Вашингтоны онгоцны ОСОЛ: Албаныхан амиа алдагсдын тоог хэлсэнгүй

Х.Батсайхан
11 цаг 19 минутын өмнө

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Р.Рейганы нэрэмжит нисэх буудалд буухаасаа өмнө байлдааны нисдэг тэрэгтэй мөргөлдөж сүйрсэн зорчигч тээврийн онгоцны ослын талаар төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэл хийсэн ч аврах, эрэн хайх ажиллагааны нөхцөл байдлыг л хөндөж, амьд үлдсэн болон амиа алдсан хүний тооны талаар мэдээлэл өгөөгүй хэвээр байна. 

Аврах-эрэн хайх ажиллагааг хүч нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулж бөгөөд хүйтэн цаг агаартай, хүнд нөхцөлд ажиллагаа явагдаж байгаа юм байна. 

Вашингтон хотын мэр Мюриэль Боузер мөн ослын талаар байр сууриа илэрхийлж эмгэнэл илэрхийлсэн ч хохирогчдын талаар мөн л мэдээлэл өгөөгүй аж.

Одоогийн байдлаар зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн сууж явсан бол Нисэх хүчний байлдааны нисдэг тэргэнд цэргийн гурван алба хаагч сууж явсан гэсэн мэдээлэл ил болоод буй.

CBS News л “18 хохирогчийн цогцсыг олсон” гэдэг мэдээллийг “Цагдаагийн эх сурвалжаас авсан” гэдэг тайлбартай цацсан юм.

-American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд /Монголын цагаар өнөө өглөөний 10.00 цаг/ АНУ-ын армийн Black Hawk нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж, Вашингтон ДС-ийн Потомак голд унав.

-Онгоц PSA компанийн захиалгаар Канзас мужийн Вичита хотоос нисч явсан бөгөөд Рональд Рейган Вашингтоны үндэсний нисэх онгоцны буудалд буухын өмнөхөн ийнхүү осолдсон байна.

-American Airlines-ийн мэдээлснээр онгоцонд 60 зорчигч, багийн дөрвөн гишүүн байсан гэсэн бол цэргийнхэн Виржиниа мужийн Форт Белвоир хотоос сургуулилтын нислэг үйлдэж байсан нисдэг тэргэнд гурван цэрэг зорчиж явсан гэж мэдэгдсэн.

-Аврах, эрэн хайх ажиллагааг эрэг дагуу явган болон завиар гол дотор явуулж байгаа ч амжилт олоогүй, хүйтэн жавар хүндрэл учруулж байна гэсэн мэдээлэл байна.

-Амиа алдсан хүмүүсийн талаар албан ёсны баталгаа гараагүй байгаа ч CBS агентлаг 18 хүний цогцос олдсон гэж мэдээлжээ.

-Эрх баригчид удахгүй нисэх онгоцны буудлаас мэдээлэл өгөх төлөвтэй байна


-Ерөнхийлөгч Дональд Трамп уг ослыг "Аймшигт осол" гэж нэрлээд, бүх хүч чадлаа дайчилж буй Онцгой байдлын албаныханд талархал илэрхийлсэн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг Холбооны Нисэхийн Захиргаа болон Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл хоёулаа явуулж байгаа бөгөөд Холбооны мөрдөх товчоо мөн тусалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна