Монгол, Хятад өөр өдрүүдэд шинэлдгийн шалтгаан буюу зориудаар зөрүүлсэн “Төгсбуянтын зурхай”

Zuv.mn
2024/11/14

Азийн олон улс орон энэ жил нэгдүгээр сарын 29-нд цагаан сар буюу Дорнын тооллын шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлэх билээ. Харин манай улс дээрх улсуудаас нэг сарын дараа сар шинийн баяраа тэмдэглэнэ. Иргэд энэ зөрүү яагаад гарч байгааг ихэд гайхаж эргэлздэг тул эл асуудлаар уншиж мэдсэн зүйлсээ уншигчидтайгаа хуваалцаж байна.

-Монгол Хятад өөр өдрүүдэд баярладгийн шалтгаан буюу зориудаар зөрүүлсэн “Төгсбуянтын зурхай”-

Баримталж буй зурхайгаас шалтгаалдаг. БНХАУ сар шинийг тэмдэглэхдээ Бээжинд төвтэй Шар зурхайн тооллыг баримталдаг бөгөөд Япон, БНСУ тэргүүтэй Азийн улс орнууд энэ зурхайг уламжлан авсан байдаг. Харин монголчууд “Монгол улсын газар нутаг, ай савд тохирсон” гэх Төгс-буянт зурхайн зурлагаар тоолдог нь зөрүү гарах үндсэн шалтгаан юм.

Төгс буянтын зурхайг 1747 онд Сүм Памба Ишбалжир гэдэг хүн зохиож уламжлуулсан. 1911 онд Богд гэгээн "Монголчуудын төрийн зурхай нь Төгсбуянтын зурхай мөн" гэж зарлигдсанаар өнөөдрийг хүртэл уламжилж яваа юм. Төвд бас энэ зурхайг хэрэглэдэг.

-Төгсбуянтын зурхай нь Төвд, Монголын тусгаар байдлын дархлаа болох тухай-

Монголчууд шар зурхайг дагаж, Азийн бусад улс оронтой нэг зэрэг шинэлэх ёстой гэсэн санааг “үзмэрч” Ц.Дашцэрэн, зурхайч М.Намсрай гуай нар номлодог. Ц.Дашцэрэн гуай монголчуудыг энэ үзэлдээ оруулахын тулд “Далай багш монголчуудад “Төгс буянтын зурхай бол хуучирсан зурхай, түүнийг орхиж, шарын зурхайг дагаарай” гэж хэлсэн” гэж уриалахад Монголын ихэнх нөлөөтэй лам нар “Худал” хэмээн түрхрэн эсэргүүцэж байсныг санаж байна.

Судлаад үзэхээр Төгсбуянтын зурхайн зурлага нь үнэхээр газар нутаг ай савд тохирсон /Азийн улсуудтэй зэрэг тэмдэглэсэн бол 40 гаруй хэмийн хүйтэнд шинэлэх байв/ гэдгээс гадна, соёлын дархлаагаа хадгалж үлдэх, Хятадаас ялгаатай гэдгээ харуулах улс төрийн зорилгоор зохиогдсон болох нь харагддаг.

Богд хаан 1911 онд Монголын тусгаар тогтнолыг зарлан тунхагласныхаа дараа Төгсбуянтын зурхайг Монгол төрийн зурхай болохыг яаравчлан батламжилснаас гадна, тухайн үед монголчуудын дунд дэлгэрээд байсан “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэсэн ойлголтыг арилгах ажилд ханцуй шамлан орсон байдаг. Энэ ажилдаа их ч хүч зарцуулсан нь харагддаг. Энэ нь цаанаа нарийн учиртай бөгөөд Монголчууд жарны тоололд шилжсэн жил буюу гал туулай жилийг өргөж, Хятад хуанлийн эх болох модон хулгана жилийг үгүйсгэх замаар оюун санааны ялгарлаа тодотгохыг зорьсон байдаг юм.

-Хятад жарны эхлэл модон хулгана, Монгол жарны эхлэл гал туулай жилд тохиодог-

Одоо манайхан хааяагүй хэлдэг болчихоод байгаа “Хувьтай хүн хулгана жил үзнэ” гэдэг үг нь тухайн хүн Шар зурхай буюу Хятадуудын тооллыг баримталж байгааг харуулдаг гэнэ. Ийм үг дэлгэрсний учир нь, гахай жилд их гамшиг болдогтоо биш. Түүхийн хуудас сөхөж үзвээс, эл үг нь Манжийн үеэс угшилтай. Өөрөөр хэлбэл, хулгана жилд хулгана гээч амьтны шинжээр аливааг хөёөлж цуглуулах, хурааж хуримтлуулах нигууртай гэдэг. Харин VIII Богд Жавзандамба айлдвартаа “Оюуны мэлмий төөрч будилах магадлалтай” гэжээ. Оюун санааны дархлаагаа тогтоож эхэлж буй нь тэр.

Хятадын нутагт Манжийн төр унасны дараа Богд Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолыг зарлаж, төр улсыг байгуулах, харийн аюул заналаас гэтэлгэх үйл хэрэгт бие бартлаа зүтгэснийг одоо бид мэддэг болсон. Шинэ ажил эхэлж байгаа хүн ард олны оюун санаанд үлдсэн хуучны ёс, уламжлал, ойлголтуудыг хусч арилгах, сольж өөрчлөхийг хичээдэг нь ёс. Манжийн нөлөөнд түлхүү өртсөн төв халхчуудын дунд илүүтэй дэлгэрсэн “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэх ойлголт ч үүнд багтаж байсан бололтой.

Нөгөө талаас, Богд хаант Монгол Улсын бэхжих үйл явц үргэлжилж, БНМАУ шинэ тулгар байсан жилүүдэд (1911-1924 он) Манжийн аюул Хятадын аюулаар солигдож, нийгэмд нөлөөтэй ноёд түшмэдүүдийн дунд хуучны цалин пүнлүү, эрх ямбаа санагалзсан, тусгаар тогтнолоо эсэргүүцсэн нь цөөнгүй байсан гэдэг.

Тиймээс Наймдугаар богд энэ цаг үед тэдгээр ноёд түшмэд, буруу үзэлтний оюуны мэлмийг гэгээн болгох тухайд “Адистад үсгийг зурах ёс, хэлбэр тэргүүтэн тус эрдмийг үзүүлсэн” хэмээх судрыг төвөд хэлээр бүтээж, түүндээ Хятад хуанлийн эх модон хулгана жилийг саараар тодорхойлсон байдаг. Зурхайч Л.Тэрбишийн орчуулснаар уг сударт “Алив ялгамжтайд модон эр хулгана ургах цагт… аливаа муу ажил, буруу үзэл, бурууд хөтлөгч, буруу үзэлт, аймшигт муу явдал, архи, хэл амны муу үр боловсрон, этгээд худал хуурмаг үг хүмүүний аманд боловсрох ба нүдний элдэв өвчин, хижиг машид дэлгэрэх, өвчин хижиг, халдварт өвчин, мөндөр турхан, өнгөлзөгч дайсан, дээрэм хулгай, цэргийн хямрал гарах цагт өршөөлт энэ үсгийг өнгө тохируулан бичиж, амилал сэлтийг өргөн, тахин сүсэглэх болбоос бурхдын адислал тус эрдэм сэтгэшгүй” хэмээн бичсэн байдаг бөгөөд өгүүлэн буй он нь 1924 он юм. Тэр жил монголчууд Үндсэн хуулиа баталж, тусгаар улс болсныг уншигч авхай санаж байгаа биз ээ. “Өршөөлт энэ үсэг” гэсэн нь Богдын бүтээсэн талим үсэг бөгөөд дээхэн үед айл болгонд байсан гэдэг.

Тэгэхээр, Богд хаан он тооллоор дамжуулан Хятадын соёлын нөлөөнд автахгүй байх дархлааг суулгахаас гадна, коммунизмын аюулыг Монголын айл бүрт сануулж байсан болж таарч байна. Одоо үед энэ сануулгын ач холбогдол улам өндөрсөж байж ч болох юм.

Зурхайч Л.Тэрбиш гуайн ярьснаар бол, бид харь гүрний эрхшээлээс гарч, одоохондоо тусгаар тогтнолоо хадгалж байгаа ч муу юм нь хаягдахгүй яваад байгаа нь (Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэх ойлголтыг хэлж байна) тааламжтай явдал биш гэнэ. Манжийн нөлөөгөөр орж ирсэн, Хятад хуанлийн эх, модон хулгана жилийг бэлэгшээх үзэл буюу “Хулгана жил хувьтай” гэх ойлголтыг баримтлах нь бид Хятадын тооллоор явж байгааг илэрхийлж байгаа учир тэр юм. Энэ ойлголт орж ирэхээс өмнө бол монголчууд гал туулай жилийг ихэд бэлэгшээн эрхэмлэдэг байж. Гал туулай жил нь Монгол Улс, монголчуудын хувьд нэгэн жарны эхлэл болдог. Шинэ жаран 2047 онд эхлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна