Эрх баригч Монгол Ардын нам /МАН/ ирэх даваа гаригт /2024.05.20/ бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Асар их өрсөлдөөн дунд тодрох нэр дэвшигчид бүх л шатанд лобби хийж буй энэ цаг үед МАН-аас горилогчдийг дахин сануулж, цувралаар хүргэж байна.
УИХ-ын наймдугаар тойрог Баянзүрх дүүрэг/Таван мандаттай/
БЗД-т МАН-аас долоон горилогч өнөөдрийн /2024.05.18/ байдлаар УИХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Тэднээс таван улс төрч л ирэх сонгуульд хүч сорих юм.
2020 оны УИХ-ын сонгуулиар БЗД-т 100 хувь МАН ялсан. Хоёр, гурваар хуваасан БЗД-ийн хоёр тойргоос МАН-ын таван гишүүн УИХ-д сонгогдсон. Б.Саранчимэг тойргоо орхин Говийн бүсэд горилж байгаа. Харин үлдсэн дөрвөн гишүүн нь УИХ-д нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн бол У.Хүрэлсүхийн зүтгүүлж буй хоёр хүн мөн БЗД-ийн засаг дарга нар горилж байгаа юм.
БЗД-ийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан
МАН-аа төлөөлж VIII тойрогт нэр дэвших хамгийн эхний хүн бол Дүүргийн намын дарга Э.Бат-Амгалан. Улаанбаатар хот, БЗД-ийн Сансарт төрж, өссөн. Оюутан байхаасаа бизнес хийж байгаад 2004 онд улс төрд орж, 2008 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Улмаар иргэдийн мэдэх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн шавыг тухайн үеийн төлөөлөгч Б.Саранчимэгтэй хамт тавьж байсан гэдэг. 2010-2012 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажиллаж байгаад 2015 оноос хойш ИНЕГ-т хэлтсийн дарга хийсэн. Дараа нь НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож дөрвөн жил ажиллаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. БЗД-ийн МАН-ын даргын хувьд ирэх сонгуулиар дүүргийн намаа удирдаж сонгуульд оролцоно. Нийтэд төдийлөн танигдаагүй ч БЗД-тээ танигдалд ихтэй. УИХ-ын гишүүн болсноосоо хойш дүүргийнхээ удирдлагуудтай хамгийн их харилцан холбоо хамааралтай ажилласан гишүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх бөгөөд энэ нь ч дүүрэгтээ танигдахад нь нөлөө үзүүлсэн биз.
Нийслэлээс зүтгүүлж байсан LRT төсөлтэй холбогдуулан Ч.Хүрэлбаатартай ширүүн маргаан өрнүүлж байсан нь түүний өнгөрсөн дөрвөн жилийн хамгийн тод улс төр байв.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх
Дөрвөн жил БЗД-ийг удирдсан Засаг дарга Н.Баярмөнх энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч сорих нь ээ. Түүний хувьд 2009 онд БЗД-ийнхээ 26-р хорооны ИНХ-ын дарга, дүүргийн засаг даргын орлогч, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн засаг дарга гэх мэт албан тушаалуудыг хашиж байжээ. Дүүргийн засаг даргаар ажиллах хугацаандаа олон нийтэд ч танигдсан. Э.Бат-Амгалантай дөрөө харшуулан дүүргийн намаа ч тогтвортой, дотоод хагаралгүй удирдаж байгаа.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа
ХНХ-ын сайд Х.Булгантуяа мөн л чамгүй танигдсан кадр. Уг нь МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд жагсаалтад багтах магадлалтай ч, намын дарга Л.Оюун-Эрдэнэ бараг бүх УИХ-ын гишүүдээ тойрогтоо ажилла гэсэн даалгавар өгөөд буй. Намдаа өндөр боловсролтой хэмээн магтуулж, 2016 онд Сангийн дэд сайд болтлоо "крандуулж" байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэлийг унагааж, өөрөө дарга болсон түүхтэй. Бүр ЗГ-аас гурван сайдын квот гаргахад Боомтын сайдаар томилогдож, "давхар дээл"-ийн асуудалд эцэслэн шийдвэрлэгдэхэд ХНХ-ын сайдаар сэлгэн томилогдож байв. Нэг талаас маш амжилттай яваа эмэгтэй улс төрч, нөгөө талд МАН Х.Булгантуяад өртэй мэт бүхий л албан тушаалуудыг ээлж дараалан өгч байгаа нь сонирхолтой.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
УИХ-ын гишүүн болсон цагаасаа мордохын хазгай болсон хүн бол Ж.Чинбүрэн. Эмч хүн УИХ-д сонгодлоо хэмээн олны талархал хайр хүндэтгэлийг ихээхэн хүлээж байсан ч ХСҮТ-ийн захирал байхдаа өвчтөнүүдээ хувийн эмнэлэг рүү явуулж, эмчлүүлдэг тэндээсээ хувь хүртдэг байсан гэх мэт түүний эсрэг мэдээллүүд ар араасаа хөвөрсөн. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд дахиж Ж.Чинбүрэнд УИХ-д дэвших мандат олдохгүй нөхцөл байдалтай байсан. Харин сүүлийн үед эрчимтэй ажиллаж байгаа болон Эмийн сонсголыг ахалсан учраас эргээд нэр нь яригдаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр
Б.Энхбаярыг улс төрийн хүрээнд Сү.Батболдын хүн гэдэг. Учир нь Сү.Батболдыг МАН-ын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж байсантай холбоотой. Дараа нь Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаад 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар МАН-ын дотоод хагарал, Д.Сумъяабазарын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хотын даргаар томилогдож, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болсон юм.
Өнгөрсөн хугацаанд Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны нээлттэй сонсголуудыг ахалсан. Газрын сонсголыг ч ахлах чигтэй байгаа. Тойрогт томсгосон нь олон нийтэд чамгүй танигдсан учраас Б.Энхбаярт ашигтай тусч байгаа. Ерөнхийдөө шулуун, шударга, хулгайд холбогдоогүй гэж олон нийтэд харагдаж байгаа. Харин түүнд нэг том асуудал гарч ирсэн нь Нүүрсний сонсголын үеэр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай түнжин хагарсан явдал юм. Анх л түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилогдоход хувийн тоглолт хийхгүй шүү хэмээн удаа дараа сануулж байсан ч намынхаа томчуудын эсрэг явсан нь түүний мандатыг замхруулах ч магадлалтай болж буй.
БХБ-ын сайд асан, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул Б.Мөнхбаатар
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр БХБ-ын сайд асан, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул Б.Мөнхбаатар горилж байгаа гэнэ. 1998-2001 онд одоогийн СДМЗХ-ны ЕНБД-аар ажиллаж байсан. Мөн Б.Мөнхбаатар нь 2002 оноос хойш төрийн шат шатны байгууллагад ажиллаж ирсээр У.Хүрэлсүхийн ЗГ-т БХБ-ын сайдаар ажиллаж байгаад сүүлд консулаар томилогдсон юм. Түүний хашиж байсан албан тушаалуудыг товчхон дурдвал: Барилга, хот байгуулалтын сайд, дэд сайд, “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг алба хашиж байсан.
Б.Мөнхбаатар бол У.Хүрэлсүхийн ЗГ-аас Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т шилжихэд ЗГ-т үлдсэн сайд нарын нэг. У.Хүрэлсүхтэй ч, Л.Оюун-Эрдэнэтэй ч ойр нэгэн. Харин сүүлд давхар дээлийн асуудал шийдэгдэхэд сайдын суудлаа Ц.Даваасүрэнд алдсан. Улмаар Сан-Франциско руу консулаа томилогдож, “амаа таглуулсан” юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бараг л УИХ-ын тойрогт бүрт өөрийн 1-2 хүнийг дэвшүүлж байгаа. Түүний ЗГ-ын сайд гэдэг утгаараа Б.Мөнхбаатарыг У.Хүрэлсүх зүтгүүлж байх магадлалтай.
Ерөнхий сайдын хувьд аль болох залуучуудаа нэр дэвшүүлэх, үе солихыг зорьж байгаа. Ингээд харвал Б.Мөнхбаатарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биш У.Хүрэлсүх дэмжиж байгаа.
Гэхдээ тойрог томссон. Хамгийн олон хүн амтай тойрогт өнгөрсөн жилүүдэд ажиллаагүй учраас Б.Мөнхбаатарт боломж олдохгүй байж мэднэ. "Насаараа дарга хийсэн" гэгддэг тэрбээр улстөрчдийн тэтгэвэрт гаргах газар гэгддэг, "шагнал"-ын албан тушаалаа аваад явчихаад байхад эргүүлж татаж авчирч байна гэсэн үг.
2020 оны УИХ-ын сонгуулийг эргэн харвал З.Энхболд гэх мэт хуучин улс төрчдийг бус Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нарын залуучуудыг дэмжин УИХ-д төлөөллөө болгосон нь ч түүнийг дэмжихгүй байх магадлалтай гэдгийг илтгэж буй.
Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн экс хүргэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдавга
НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагвын хувьд төлөөлөгч гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн экс хүргэн гэдгээрээ танигдсан нэгэн. 1990 онд төрсөн. Хэнтий аймгаас гаралтай. Нийслэлийн 45-р сургуулийг 2008 онд төгсөөд МУИС-д элсэн орсон. Дараа нь Австралийн Нью-Кэслийн их сургуульд элсэн орж, 2017 онд төгссөн.
2009-2011 онд БГД-ийн НАМОХ-ны дарга, МАН-ын УЗ-ийн ажлын албаны намын байгуулалтын газрын улс төрийн ажилтан, МАН-ын ЕНБД-ын шадар туслах, зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, ЕНБД, МАН-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2020 оны орон нутгийн сонгуульд НИТХ-д нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон. Ерөнхийдөө Б.Сүхбаатар төлөөлөгчийг дагаж яваад НИТХ-д сонгогдсон гэхэд хилсдэхгүй. Улмаар Б.Пүрэвдагва МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Түүнд маш том улс төрийн дэмжлэг байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний дэмжлэгээр УИХ-д нэр дэвших мандатаа халаасалчихаж магадгүй гэх таамаг байгаа бөгөөд сулрах мандат нь ч тодорхой гэдэг яриа улс төрийн хүрээнд бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.75
ANUSDI80955877
Хариулах