аймаг 

УИХ-ын гишүүн Ц.Туваан тус тойргийг ахлах чигтэй байгаа. Тэрбээр эртнээс тойргуудаа тойрч, сонгуульдаа бэлдэж эхэлсэн. Түүнчлэн Төв аймагтаа маш нэр хүндтэй байгаа учраас түүний хувьд ирэх сонгуулиар урдуур бичигдэн УИХ-ын гишүүн болох магадлалтай. "Ардчиллын аравт" хэмээн нэршээд буй Төвийн бүсийн горилогчдын гол тулгуур нь болж байгаа гэнэ. Түүнээс гадна нэг үеэ бодоход Хуучин хотын фракц буюу М.Энхболдын фракц суларсан. Дээрээс нь Н.Энхболд нэр дэвшихгүй болсон зэрэг нь Төв аймгийн АН-д том боломж. 

Түүний араас хэд хэдэн горилогч байгаа бөгөөд хамгийн түрүүнд С.Эрдэнэболдыг нэрлэж байна. АЗХ-ны Ерөнхийлөгч асан, 2020 онд СБД-т УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон. Эртнээс төв аймгаа тойрон ажилласан учраас мандат авах өндөр боломжтой. 

Түүнчлэн, энэ тойрогт С.Эрдэнийн фракцын Д.Эрдэнэсувд, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Эдийн засагч Р.Шинэгэрэл нар нэр дэвшихээр горилж байна. 

Сэлэнгэ 

С.Баярцогтыг дэвшүүлэхгүй гэх яриа явж байгаа ч Сэлэнгэ аймагт МАН-ын сөрөх С.Баярцогтоос өөр хүнгүй гэж болно. Түүнтэй хамт өмнөх сонгууль нэр дэвшсэн Д.Үүрийнтуяа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын сойж байгаа П.Тогтохбаяр нар дэвшиж магадгүй байна. 

МоАХ-ынхан С.Баярцогтоос харшилтай, С.Баярцогт ч тэднээс харшилтай. Тийм учраас аль нэг нь мандатгүй үлдэх магадлал бий. Мэдээж С.Баярцогтод жагсаалт гэх боломж байгаа. ТҮүний хувьд бага багаар нам дахь хүчээ зузаатгасаар байгаа учраас Л.Гантөмөр жагсаалт өгөхгүй байсан ч хүчлээд зүтгэж магадгүй юм. 

МОНГОЛ АРДЫН НАМ

Дархан уул аймаг

Дархан-Уул аймгаас 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын гурван гишүүн ялалт байгуулан УИХ-д сонгогдсон. Гурвуулаа даагаа нэхэх магадлалтай. Гэсэн хэдий ч Б.Баттөмөр гишүүн жагсаалтад багтаж магадгүй гэх мэдээлэл сүүлийн үед сонсогдох болов. Жагсаалт биш юм аа гэхэд өөр нэг тохироо хийсэн байх магадлалтай. Харин 2021 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж байгаа Б.Жавхлан ирэх сонгуулиар нэр дэвших эрхээ "ногоон гэрэл"-ээр авна гэгдэж байна.  

2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням энэ удаад ч даагаа нэхнэ. Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн асуудалд Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай нэр холбогдсон ч уснаарс хуурай шахам гарсан. Уг нь мэдлэг боловсролтой, эдийн засгийн мэдлэгтэй боловсролын асуудалд ихээхэн анхаардаг гишүүн.  

Дархан-Уул аймгийн гурав дахь квотоор Н.Энхбаярын цэрэг Б.Тулга дэвших магадлал өндөр байна. Дарханд төрж, өссөн, ажилласан. Ер нь МАН, МАХН нэгдсэн анхны тохироо нь 70/30 энэ дагуу МАН-аас тойрогт дэвшүүлэх 78, жагсаалтын 48 квотын 30 хувийг авах ёстой. Нөгөө талаар МАХН-д тэр хэмжээний том кандитат байна уу гэвэл эргэлзээтэй. Харин хуучин МАХН-аас хамгийн түрүүнд дэвших нэгэн бол Б.Тулга юм. 

Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймгийн гурван квотод харьцангуй олон хүн горилжээ. Гурван квот дээр Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Б.Цогтгэрэл, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Л.Наранбаатар, Н.Оюундарь нар хүсэлтээ өгсөн байна. Бүгд л тодорхой хэмжээнд танигдсан нэрс. Тэднээс гурав нь л УИХ-д нэр дэвших мандатаа авна. 

Харин уншигч та бүхэндээ хамгийн магадлалтай гурван кандидатыг танилцуулъя

УИХ-ын гишүүн асан, сайд асан Ж.Энхбаяр. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Жадамбаа генералын хүү гэдгээр нь олон нийт танидаг. ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдож байсан ч тухайн зээлээ төлсөн гэдэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус тойрогт сойж байгаа кандидат. 

Ж.Эрдэнэбат хэцүү нэртээс УИХ-д сонгогдсон анхны гишүүн. Дөрвөн жилийн хугацаанд чимээгүйхэн байсан түүний хувьд энэ удаагийн сонгуульд ч даагаа нэхнэ. Аймгийн намын дарга гэдэг утгаараа түүний мандат ч тодорхой биз. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам уг нь гишүүнийхээ үүргийг сайн гүйцэтгэж, олон ажлын хэсэгт орж, хууль боловсруулах, хууль батлах процесст идэвхтэй оролцсон. Тойрогтоо ч сайн ажиллаж үе үе Сэлэнгэ аймагтаа очиж ажилладаг. Харин түүний холбогдсон гэр бүлийн асуудал олон нийтэд цацагдсан нь намын болон сонгогчдын шийдвэрт нөлөөлж болзошгүй.   

Төв 

Хамгийн түрүүнд төв аймгийн квотоор өнгөрсөн дөрвөн жилийг чимээгүйхэн өнгөрөөсөн, танигдаж чадаагүй гишүүдийн нэг Ж.Батжаргал нэрлэгдэж байна. Аймагтаа өндөр рейтингтэй яваа түүний хувьд элдэв хэрэг төвөгт орооцолдоогүй ч олонд танигдаж чадаагүй. М.Энхболдын фракцын төлөөлөл гэж яригддаг. Харин УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засаг дарга нарын фракцад ч харъяалагддаг нэгэн. Сүүлд тэднийхээ дэмжлэгээр Байнгын хорооны дарга болсон. 

Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ удаа УИХ-д нэр дэвшихгүй. БНХАУ-д суух элчин сайдаар томилогдох тохироо хийсэн бололтой. Зургаан удаа УИХ-ын гишүүнээр ажилласан Н.Энхболд ийнхүү нэр дэвшихгүй нь тодорхой болж, Ж.Батжаргалтай дөрөө харшуулах гэсэн олон залуучууд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна.  

Үүндэ Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Буяннэмэх, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжав нар нэр дэвшихээр горилж байгаа аж. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.2
    2024/05/15

    Батжаргал сэлэнгэ төв аймагт тариалан эрхлэгч мал аж ахуй ногоочид гээд үнэхээр том хүрээлэлтэй хүн хөдөө аж ахуйн сайд байх ёстой гэж хардаг

    Хариулах
  • 66.181.161.222
    2024/05/01

    Архичин, хүүхэн шаадаг Жагрий Наранбаатар л биш шүү

    Хариулах
  • 103.168.34.35
    2024/05/01

    Mungenmoritiin zamd 4 jild hurz shoroo hayauulj chadahgui " Aldarch uyaach" hur zereg tushigtei ve? Kvot baraadsan ni deeryu yuu?

    Хариулах