Монголын коксжих нүүрсний зах зээлд шинэ худалдан авагч нэмэгдлээ

Х.Батсайхан
2024/07/05

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний байруудад бичигддэг Энэтхэг улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд ган импортлогч болж хувирсан билээ. Тэр дундаа салбарын ч, бүс нутгийн ч гол өрсөлдөгч БНХАУ-аас их хэмжээний ган худалдаж авах болсон байна. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сараас хойш БНХАУ-аас импортолсон гангийн хэмжээ дээд амжилт тогтоожээ.

Тиймээс Энэтхэгийн Засгийн газраас ган хайлуулах гол түүхий эд болох коксжих нүүрсийг импортлох зорилгоор “Төрийн өмчийн компаниудын консорциум” байгуулсан бөгөөд энэхүү консорциум нь зах зээлээс коксжих нүүрс олж ирж, дотоодын гангийн үйлдвэрүүдийг коксын дутагдлаас гаргах зорилготой юм. 

Салбарын яамнаас гаргасан мэдэгдэлд коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас коксжих нүүрс авах хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд буюу 3-6 сардаа багтаагаад эхний гурван тонн нүүрсийг тээвэрлэж туршихаар болсон байна.

Монгол-Энэтхэгийн хэлэлцээрийн хүрээнд коксжих нүүрсийг Энэтхэг рүү аль болох альтернатив арга зам ашиглан зөөвөрлөх, өртгийг бууруулах асуудал яригдаж байгаа бөгөөд өртгийг бууруулахын тулд Монголд коксын үйлдвэр барьж, цэвэр коксыг Энэтхэг рүү зөөх зэрэг хувилбарууд ч хөндөгдсөнийг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тээвэрлэлтийг Транссибирийн төмөр зам ашиглаж явуулахаар төлөвлөж буй бөгөөд БНХАУ-ын нутгаар тээвэрлэхээс аль болох зайлсхийнэ гэж эх сурвалж өгүүлсэн байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.43
    2024/07/07

    Дэлхий нийтээрээ хортой нүүрс газрын тос шатахуун байгалийхийнээс салмаар байга.

    Хариулах
  • 103.168.34.89
    2024/07/05

    za buruu bodoj aldaa gargahgui bvl zugeer shuu ! 2 hursh bidniig tiim amar taatai zuvshuuruhgui l bhdaa , 1 n bidnee import hiideg , nuguu n bidentei ursulduj eksport hiideg 2 uls yahiig hariedaa ! hund buruu am garch sairhad budaa bish , shoroo umhchihviidee gej sanaa zovloo .

    Хариулах