Т.Цэрэн: Нарансэвстэйн боомтыг хэдхэн хүн хуйвалдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сэм оруулсан гэж хардаж байна

Zuv.mn
2024/11/14

Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн хуульч Т.Цэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Нарансэвстэйн боомтыг хэсэг бүлэг этгээд  хуйвалдах байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сэм оруулсан гэж хардаж байна

-1990 онд байгуулагдаж, нэг жил ажиллаад хаагдсан Нарансэвстэйн боомтыг дахин нээх санаачилгыг Баруун бүсээс УИХ-д сонгогдсон О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж нарын гишүүд гаргасан нь эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Таныг энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж сонслоо?

-Өнөөдөр би энд суучихаад, ийм юм яриад сууж байгаадаа гутаж байна. Хууль дээдэлдэг, хууль хэрэгжүүлдэг улсад бол энэ асуудал ийм түвшинд хэзээ ч хүрэхгүй. Байгаль экологийн мэдлэгтэй УИХ-ын гишүүд, иргэдтэй байсан бол бас энэ хэмжээнд хэзээ ч хүрэхгүй. Хуульчид, эрдэмтдийн зүгээс Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй ээ гэдгийг батлах хэдэн мянган үндэслэл нотолгоо байгаа. Харин эсрэг талд ганц л үндэслэл байгаа нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д орсон “Нарансэвстэй боомтыг сэргээж, нээнэ” гэсэн дөрөвхөн үг. 

Энэ дөрвөн үг үйл ажиллагааных нь хөтөлбөрт орсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж байсан гэдэгт би үнэхээр эргэлзэж байгаа. Үнэнийг хэлэхэд, хэдхэн хүн хуйвалдаж, нууц байдлаар оруулсан байж магадгүй гэж хардаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн баригдаж, 27-ны өдөр батлагдсан.

УИХ баталчихсан, Засгийн газар тогтоолоо гаргаад ажил хэрэг болгох процесс үргэлжлэх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ, хэрвээ энэ ажил цаашаа явбал Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын маш олон хууль, журам, гэрээ конвенц зөрчигдөх учраас Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-Яг ямар хуулиуд зөрчигдөх вэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулиудыг зөрчинө.

Олон улсын түвшинд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц, Биологийн олон янз байдлын тухай, Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцууд зөрчигдөнө . Олон Улсын гэрээ конвенц бол нэгдэн орсон улсуудын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг байдаг. Тэр ч утгаараа тухайн улс дагаж мөрдөх үүрэг хүлээдэг, тухайн улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль олон улсын гэрээ, конвенцтой зөрчилдвөл олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрддөг зарчимтай. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэцийн гишүүнд хуваарилагдаад оччихсон, хэлэлцэх эсэх шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах ёстой.

Олон улсын маш олон хурал, чуулган дээр байгаль экологийн тэнцвэрт байдал, олон улсын гэрээ конвенцтой холбоотой амлалтыг өгсөн  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чиглэл өгөх боломжтой

-Цэцэд хандахдаа тодорхой зүйл заалт цохдог. Хэдэн зүйл заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2. ”Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,  Аравдугаар зүйлийн 2. ”Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, “Далдугаар зүйлийн 1.Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтууд зөрчигдсөн гэж гомдол гаргасан.

Монгол Улс бол хуультай, төрийн бүх шатны байгууллага хуулийг дээдэлж ажиллах үүргийг Үндсэн хуулиар хүлээлгэсэн улс. Мөн олон улсын гэрээ конвенцид нэгдэн ордог, олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлдэг хариуцлагатай улс орон. Дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын маш олон хурал, чуулган дээр байгаль экологийн тэнцвэрт байдал, олон улсын гэрээ конвенцтой холбоотой амлалтыг өгсөн шүү дээ. Цөлжилтийн эсрэг чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон, мазаалайг Үндэсний баавгай гэж зарласан. Нарансэвстэй боомтыг нээвэл эдгээр амлалтаа шууд зөрчсөн хэрэг болно.

Үүнээс гадна 2025 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт газар нутгийн 27 хувьд хүргэх, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх төр засгийн бодлого ч алдагдана гэсэн үг.     

-Үндсэн хуулийн цэц татгалзвал яах вэ?

-Өөр боломжууд бий. Үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан Засгийн газар, түүнийг баталсан УИХ өөрсдөө тогтоол гаргах замаар гаргасан шийдвэрээ өөрчилж болно. Мөн Ерөнхийлөгч УИХ, Засгийн газарт чиглэл өгч, түүнийг нь хэрэгжүүлэх боломжтой. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал асуудлыг шууд зогсоох боломжтой учраас бид найдлага тавьж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.13
    2024/11/14

    Байгаль дэлхийг хамгаалдаг авардаг нь мунхаг ухагчид, сүйтгэгчидээс ч олон шүү. Хуульчдаа ажлын амжилт хүсье.

    Хариулах
  • 202.179.24.129
    2024/11/14

    бас нэг эсэргүүцэгч гарлаа яагаад боомт нээж болохгшй гэж

    Хариулах
    • 122.201.31.12
      2024/11/15

      Сайн судал хууль зөрчсөн учраас эсэргүүцэж байгаан.

    • 66.181.176.110
      2024/11/14

      Ялзарсан төртэй байхад эсэргүүцэхгүй өөр яах юм бэ

    • 122.201.31.39
      2024/11/14

      Хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх шалтгаан байхгүй.