Хэнтий аймгийн Засаг даргад Д.Аюурбунийг дэвшүүлнэ

Zuv.mn
2024/10/24

Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /Х.24/ болж, Б.Цог-Оршихыг даргаараа сонгожээ. Мөн Д.Аюурбунийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. 

Тус аймгийн ИТХ нь 35 суудалтай бөгөөд 18 нь Ардчилсан нам, 17 нь МАН-ынх юм.  ИТХ-ын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралджээ.

ИТХ-ын дарга Б.Цогт-Оршихын хувьд Аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Жаргалтхаан сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон. Өмнө нь 2016-2020, 2020-2024 онд мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Аялал жуулчлалын менежер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрээр Жаргалтхаан сумын ЗДТГ нийгмийн бодлогын түшмэл, Тамгын газрын дарга, 2014-2020 онд тус сумын Засаг дарга, 2020 оноос сумын ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байжээ.

Тэрээр "Ард иргэдээ сонсдог, иргэдийн оролцоог дэмждэг, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг, нээлттэй төр байлгахын төлөө сэтгэл нийлэн ажиллана" гэдгээ илэрхийллээ.

Аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад мэдүүлэхээр болсон Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд намаа амжилттай удирдаж, ялалт байгуулсан юм байна. 

Тэрбээр 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд "Жи Мобайл" ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд "Магнай Трейд" ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл "Хаан ойл групп" ХХК-ын үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    2024/10/24

    Yaamai daa yamar ch tsag ued irks under baih "hural" burdjee neg honhort baij negdmel baihiig hicheegeesei

    Хариулах