Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар хэлэлцжээ. Хуралдаанд "Нийт 14 төслөөс хамгийн түрүүнд Үндэсний хиймэл дагуулын төслийн талаар ҮАБЗ-д танилцуулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон" гэсэн мэдээлэл танилцуулагдсан байна.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал энэ талаар "Хиймэл дагуулын технологи руу орохоос өөр сонголт байхгүй. Одоогийнх шиг шилэн кабелиар дамжуулан бүх газар нутгаар сүлжээнд холбохоор болбол нийтдээ 29 их наяд төгрөг шаардлагатай. Харилцаа холбооны компаниуд хүн ам багатай газар нутгуудад сүлжээгээ оруулах нь ашиггүй учраас тендер зарлаад ч орж ирэхээ больсон. Өнгөрсөн жил 150 багийн төвийг шилэн кабелиар холбохоор тендер зарласан ч саналаа ирүүлээгүй. Тиймээс үндэсний хиймэд дагуулыг 36 мянган км-т хөөргөж чадвал улс орныхоо хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой болно.
"DDSH", "Mon Sat" мэт компаниуд гадаадын хиймэл дагуулд төлбөр төлж үйлчилгээ авч байгаа. Жилд 9.2 сая ам.доллар төлдөг. Энэ тоо цаашдаа улам өснө. Үндэсний хиймэл дагуултай болчихвол гадаад руу мөнгө төлөх шаардлагагүй болно" гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газар Үндэсний хиймэл дагуултай болох төсөл эхлүүлэх, гэрээ байгуулах ажилд зориулан 2024 оны төсвийн тодотголд 68.8 тэрбум төгрөг баталсан бөгөөд угсралт, үйлдвэрлэлд нь зориулж ирэх оны төсөвт 211.6 тэрбум төгрөг суулгаад байгаа юм. Төлөвлөгөө ёсоор бол 2026 онд 549 тэрбум төгрөг зарцуулснаар Монгол Улс хиймэл дагуултай болох бөгөөд 2027 онд сансарт хөөргөж, 2042 он хүртэл ашиглах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна