Паралимпын тамирчин ОУХМ Ц.Баттулга бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Бид Ц.Баттулгын ээж Б.Мядагсүрэнтэй холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Б.Мядагсүрэн: Сэтгэл маш өндөр байна. Уйлсан омогшсон бахархсан өдөр байлаа. Үнэхээр их баяртай байна. Миний хүү 1991 онд Булган аймагт төрсөн. Анхнаасаа л шүдний эмч болно гэж ярьдаг байсан. Аймагтаа ирээд 3-4 жил шүдний эмчээрээ ажиллаж байгаа. Миний хүү 2012 оноос эхлээд л спортоор хичээллэж эхэлсэн. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүх зүйлийг хийдэг мундаг хүү дээ.
Аав нь үндэсний бөх барилддаг аймгийн хурц арслан цолтой хүн байсан юм. Бурхан болоод олон жил болж байна.
Би олимпын өдөр зурагтынхаа өмнө байж сууж ядаад л цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, долоон бурхандаа өргөөд л сууж байлаа. Мөнгөн медаль авахад нь хүүгээрээ маш их бахархлаа. Маш их хичээл зүтгэл гаргасан. Олимпод явахад нь "Миний хүү сэтгэл зүй бие хаагаараа маш тогтуун тайван байгаарай. Амжилт гаргаад ирээрэй" гэж л хэлсэн дээ.
Миний хүүгийн гаргасан амжилт бол маш том зүйл. Хүү минь маш их хүч хөдөлмөрийн үр дүнд ийм амжилт гаргалаа. Эгч нь маш их баяртай байна. Одоо хүртэл хүгээрээ бахархаад ярихад л нүдэнд нулимс дүүрээд байна.
Миний хүү их тэвчээртэй. "Мөрөөдөл хязгааргүй шүү ээжээ хүү нь мөрөөдөлдөө заавал хүрнэ" гэж хэлээд л явсан. Бид хоёрт хэцүү зүйл олон байсан. Олон саад бэрхшээл туулаад гарсан. Бага байхын л тэвчээртэй, ухаантай хүүхэд байсан даа.
Хүүдээ хэлэхэд ээ нь хүүдээ маш их хайртай шүү. Том амжилт гаргасанд нь ээж нь маш их баяртай байна. Монголын ард түмэн хүүг минь дэмжиж сэтгэл гаргасанд их баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна