-Цаг цөвүүн байхад хоол хүнсээ харьд даатгах аюултай-
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны гэрээг энэ онд багтаан байгуулж, ирэх оны эхнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Сүүлийн хоёр жил яригдсан энэ асуудал ийнхүү ажил хэрэг болсноор манай улс 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг холбооны гишүүн улсуудтай хийнэ. Энэ бол боломж мөн. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахаас эхлээд бодох зүйл их байна. Шулуухан хэлэхэд, энэ гэрээ Монгол Улсыг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоосоо татгалзаж, түүхий эд нийлүүлэгч болох нөхцөл рүү түлхэж байна.
Чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэн улсуудын буурай нь түүхий эд нийлүүлэгч л болно, үйлдвэрлэгч болохгүй
Монголын үйлдвэрлэгчид түүхэндээ хэдэн том цохилтыг амссан юм. Тэр цохилтын эхний хоёр нь 1997 онд ар, араасаа дараалан ирсэн байдаг. Эхлээд М.Энхсайханы Засгийн газар импортын гаалийн татварыг тэглэсэн бол дараа нь Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Монголд аж үйлдвэржилт мөрөөдөл болох эхлэл ингэж тавигдсан юм. Одоо харин Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулж гурав дахь цохилтоо амсах гэж байна.
Чөлөөт худалдааны гэрээ гэдэг нэгж бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар, чанартай үйлдвэрлэж чадаж байгаа улсад л илүү боломж олгодог бичигдээгүй хуультай. Манай улс жишээ нь, Европын холбооны улсуудад 3000 гаруй нэр төрлийн барааг татваргүй гаргах боломжтой ч ашиглаж чаддаггүй. Учир нь чөлөөт худалдааны гэрээ нь Дэлхийн худалдааны байгууллагын нэгэн адил тогтоон барих механизм тул аль өндөр хөгжилтэй, техник технологи өндөр хөгжсөн улсад боломж олгож, манайх шиг сул улсуудад хэрэглэгч байхыг тулгадаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд нийлүүлье гэхэд чанарын стандартыг нь давахгүй, яаж ийж сайжруулаад давлаа гэхэд дээшлүүлчихнэ.
Түүхий эд нийлүүлэх боломж харин гарна, гэхдээ үүний тулд үйлдвэрлэгч болох хүслээ мартах, үгүйдээ зарим салбарт үйлдвэрлэл хохирол амсана гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй болно.
Манайд одоо яг ийм нөхцөл байдал үүсэж байна. Монгол Улс өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотод Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан хурал зохион байгуулж, гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хурлын дараа холбооны Худалдааны сайд Андрей Слепнев “Бид Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, ноолуур, арьсан бүтээгдэхүүнийг холбооны гишүүн улсуудын зах зээлд нийлүүлэх боломжийг нээж өгч байгаа” гэсэн байх бөгөөд манай улсаас холбооны гишүүн таван улсад нийлүүлэх боломжтой бараа түүхий эдийг бараг л нэрлэчихсэн байна. Харин Монголын тухайд “Монголын тал сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн гээд бараг бүх гол бүтээгдэхүүнийг зах зээлдээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн” гэжээ.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр, манай хөнгөн хүнсний бараг бүх салбар өрсөлдөөнд орно. Хариуд нь бид мах, ноолуур, арьс шир гэх мэт цөөн хэдэн түүхий эдийн нийлүүлэлт өндөр байж, ерөнхий дүнгээрээ ашигтай гарна гэж найдаж байгаа л гэсэн үг. Үр дүн нь, ашиг нь зөвхөн мөнгө гэсэн үг. Гэтэл эргээд бид мөнгөөр үнэлэгдэшгүй, цаг хугацаа, цаашлаад аюулгүй байдлаараа хохирох эрсдэл байгаа гэдгийг гардан хариуцаж байгаа С.Амарсайхан сайд, дэмжиж гүйж буй МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Л.Төр-Од нарт онцгойлж хэлье.
Хоёр талын тооцоолж байгаагаар бол гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх 2-3 жилд нийт бараа эргэлтээ 2-3 дахин нэмнэ гэж тооцож байгаа юм байна. Манай улс зөвхөн ОХУ-тай хоёр тэрбум ам.долларын худалдаа хийдэг, үүний 100 сая ам.доллар нь нь л манай экспорт. Бусад улсуудыг нийлүүлээд 500 сая ам.доллар гэж бодоход ойрын 2-3 жилд худалдаа багадаа таван тэрбум ам.долларт хүрэх нь. Нэмэгдэж орж ирж байгаа энэ 2.5 тэрбумын хэд нь манай экспорт байх вэ гэдэг бидний гол асуудал.
Бидэнд ийм чадамж бий бил үү. А.Слепневийн онцлоод байсан махны тухайд гэхэд 2023 онд 80,000 тонн мах л гаргасан, хүчин чадлаа сайн дайчилбал 180,000 тоннд хүрэх боломжтой. Арьс, ширний борлуулалт хэр зэрэг байх нь тодорхойгүй. Тодорхой зүйл гэвэл манайд боловсрулах үйлдвэр нь байхгүй, өртөг шингээх боломжгүй гэсэн үг. Дархан арьс ширний цогцолборыг өөрсдөө хэргээр зогсоосон төртэй улс. Ноолуур бол тэртэй тэргүй хэрэглэгчтэй. Ноос, ноосон бүтээгдэхүүнийг Оросын хойд мужуудад нийлүүлж болох юм. Гэсхийгээд ер нь л зогсчих нь.
Тэгэхээр, яах аргагүй, манайхаас бэлэн бүтээгдэхүүн биш, түүхий эд л гарах нь ойлгомжтой байна. Гэтэл өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх гэж бид яаж хичээж байгаа билээ.
Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах асуудал гарч ирснээр нэг ёсондоо жингийн нэг таваг дээр өсөн нэмэгдэх хүлээлттэй 2.5 тэрбум ам.доллар, нөгөө таваг дээр зөвхөн сүүлийн гурван жилд 500 сая ам.долларын хөнгөлттэй зээл өгч байж бий болгосон хөнгөн хүнсний 20 гаруй үйлдвэр тавигдаж байна.
Худалдааны гэрээг түр буюу 2-3 жилээр байгуулж байгаа гэх боловч шинэ тутам үйлдвэрүүдэд энэ бол хангалттай урт хугацааны сорилт. Зарим нь сөхрөх нь тодорхой. Гэтэл бид чухам цаг цөвүүн болж байгаа учраас л мөнгө харамгүй зориулан хүнсний тусгаар тогтнолоо тунхаглахаар хөдөлцгөөсөн шүү дээ.
Цаанаасаа бодлоготой байсан байгаагүй чөлөөт худалдааны гэрээ хөл дээрээ дөнгөж босох гэж байгаа 20 гаруйхан үйлдвэрийг 2-3 жилд хангалттай унагаж чадна. Гэтэл бид ядаж Дэмпингийн хуулиа батлаагүй байдаг. Аль 2015 онд боловсруулагдаж, УИХ-д өргөн баригдаад гурав дахь хэлэлцүүлэгт шилжсэн хэр нь учир битүүлэг шалтгаанаар батлагдаагүй энэ хуулийг яаралтай батлах шаардлагатай. Бэлэн хууль байгаа. Энэ хууль байсан цагт ДХБ, Чөлөөт худалдааны гэрээ гэх мэтэд арай өөрөөр хандаж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.34.124
ОХУ-ын бодлого тодорхой, Монголыг мөнхийн хэрэглэгч улс байлгах
Хариулах