-2028 он гэхэд Монгол Улс зэс олборлогч топ 10 улсын нэг болно-
Уламжлалт нүүдлийн амьдралын хэв маягтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэн амь зуудаг, туйлын хоцрогдсон, гаднын зарим эрдэмтдэд “Удахгүй сөнөж мөхнө” хэмээн гоочлогдож асан монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалаар эрх чөлөөгөө олж, улмаар 100 хүрэхгүй жилийн дотор цэцэглэн хөгжсөн билээ. Энэхүү хөгжил дэвшилд хүрэхэд уул уурхайн салбар, тэр дундаа зэсийн үйлдвэрлэл голлох байр суурийг эзэлж, үнэтэй хувь нэмрийг оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Аранзал өнгөтэй энэхүү үнэт металлын ач холбогдол одоо ч буураагүй, харин ч Монгол Улс, монголчуудын хөгжилд дахин, урьд өмнөхтэй эн зэрэгцэхүйц чухал түүхэн биелүүлж эхлэх үе ирж байна.
Түүхийн шарласан хуудсыг эргүүлж, үнэний даваа нугачааг нэгжин бэдрэвээс монголчууд, Монгол Улс чухамхүү хамгийн зөв, хамгийн азтай замаар явж өнөө цагтай золгожээ гэх бодол өөрийн эрхгүй төрдөг билээ. Түүн лугаа нэгэн адил, эх орныхоо баялаг эрдэнэсийн санг нээх бүрийдээ ямар их азаар энэ нутагт суурьшсан билээ гэх омогшил төрж, эрдэмт дээдсээрээ бахархдаг. Өвөг дээдсийн зүсэлж үлдээсэн энэ газар нутаг, өнгөт зэсийн хамгийн том илэрцүүдтэй гэдгийг сонсож дуулж байсан хүний хувьд, түмэн бодисын дотроос ирээдүйд хамгийн чухаг нь зэс байж, түүхийн нэгэн үеийг бүтээх нь зайлшгүй болсныг мэдээд өмнөх мэдрэмж дахин сэргэж байна.
Уншигч авхайг уйдаахгүйн тулд, басхүү зэсийн салбарын хөгжлийг ярихын тулд эхлээд уул уурхайн салбарын хөгжлийн талаар цухас дурсаад үндсэн сэдэв рүүгээ орох нь зүйтэй болов уу.
Уул уурхайн салбарын хөгжлийн эхлэл
Монгол орны геологийн тогтцын тухай анхны баримт мэдээ XVIII-XIX зууны үед Н.М.Прежевальский, М.Б.Потанин зэрэг Оросын нэрт эрдэмтдийн удирдсан Оросын газар зүйн экспедиц, цэргийн мэргэжилтнүүд, худалдаачдын хийсэн судалгааны үр дүнд гарч эхэлсэн байдаг. Тэдгээрийн аян замын тэмдэглэл, зохиол бүтээлүүд Монгол орны байгалийн нөөц баялаг, түүх дурсгалын үнэт зүйлсийн тухай, ард түмний аж байдалтай танилцахад ихээхэн тус дөхөм үзүүлжээ.
Н.Пржевальский
Монголын төр анх байгуулагдсан цагаасаа л эрдэс баялгийн талаар тодорхой бодлого баримталж ажилладаг байсан нь Богд хааны “...эрхэм сүлд тахилга бүхий газар болбоос эрхэмлэж үл малтах нь харин зүй мөн. Бус энгийн газар нутаг дан ганц алт бус, ямар зоорь бий аваас зохихыг үзэж нээн авбаас зохимой. Авсан түүнийгээ ганцхан миний төлөө хэмээн битгий санагтун. Харъяат бүх улсын хэрэглэл болмой. Улс хэмээгч нь Та бүхнийг цөмийг өгүүлсний тул учрыг бүрнээ ухамсарлаж ёс журмыг дагаж явтугай. Битгий сөрүү бурууд дурлаж зөрчигтүн” хэмээсэн зарлигаас харагддаг. Одоогийн Үндсэн хууль, Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого зэрэгт туссан үндсэн ойлголтууд тэр үед ч мөрдөгдөж, зарлиг тушаалд тусч байсан гэдэг нь эндээс харагдана.
Монголын уул уурхайн салбарын нэн шинэ түүх 1922 онд Ардын засгийн газраас Налайхын уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар эхэлдэг. Түүнээс хойш уул, уурхайн салбар өөрийн хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжин өнгөрч, өнөө үетэй золгожээ.
Уламжлалт мэдлэг зэсийн салбарын хөгжлийн эхлэлийг тавьсан тухай
Монголчууд эрт дээр үеэс ашигт малтмал, үнэт эрдсийг мэддэг, ямар газар байдаг вэ гэдгийг таамаглан тодорхойлж чаддаг байжээ. Монголын уул уурхайн салбарын хамгийн том бүтээн байгуулалт болсон Оюутолгой, Эрдэнэтийн уурхайн хайгуул судалгааны ажил эхлүүлэхэд монголчуудын хуримтлуулсан энэхүү уламжлалт мэдлэг, ажиглалт ихээхэн тус болсон байдаг.
Эрдэнэтийн овоо
Тухайлбал Эрдэнэтийн овооноос эрт дээр үед янз бүрийн эрдсийн талст, оюу зэрэг хагас эрдэнийн чулуунууд олддог байж. Зэс нь алт, молибден зэрэг бусад металлтай хамт байдаг, мөн оюу нь “зэсийн баас” гэгддэг эрдэс бөгөөд оюу байгаа газарт зэс заавал байдаг зүй тогтолтой. Монголчууд үүнийг мэддэг байсан учир тэрхүү уулыг Эрдэнэт хэмээн нэрлэсэн байдаг. Оюутолгойн ордын орчмоос ч дээр үед том, том хэмжээтэй оюу олддог, нутгийн айлууд түүнийг нь олж, гоёл чимэглэлийн зүйлд ашигладаг байсан байна. Тэр ч байтугай атгасан нударгын чинээ хөөрөг хийсэн тохиолдол ч цөөнгүй байжээ.Энэ нь Эрдэнэт, Оюутолгойд хайгуулын ажил явуулах сэжүүр болж өгсөн байдаг.
“Эрдэнэт” XX, Оюу толгой XXI зууны манлай бүтээн байгуулалт
ХХ зуунд монголчуудын уул уурхайн салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” УБҮ байсан. Ашиглалтад орсон даруйдаа дэлхийн хамгийн том 10 уурхайн тоонд багтаж байсан энэ аварга уурхай 1978 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр зэсийн салбарын хөгжилд эрс шинэчлэлтийг авчирсан юм. Үйлдвэр анх ашиглалтад орсноосоо хойш хүчин чадлаа байнга нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд жилд 30 сая хүдэр боловсруулж, 600 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолж байгаа юм.
Харин XXI зуунд монголчуудын бүтээж бий болгосон баялгийн охь манлай нь маргаангүй, Оюу толгойн уурхай юм. Ил, далд гэсэн хоёр хэсгээс бүрдэх уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсний дараа олборлосон баяжмалд агуулагдах цэвэр зэсийн хэмжээ жилд 550 мянган тоннд хүрч дэлхийн Топ 10 уурхайн дөрөвдүгээрт жагсах төлөв бий. Эл аварга төслийн ил уурхай 2013 оны долдугаар сараас бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн бөгөөд 2020 онд 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь Оюу толгой Эрдэнэтийг гүйцэн, хамгийн том олборлогч болсон бөгөөд нийлүүлж тооцвол жилдээ 1.2 сая тонн зэсийн баяжмал Монгол Улсаас дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн үг юм. Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээр 2012 дэлхийд 19 дүгээр байрт бичигдэж байсан бол Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор байраа таваар урагшлуулж, 14 дүгээрт жагсах болсон юм.
Оюутолгойн уурхай
Улс орны эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг авч үзвэл, Оюутолгой ХХК 2020 онд улсад 200 сая ам.долларыг татвар төлж, 94 сая ам.долларыг НӨАТ хэлбэрээр дотоодын ААН-үүдэд төлсөн байна. Мөн 360 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын ААН-үүдээс авчээ.
“Эрдэнэт” үйлдвэр дангаараа улсын төсвийн 50 шахам хувийг бүрдүүлдэг байсан үе бий. Шилжилтийн хүнд үед “Эрдэнэт” үйлдвэрийн олж ирсэн валют Монгол Улсыг аварч гарсан гэж хэлж болно. Тэгвэл Эрдэнэтийн энэ үүргийг ирэх жилүүдэд Оюутолгой өөртөө авч, цаашдын хөгжлийн санхүүгийн гол тулгуур болох нь ойлгомжтой болоод байна.
Аранзал металл ба алсын хараа
Манайхан “Алсын хараа” гэж ярих дуртай. Энэ нь ирээдүйг урьдчилж харах гэсэн утгатай. Эрдэс баялаг ихтэй Монгол Улс ямар баялгаа, хэдийд нь түлхүү ашиглах вэ гэдэг шийдэлд ч алсын хараа байх ёстой. Яг одоо бол байгаа уурхайнуудаа дэмжиж, олборлолтыг аль болох нэмэгдүүлэх, цаашид шинэ ордуудыг ашиглалтад оруулж, эрин үеийнхээ хамгийн өндөр ач холбогдол бүхий эрдсийн зах зээлд гол тоглогчдын нэг болохыг хичээх нь бидний хувьд хамгийн бодитой, зөв шийдэл байна. Ийм шийдэл гаргахад алсын хараа, их ухаан зараад байх ч шаардлага алга.
Зэсийн үйлдвэрлэлд тэргүүлэгч улс орнууд хийгээд үнэ ханшийн өөрчлөлтийг үе, үеэр нь харвал үнэхээр сонирхолтой. Өөрөөр хэлбэл 2000-аад оны эхэн хүртэл эрэлт ч, үнэ ч тийм өндөр байсангүй. Харин түүнээс хойш эрэлт огцом өсөж, 2001 онд 1400-1800 орчим ам.долларт хэлбэлзэж байсан тонн зэсийн үнэ өдгөө оргил үедээ 10 000 ам.доллар давах хэмжээнд хүрээд байгаа билээ.
Үнэхээр ч цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний эрин үеийн хамгийн эрэлттэй металл бол маргаангүй зэс юм. Энэхүү чиг хандлагыг мэдэрсэн Перу улс хайгуул, ашиглалтын ажлаа эрчимжүүлснээр 2010 оноос хойш олборлолтынхоо хэмжээг хоёр дахин нэмжээ. Тус улс 2010 оны байдлаар 1 250 мянган тонн зэс олборлож байсан бол 2020 онд 2 200 мянган тонн хүртэл нэмэгдүүлж чадсан.
Харин манай улс Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн нь одоо олборлолтын хэмжээгээр “Эрдэнэт”-ийг гүйцээд байна.
Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй далд уурхайн олборлолт эхэлснээр уурхайн бүтээмж огцом өсөж, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх төлөв байгааг “Рио Тинто” группын Зэсийн бүлгийн захирал Б.Болд илтгэлдээ онцолсон билээ. Өөрөөр хэлбэл, бид дэлхийгээс хоцроогүй бөгөөд Оюутолгой бол угаас бидний алсын хараа байсан. Одоо тууштай үргэлжлүүлэх, шинэ, шинэ төслүүдээр өргөжүүлэх л чухал юм.
Монголын зэсийн салбарын ирээдүй гэрэлтэй байна
Монгол орон зэсийн орд, илэрцүүд ихтэй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 3.390.367 сая тонн. Зэсийн нөөц нь 10.7 сая тонн. Монголын зэсийн хамгийн том орд болох Оюу толгойн ордын ашигтай нөөц нь 31,4 сая тонн, тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 19.64 сая тонн хэмээн ТЭЗҮ-д нь (2015 он) дурдсан байна. Эрдэнэт үйлдвэр ордынхоо нөөцийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг бөгөөд байнга нэмэгдэж байгаа. Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихээс татгалзсанаар цаашид уурхай байгуулагдах үйл явц саадгүй болсон, Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр “дуншиж” байгаа зэргээс харахад Монголын эдийн засагт зэсийн салбарын гүйцэтгэх үүрэг цаашид буурахгүй, харин ч өсөн нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.
Шинээр зэсийн илэрцүүд, нөөцүүд нэмэгдсээр байгааг АМГ-ын цахим хуудаснаас харж болно. 20 орчим илэрц байгаагаас Борц уулын орд, Улаан хадны орд, Хүнгүйтийн ордод тодорхой хэмжээний судалгаа хийгдээд байгаа юм. Үүнээс Хүнгүйтийн ордод 12.6 сая тонн зэсийн нөөцтэй гэж таамагласан байна. Манай геологич эрдэмтэд 1970-аад оны үед дэлхийн vvсэл гарал, геологийн тогтцын vндсэн дээр Монгол орны нутаг дэвсгэрт vvссэн зэсийн район, мужийг тодорхойлсон юм байна. Энэ судалгаагаар Оюу толгой орчмын нутагт зэсийн том бvлэг орд байх боломжтой болохыг тогтоосон байдаг юм байна. Дээр дурдсан Улаан хадны орд Оюутолгойгоос 10 километрийн зайд оршдог аж. Товчхон хэлэхэд зэсийн чиглэлээр манай улсад хайгуул хийх, сонирхол татсан газар олон байна. Эдгээр газрууд дээр орд илрэх боломж нээлттэй гэсэн үг юм. Оюутолгой тэргүүтэй Монголын зэсийн салбарын ирээдүй ийнхүү гадаад, дотоод аль аль талдаа хөгжих нөхцөл бололцоо дүүрэн байна.
Зэсийн үйлдвэрлэлд технологи чухал үүрэгтэй байдаг.Эрдэнэт үйлдвэр л гэхэд сайн технологи ашиглах юм бол өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан хүдрийн хаягдлаа дахин ашиглаж, цаашид ажиллах хугацаагаа сунгах ч боломжтой. Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус хүдрийн овоолгыг түшиглэн байгуулагдсан “Эрдмин, “Ачит их” зэрэг компаниуд цэвэр зэс үйлдвэрлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаагаас ингэж дүгнэж болно.“Эрдмин” нь цэвэр зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол “Ачит ихт”нь жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай.Оюутолгойн орд дээр ч цэвэр зэсийн үйлдвэр баривал үр ашиг ихээхэн нэмэгдэх нь тодорхой билээ.
Оюу толгойг дэлхийн “ТОП-4”-т эрэмбэлүүлэх гүний уурхайн онцлох тоо, баримтууд:
Олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч, хамгийн том 10 орд
1. Эскондида, Чили. 1 156 мянган тонн
"Эскондида" уурхай
Испани хэлний “нуугдмал” гэсэн утга илэрхийлэх үгээр нэрлэгдсэн “Эскондида” уурхай 1990 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн хамгийн том, хамгин их нөөцтэй орд дээр байгуулагдсан гэдгээрээ алдартай. Тус уурхай 2020 онд 1 156 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт олборлолтын 6 хувь болжээ. Уурхайг BHP (57.5 хувь), Рио Тинто (30 хувь), Жапан Эскондида (12.5 хувь) эзэмшдэг.
2. Коллахуаси, Чили. 629 мянган тонн.
Англо-Американ (44%), Гленкор (44%), Мицуи (12%) хамтран эзэмшдэг Коллахуаси бол олборлолтын хэмжээгээр Чили болон дэлхийд хоёрт бичигдэхээр их олборлолт хийжээ. Далайн түвшнээс дээш 3000-5000 метрт орших ордыг түшиглэн байгуулсан энэ уурхайгаас гаргасан баяжмалын ихэнх нь БНХАУ-д эцсийн боловсруулалтад ордог.
3. Моренси, АНУ, 445 мянган тонн.
АНУ-ын Аризона мужид байдаг Хойд Америкийн хамгийн том ордыг түшиглэн байгуулсан хамгийн том уурхай Моренси оборлолтоороо дэлхийд гуравдугаарт жагсдаг. Уурхайг Freeport-McMoRan, Sumitomo хамтран эзэмшдэг бөгөөд Freeport-McMoRan үндсэн эзэмшигч, оператор гэж явдаг байна.
4. Эль-Тениенте, Чили. 443 мянган тонн.
Эль-Тениенте яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн том гүний уурхай гэж тооцогдож байна. Чилийн төв хэсэгт, Андын нуруунд далайн төвшнөөс дээш 2300 орчим метрийн өндөрт орших уг уурхайг El Teniente Кодедкогоор дамжуулж эзэмшдэг. 2025 он гэхэд олборлолтоо 500 000 тоннд хүргэх төлөвөлгөөтэй.
5. Буэнависта, Мексик. 432 мянган тонн.
Буэнависта, зарим тохиолдолд Кананеа гэж нэрлэгддэг энэ аварга уурхай Мексик-АНУ-ын хилээс өмнө зүгт 35 км-т байрладаг. “Grupo Mexico” (Southern Copper) компанийн эзэмшдэг уг уурхай нь Хойд Америктаа хамгийн эртнийх (1906 оноос ашигласан) гэж тооцогддог байна.
6. Чукикамата, Чили. 401 мянган тонн.
Нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Чукикаматагийн уурхай 1910 оноос ашиглагдаж буй.
7. KGHM Mining Hub, Польш. 393 мянган тонн.
“KGHM Polska Miedz Mining Hub” компанийн эзэмшдэг энэ орд Польшийн Польковице-Серошовице, Любинд оршдог бөгөөд зөвхөн зэс бус, алт, мөнгө болон бусад үнэт металл агуулдаг гэдгээрээ онцгойрдог.
8. Антамина, Перу. 378 мянган тонн.
Андын нуруунд, нийслэл Лимагаас хойд зүгт 270 орчим км зайд оршдог «Антамина» уурхайг BHP (33,75%), Glencore (33,75%), Teck Resources (22,5%), Mitsubishi (10%) компаниуд хамтран эзэмшдэг. Зэсээс гадна мөнгө, висмут, молибден, тугалга бий.
9. Серро-Верде, Перу. 372 мянган тонн.
Freeport-McMoRan-ы эзэмшлийн энэ уурхай ил ордоос олборлолт хийдэг. Хяналтын багц эзэмшигчээс гадна Sumitomo Metal (21%), Compañia de Minas Buenaventura (19,58%), Перугийн төр (5,86%) хувь эзэмшдэг байна.
10. Грасберг, Индонезия. 367 мянган тонн.
Freeport-McMoRan-ы (48.76 хувь) эзэмшлийн бас нэг уурхай бол алдарт Грасберг юм. Индонезийн Папуа аралд байх уг уурхай дэлхийн зэс, алтны томоохон нөөц гэж тооцогддог. Нөөц болон олборлолтын хэмжээгээ нэмэхийг эрмэлзсээр байгаа. 1988 онд нээгдээд 1990 онд олборлож эхэлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна