С.Ихбилгүүн: Тууштай зан хүнийг бүх зүйлд хүргэдэг

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 54 минутын өмнө

Хумс будна гэдэг зүгээр л “эмэгтэй хүний ажил” биш. Нарийн мэдрэмж, тэвчээр, бүтээлч сэтгэлгээ, гарын ур дүй шаарддаг урлаг.Эрэгтэй nail artist гэдэг нь ердөө л мэргэжлийн сонголт биш  өөрийн сонирхол, авьяас, мэдрэмжээ хэвшмэл ойлголтоос үл хамааран илэрхийлж байгаа нэг хэлбэр.

Бид эрэгтэй nail artist С.Ихбилгүүнтэй ярилцлаа.

-Та өөрийгөө болон ажил мэргэжлийнхээ талаар танилцуулаач?

-Намайг С.Ихбилгүүн гэдэг. Сүүлийн гурван жил тасралтгүй маникюраар ажиллаж байна. Хумсны арт төрлийг Монгол хөгжүүлэх гээд явж байгаа. Энэ нь илүү хэцүү, хүнд байдаг. 

-Анх яагаад хумс будаж суръя гэж бодсон бэ?

-Хумс янзалж суръя гэх бодол анх хүнд ажил хийж байхад бодогдсон. Хөнгөн ажил хийе гэж бодсон. Харин арт бол хүний хүрээгүй, илүү хүнд, нэг их хүн хийдэггүй харагдсан болохоор энэ салбар луу орчихвол дажгүй юм болов уу гэж бодсон. Бөгтийтлөө суугаад хумс хийх ч бас чанга шүү. Яг энэ ширээний ард суугаад өглөөнөөс орой хүртэл, заримдаа бүр 24 цаг тасралтгүй хийнэ.

Юм хийж байгаа хүн улайрчихдаг, нойр ч хүрэхгүй. Цагаа ч хардаггүй. Хийж дуусгаад л харахаар өглөө болчихсон байдаг.  Арт хийх ёстой бол хүнээ март, хүн авмаар байгаа бол артаа мартах хэрэгтэй. Эргээд харахад гоё л доо. Маш их ур чадвар нэмчихсэн байдаг.  

-Эрэгтэй хүн хумс янзалж байгааг хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Гомо юм уу гээд л байдаг. Солиорч өгнө шүү дээ. Эрэгтэй хүн хумс будаад байхдаа яадаг юм. Эр хүнийхээ ажлыг хийгээч гэдэг. Хааяа үнэн юм шиг санагддаг. Нээрээ би юу ч хийгээд хумс будаад байгаа юм бол. Эр хүнийхээ ажлыг хийгээд явж байсан бол илүү мөнгө олох байсан юм болов уу гэж бодож байсан. Гол шалтгаан нь нурууны өвчин байсан л даа. Нуруугаа хүнд гэмтээчихсэн байсан болохоор хүнд юм хийх хэцүү байдаг. 

-Хамгийн анх өөр дээр чинь хумсаа хийлгэж байсан хүмүүсээс дурсвал?

-Анх бол болоод байгаа юм шиг л байдаг байсан. Гурван жилийн өмнөх өөрийгөө одоогийнхтойгоо харьцуулбал бас л хэцүү шүү дээ. Тэр хүмүүсийнхээ гарыг өвтгөөд л, цус гаргаад л аймар юм болгож байгаа шүү дээ. Тэгж байхад л зүгээрээ, гоё байна найзаа баярлалаа гээд л нөгөө цустай гарныхаа зургийг нь аваад л стори оруулдаг байсан. Би ч их хөөрч баярлана. Хүн хийлгэх гэж байгаа хумсаа харуулахад гар дээр нь хийхээсээ өмнө эхлээд толгой дотроо зурагладаг. Тэгж байж гарт нь хүрнэ.

-Ирээдүйдээ энэ чиглэлээр дагнана гэж боддог уу?

-Би маш чадварлаг салон нээнэ гэж боддог. Үзэмж биш зүгээр л чадвар. Орчин хүсэж очиж байвал чадвар битгий хар л даа. Чадвар хүсэж очиж байгаа бол орчин битгий хар.

-Эрэгтэй хүн хумсаа будахыг юу гэж боддог вэ?

Нэг ийм өнцөг байгаа харагддаг. Эрэгтэй хүн яагаад гоо сайхандаа анхаарч болдоггүй юм бэ. Болохгүй биш болно. Би л хувьдаа дэмждэггүй. Яах юм бэ, эрэгтэй хүн юм чинь эрэгтэйлэг байя л даа. Шаардлагатай, ажлын журмаар хийлгэж байгаа хүмүүс л хийлгэе. Бусад нь хумсаа яаж янзалж болох вэ гэвэл энгийн сайхан махаа аваад, цэвэрлүүлчихдэг толио нь яг толио хэвээрээ байхад л болно. Ариун цэврийн үүднээс би хувьдаа ингэж л боддог. Тэрнээс будаж яах вэ, эр хүн эрээрээ л байя.

-Хамгийн анх хумс янзалж сурч байх үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Долоо хоногийн цалин 40 мянган төгрөг гэж байсан. Уйлмаар л санагддаг юм байна лээ. Юу вэ автобус, унаа, хоол ч авч идэхгүй юм биш үү гэж л бодож байсан. Салон гэж бас их сонин ойлголт байгаад байгаа юм л даа. Бичлэг хийгээд, ур чадвараа харуулж байж хүнээ татна шүү дээ. Намайг дөнгөж ажиллаж эхэлж байх үед тийм зүйл байгаагүй. Ганаас хүн орж ирэхийг хүлээгээд суудаг байсан.

Хаяг наачихаад л хүлээдэг байсан. Хүлээгээд суугаал байх нь шантармаар байсан. Хүн орж ирэх юм болов уу гэж бодоод л. Нэг хоног орж ирэхгүй, за яахав тэсээд гарна. Долоо хоног орж ирэхгүй бол бараг л хана руу хараад уйлна шүү дээ. Яагаад хүн орж ирэхгүй байгаа юм гээд л. Тэгж бодоод гармаар үеүд байсан ч гэсэн тэмцээнд сайн оролцоод, зураглал хийдэг болчихсон байсан. Тэрэндээ нэг хэсэг донтчихсон байсан.

Холливүүдийн киноны дүрүүдийг маш их зурдаг байсан. Багш маань чам шиг ингэж зурдаг хүн Монголд байхгүй ээ гэж байсан. Тэрнээс маш их урамшсан.  Хүний анхаарал татчихаар юмгүй хүн чинь нэг ёсны зэвсэгтэй л болоод байгаа юм л даа.

-Хумсаа янзлуулсан хүмүүсийн сэтгэгдэл нь яаж илэрдэг вэ?

-Би өөрөө тийм их сэтгэл хөдлөл өндөртэй хүн биш л дээ. Хүмүүс зарим нь аймар орилдог. Үсрээд л орилоод, сонин дуу авиа гаргаад л. Би өөрөө тийм төрлийн хүн биш дотроо л баярлаад, догдолдог төрлийн хүн. Бичлэгний цаана хүмүүс үнэхээр их баярладаг. Орилно, дэвхэцнэ, үсэрнэ, ширээгээ цохино, балбана, хойшоогоо савна, зүрх нь савлаад ухаан алдаж унангаа алдана гээд л зөндөө юм болдог.

-Өөрийнхөө хувьд хамгийн чухал баримталж явдаг зарчим тань юу вэ?

-Хамгийн чухал нь гэвэл хөдөлмөр л гэж боддог. Хөдөлмөрлө, суралц, туршлага хуримтлуул. Их дээд сургуульд сур, залуу байгаа дээрээ л хөдөлмөрлө. Тэрнээс хойшоо жаргаж болно шүү дээ. Би өөрөө залуудаа жаргаад, дарвиад явчихсан хүн. Ид ажил хийж сурах ёстой үе дээрээ сураагүй. Тэр үедээ сурч чадаагүй болохоор одоо жаахан лайгаа хурааж байна шүү дээ.

Юмтай болчихсон байх насан дээрээ ажиллаад л байгаа. Иймэрхүү алдаа гардаг. Гэхдээ цагийн юм бол цагтаа байх хэрэгтэй. Энэ үзэл баримтлалаасаа хэзээ ч ухардаггүй. Цагийг ягштал баримталдаг.

-Сүүлд нь ерөнхий хийж байгаа зүйлээ дүгнээд, нэг салбарт байгаа хүмүүстээ хандаж үг хэлбэл?

-Бүх юм мөнгө биш шүү. Мөнгө харж эхэлж байгаа зүйл маш хурдан сөнөдөг. Зөөгч хийж байсан ч гэсэн ахлах зөөгч гэж байдаг шүү дээ. Тэр хүн яагаад ахлах болсон юм гэвэл ур чадвартай, ажлаа бүрэн мэддэг, туршлагатай хүн байгаа. Ер нь тууштай зан л хүнийг юманд хүргэдэг.

Ер нь амьдрал бол сургалт л юм байна лээ. Юм болгоныг л сурч байна. Ресторанд хоол идэхээс авхуулаад л. Мэдээж цайны газар хоол иддэг шигээ ресторанд хоолловол хэцүү. Өөрөөсөө л өөрчлөлт хийчих. Бусад хүмүүс хүн муулж байвал битгий дагаж муул, өөрийн толгойтой бай. Сурах хэрэгтэй. Үнэхээр сурмааргүй байгаа бол дуртай зүйлээ олтлоо ажил хий. Ажил хийж дуртай зүйлээ олсныхоо дараа тэрнийхээ төлөө тууштай бай. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна