Б.Найдалаа: Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхдээ үе шаттай, аль нэг иргэнд илүү дарамт учруулахгүй, шударга байх зарчим барих ёстой

Х.Батсайхан
2024/10/31

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн  Б.Найдалаагаас маргааш албан ёсоор зарлагдах гэж буй эрчим хүчний үнэ тарифын нэмэгдлийн талаар тодрууллаа. 

-Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан, дулааны үнэ тарифын нэмэгдлийг ирэх сарын 1-нд /маргааш/ албан ёсоор зарлах гэж байна. Энэ салбарыг хүнд байдлаас гаргах, реформ хийх суурь нөхцлийг бий болгохын тулд үнэ тарифыг нэмэхээс аргагүй гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хэт өндөр тоо яригдаж байгаад санаа зовж байна. Нэмэгдлийн хувь хэмжээний талаар танд мэдээлэл  байна уу?

-Эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо мэддэг. УИХ-ын гишүүдэд нэмэгдлийн хувь хэмжээний талаар мэдээлэл байхгүй. Надад бол Эрчим хүчний реформын үндэсний хорооны гишүүний хувиар л тодорхой мэдээлэл бий. Үнэ тарифыг үе шаттайгаар, аль нэг иргэнд илүү дарамт учруулахгүй, шударга байх зарчмаар нэмэхээр ярилцаж байна. Эцсийн шийдвэрийг эрчим хүчний зохицуулах хороо гаргана. Бидний, миний баримталж байгаа зарчим гэвэл, үнэ тарифыг хавтгайруулан нэмэхээсээ илүүтэй үе шаттайгаар, "Хэнд илүү ачаалал өгөх вэ" гэдгээ тооцож, хэрэглэгч бүрд тохирсон үнэ тарифыг нь тогтоох ёстой. Хавтгайруулж биш.

-Жишээлбэл?

-Жишээлбэл, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа айл эрчим хүчний төлбөрт жилд 2,000,000 орчим төгрөг зарцуулдаг. Гэтэл яг ижил хэмжээтэй орон сууцанд амьдарч байгаа айл 450,000 төгрөг зарцуулдаг. Гэр хорооллын иргэд бараг дөрөв дахин их мөнгө хэрэглээндээ зарцуулж байгаа биз. Ийм шударга биш тохиолдлууд байгаа. Үүнийг шударга болгох нь энэ удаагийн үнэ тариф нэмэгдлийн үндсэн зарчим байх ёстой гэсэн байр суурьтай байна. 

-Эрчим хүчний үнэ тариф нь бараа, үйлчилгээний өртгийг бүрдүүлдэг. Үнэ тарифыг огцом нэмэх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд мөн огцом нөлөөлж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол тодорхой хэмжээнд байгаа болохоор хувь хэмжээг сонирхоод байна л даа. Одоо яригдаад байгаа эрчим хүч дээр 60, дулаан дээр 85 гэж яригдаад байгаа хувь хэмжээг та зөвшөөрөх үү?

-Эрчим хүчний зохицуулах хороо тодорхой тооцоо, судалгаан дээр үндэслээд хувь хэмжээг тогтоох байх. Минйи хэлж байгаа санаа гэвэл, тодорхой хэмжээний хувь байж болно, тэрний цаана заримынх нь хамаагүй бага, заримынх нь нэмэгдэхгүй, заримынх нь арай илүү өндрөөр нэмэгддэг ч юм уу, наанатай, цаанатай байх ёстой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20 хувиар нэмлээ гэхэд бүгд хавтгайдаа 20 хувь биш байхгүй. Зарим хэрэглэгчийнх нэмэгдэхгүй ч байж болно. Хамгийн гол нь аажим, үе шаттай, тухайн хэрэглэгчийнх нь онцлогт тохируулсан бодлого л байх ёстой. 

-Олон нийтийн санаа бодол, олон нийтийн сүлжээнд илэрхийлж байгаа байр суурийг ажиглахад, замбараагаа хэрэглээгээ зохистой болгох замаар үнийн цохилтод өртөхгүй байх, бага өртөх тэр хувь хэмжээг л хүсэж байна?

-Яг үнэн. Үнэ тариф бол нэг талдаа хэрэглэсэн эрчим хүчний төлбөр мөн боловч дарамттай биш, урт хугацаандаа хэрэглэгч өөртөө тохирсон, эрчим хүчний зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэх ёстой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна