ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ

С.Гандэлгэр
4 цаг 57 минутын өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан, явган хүний замд саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. ТҮЦ эрхлэгчдэд нийслэлээс зах, худалдааны төв талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Энэ хүрээнд Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж, номын худалдаагаа үргэлжлүүлэхийг УБЗАА-наас санал болгосон. Өнөөдөр ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус номын худалдааны төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 54 түрээслэгч худалдаа эрхэлж байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 208 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 136 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Багшийн дээд орчимд номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 ТҮЦ-ийг чөлөөлсөн. Эдгээр иргэдэд СБД-ийн наймдугаар хороонд байрлах “Номын худалдааны төв”-д номын худалдаагаа үргэлжлүүлэхийг санал болгосон. Өнөөдөр ТҮЦ эрхлэгч 9 иргэн "Номын худалдааны төв"-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бусад номын худалдаа эрхэлдэг хүмүүсийг оюутны гудамж дагуу тохиромжтой байршлуудад худалдаагаа үргэлжлүүлэх боломжоор хангах талаар судалж, санал тавиад ажиллаж байна” гэв. Мөн СБД-ийн ЗДТГ-аас 16 байгууллагын 78 ажлын байрыг санал болгоод байгаа юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна