Улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан ЗТЯ-ны албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлжээ

С.Гандэлгэр
2024/09/02

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 944 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 925 хэрэг шалгагдаж байна.

Увс аймгийн Завхан сумын удирдах албан тушаалтан “Я” нь бусдаас хахууль авсан гэх, Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт дахь Гаалийн газрын албан тушаалтан “Н” нь бусдаас хахууль авсан гэх, Увс аймгийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх, Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх, Зам тээврийн яамны удирдах албан тушаалтан “Ж” нь бусдад давуу байдал бий болгож, улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.