-Беларусийн улс төр судлаачид Монголыг Зимбабветай зүйрлэж, Ерөнхийлөгчийн бие бялдрын хүмүүжлийг магтав-
Беларусийн улс төр судлаач, шинжээчид Ерөнхийлөгч А.Лукашенкогийн Монголд хийсэн айлчлалын талаар хийсэн дүгнэлтүүд өчигдрөөс тус улсын хэвлэлүүдэд гарчээ. Тэдгээр дүгнэлтүүдээс уншигчдадаа хүргэж байна.
Улс төрийн аялал жуулчлал боллоо
Улс төр судлаач Александр Фридман Ерөнхийлөгчийнхөө Монголд хийсэн айлчлалыг ингэж дүгнэжээ. Тэрбээр “А.Лукашенког Чингис хааны музей үзэж, бэсрэг наадам наадамд нум сумаар харвасан. Бодит ажил үйл гэхээсээ илүү суртал ухуулга давамгайлсан айлчлал боллоо. Сергей Алейник болон түүний баг энэ айлчлалыг зохион байгуулахад хөдөлмөр гаргасан нь тодорхой. Гэсэн ч Зимбабве, Экваторын Гвинейд айлчилсан мэт даруухан үйл явдал болсныг нууж чадсангүй. Суртал ухуулгын хүрээнд, Монгол Улстай хамтарч ажиллах ямар боломжууд байгааг тайлбарлаж байгаа ч эцсийн дүндээ томоохон төсөл хэрэгжихгүй байх гэж бодож байна” гэжээ.
Суртал ухуулга хийх зорилготой айлчлал
“Позирк” мэдээллийн улс төрийн шинжээч Александр Класковский А.Фридмантай ижил буюу Суртал ухуулга хийх зорилготой айлчлал болсон гэж дүгнэжээ.
“Ерөнхийлөгч өөрөө Монголын сөрөг хүчинтэй сөргөлдөж, Монголтой хийх худалдааны эргэлт 30-хан сая ам.доллар гэж хэлснээрээ айлчлалыг ингэж дүгнэхэд хүргэж байна. Гэхдээ түүний хэлсэн нь ерөнхийдөө үнэн байлаа. Тэрбээр айлчлалдаа бизнесмэнүүдийг дагуулж явсан ч объектив шалтгаануудын улмаас хоёр талын худалдаанд үсрэлт гарахгүй гэж бодож байна. Учир нь Монголын зах зээл тийм ч том биш, ердөө 3.4 сая хүнтэй” гэж тэрбээр бичсэн байна.
“Монголын сөрөг хүчин зочноо нэлээд “чимхлээ”
Александр Фридманы хэлснээр бол, А.Лукашенко энэ аялалаараа Монголд ч Беларусьт ч өөрийн имижийг сайжруулж чадаагүй. Жирийн иргэд бус, суртал ухуулгаар мэргэшсэн салбарынхан хүртэл үүнийг анзаарч, хэлснийг тэрбээр тэмдэглэжээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэүхтэй авахуулсан зургийг жишээлж, “Хоёр Ерөнхийлөгчийн хооронд насны зөрүү бий. А.Лукашенко 1954 онд, У.Хүрэлсүх 1968 онд төрсөн. Гэсэн ч тэрбээр бие бялдрын хувьд дутагдалтай байгаа нь үнэхээр жавхаалаг харагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хажууд тод мэдэгдэж байлаа” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна