АН амбийцтай гишүүдээсээ болж сонгуулийн өмнө нэр хүндээ сэвтээсэн хүнд байдалд орчихоод байгааг бид харж байгаа билээ.
Намаа эвлүүлсэн гавьяагаа хүртэж, жагсаалтын эхний 10-т эрбэлэгдэх горьдлоготой байсан нь бүтэлгүйтсэн З.Нарантуяа гишүүн тойрог руу шидэгдсэндээ гоморхон намаасаа гарахаа илэрхийлсэн, тодорхой тойрог товлочихсон байсан нь бүтэлгүйтсэн Ц.Уянга, Г.Уянга нар мөн намаасаа гарахын ялдамд нам нь мөнгө төгрөг авсныг илчилсэн, жагсаалтын хойгуур бичигдсэн М.Чимэддорж, Д.Амартүвшин нар нэр дэвших эрхээсээ татгалзахын хамт Д.Амартүвшин нь намынхаа даргын нэр хүндэд халдсан.
Атал дараа нь Ц.Жадамбаа, М.Чимэддорж нар нэр дэвших хүсэлтээ сэргэсэн гэх мэт үйл явдлууд өрнөж, намын нэр хнүд тасралтгүй уруудсан өдрүүд өнгөрч байна.
Энэ бүхнээс харахад, Ардчилсан намын эвлэрэл хэврэг бөгөөд нам дотор шударга ёс байхгүй, гишүүд нь “Бид” биш “Би”-гээр өвчилсөн гээд улс төрийн хүчинд байж болох бүх л сул талуудыг сонгогчдод дэлгэж байна.
Угтаа бол намын жагсаалт гэдэг бол тухайн намын нүүр царай, нэр хүндээ өсгөх хэрэгсэл юм.
Жагсаалтад бичигдэх 48 хүн намынхаа нүүр царай бөгөөд сонгуульд амжилт гаргах баталгаа. Энд гишүүн болох амбийцтай хүмүүс байж болох ч тэр нь эхний асуудал биш. Жагсаалтын эхний 20-иос хойшоо бичигдсэн нэр дэвшигчид мэдээж, УИХ-д орох магадлал бага, гэхдээ л тэд намынхаа амжилтад тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Харизматай хүмүүс учир дэмжигчид нь хойгуур бичигдсэн хүнээ гишүүн болгохын тулд бүгд намынх нь нэрийг дугуйлж, эцэст нь энэ нь намд ашигтай тусдаг. Энэ боломжийг нам ч олж харах бөгөөд маш нэр хүндтэй хүнийг жагсаалтын хойхнуур бичиж, илүү олон санал авахыг эрмэлздэг тактик ч бий. Гэлээ гээд тэднийг мартана гэсэн үг биш. Жагсаалтад бичигдсэн 48 хүн бүгд сонгуулиар ажиллана, тухайн нөлөөтэй бүсдээ тойрогт нэр дэвшигчиддээ дэм болоод хамт явдаг.
Д.Амартүвшин жишээ нь, нийслэлд ажиллаад, байгуулах гээд чадаагүй Либертари намынхаа дэмжигчдийг талдаа татах ёстой байсан гэсэн үг. Ингээд сонгуулийн дараа засгийн эрх авбал зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, аль нэгэн байгууллагад томилогдох, эс бол намын аппаратад орж, төрд ажиллах үүд хаалга нь маш аятайхнаар нээгдэх ийм л үйл явц.
МАН-ын жагсаалтад бичигдсэн 48 хүн, түүний дотор жагсаалтын хойгуур бичигдсэн залуус ч энэ зарчмаар явдаг.
АН-д одоо өрнөж байгаа үйл явцаас харвал энэ учрыг мэддэг нь олон байвч, мэдэхгүй цөөн хэд нь сэтгэлийн хөөрлөөр хандаж байна уу гэсэн байдал ажиглагдаж байна. Үүнд өөрийн амбийц, хийсэн бүхнийхээ хариуг нэхсэн нэхэл нөлөөлж байгаа ч хамгийн гол нь намын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдсэн сул кандидатууд гэж анзаарагдаж байна.
Мэдээж, АН-д гоё жагсаалт хийх боломж байсан уу гэвэл байсан, гэвч сул нөхдүүд хүч түрж орж ирсэн нь тэд цаанаа эзэнтэй бөгөөд тэдэнд намын амжилт биш /нэр хүндтэй, чадалтай кандидат бичих боломжийг хаасан гэдэг утгаараа/ харин кноп л хэрэгтэй байгаа гэсэн сэтгэгдлийг яах аргагүй төрүүлж байгаа юм.
Эцэст нь, Ардчилсан нам дотор ажилласан, ажиллаагүй, зүтгэсэн зүтгээгүй гомдогсдод хандаж хэлэхэд, та бүхэн эрх мэдэлд хүрэх нь чухал биш, Монгол Улс 34 жил замначихсан ардчилал, эрх чөлөөгөө аль болох ахиу, удаан хадгалж үлдэх боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг ойлгодог, тэр хариуцлага Ардчилсан нам байгаа гэдгийг ойлгож ухамсарладаг жирийн иргэд зөндөө байдаг юм шүү. Гавьяа байгуулахгүй бол гай бүү болоорой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.200
Ёстой хэрэг алга. Сонгуулийн босгон дээр намаа өөрсдөө л баллаж бна. Энэ сонгуулиар дэмжие гэж хичнээн бодож байв. Гэтэл.....
Хариулах