Эхлэхээсээ өмнө дуулиан тарьсан "СOP29"

Zuv.mn
2024/11/11

-“Уур амьсгалын өөрчлөлтийн чуулган” жүжиг гэдгийг илчлэв үү-

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт өнөөдөр Азербайжаны Баку хотноо эхэлж байна. Төлөвлөгөө ёсоор бол, Бакуд цугласан 160 гаруй улс орны төрийн тэргүүн, удирдагчид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, малмал түлшнээс татгалзах боломжийн талаар 11 хоног хуралдаж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих, хүлэмжийн хийг бууруулах талаар урьд өмнөх 28 бага хурал дээр өгсөн /Бакугийн чуулган 29 дэх нь/ амлалтынхаа хэрэгжилтийг тайлагнаж, шинэ, үүрэг амлалт авах учиртай.

Гэтэл чуулган эхлэхээс хэд хоногийн өмнө цацагдсан 40 гаруй секундын ганцхан бичлэг чуулганы зорилго, зорилтод эргэлзэх хэмжээний дуулианыг тарьж орхив.

Бичлэгт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтыг /албан ёсны нэр нь/ зохион байгуулах хорооны дарга Эльнур Султанов хэн нэгэн хөрөнгө оруулагчтай улсынхаа төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компаниуддаа хөрөнгө оруулалт татахаар хэн нэгэнтэй ярилцаж байх бөгөөд “Бидэнд эргэлтэд оруулах, олборлох шаардлагатай маш олон орд бий” хэмээн хэлж байх аж.


Бичлэг олон нийтэд цацагдсан даруйд дуулиан дэгдсэн нь мэдээж бөгөөд наанаа “хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” гэсэн гоё зорилготой чуулган үнэн хэрэгтээ эрчим хүчний хөрөнгө оруулагчдын цугларалт болдог юм биш биз гэсэн хардлагыг үүсгэсэн юм. НҮБ-ын Уур амьсгал хариуцсан байгууллагын тэргүүн байсан хүн хүртэл ВВС агентлагт “Э.Султановын яриа нь чуулганы зорилтыг бүхэлд нь үгүйсгэсэн, хэзээ ч хүлээн зөвшөөршгүй үйлдэл байлаа” гэж ярилцлага өгсөн байна.

Гол нь, газрын тосны шинэ ордуудыг ашиглалтад оруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг 1.5 хэм дотор барих ажилд харшилна гэдэг дүгнэлтийг НҮБ-ын олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг дүгнэсэн гэдгийг тэрбээр онцолжээ.  

Э.Султанов нь чуулганыг зохион байгуулах хорооны даргаас гадна Азербайжаны Эрчим хүчний сайд юм. Энэ утгаараа газрын тос, байгалийн хийн төрийн өмчит компани SOCAR-ын ТУЗ-д ажилладаг юм байна.


Азербайжаны эдийн засгийн 50 хувийг газрын тос, байгалийн хий бүрдүүлдэг бөгөөд нийт экспортын орлогынхоо 90 гаруй хувийг зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс олдог байна.  

Өнөөдөр болох үйл явдлуудаас гарцаагүй хамгийн чухал нь болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт ийнхүү зохион байгуулагч улс нь зорилгоосоо хазгай юм ярьсан, байгалийн баялаг хомс, харин сэргээгдэх эрчим хүчний өндөр технологитой барууны орнууд тэр үйлдлийг нь өндөрт гаргаж шүүмжилсэн ийм нэгэн үйл явдалтайгаар эхлэх гэж байна. 

Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганд оролцохоор Баку хотноо хүрэлцэн очоод байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна