БНХАУ-д хөрсний гулгалтын улмаас 30 хүн сураггүй алга болжээ

С.Гандэлгэр
20 цаг 23 минутын өмнө

Хятадын баруун өмнөд хэсэгт болсон хөрсний гулгалтын улмаас 30 гаруй хүн сураггүй алга болсон гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

Сычуань мужийн Жиньпин тосгонд орон нутгийн цагаар 11:50 цагт хөрсний гулгалт болж, 10 байшин нуран унаж, хэд хэдэн хүн гацжээ. Хоёр хүнийг аварсан байна.

Тус мужийн онцгой байдлын удирдлагын газраас гаргасан мэдэгдэлд мэдээлснээр, ослын газарт аврах ажиллагааны удирдлагын төв байгуулагджээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч хүмүүсийг аврахын тулд “бүх хүчээ дайчлах”-ыг тушаасан байна.

Тус улсын хэвлэлд гарсан зургуудыг харахад өндөр уулын хажуугаас асар их хэмжээний шороо, чулуу нурж, жижиг тосгон дундуур дайрсан байдалтай байна.

Хятадын Онцгой байдлын газрын мэдээлснээр, хэдэн зуун аврагч амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа бөгөөд 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Албан ёсны “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Ши Жиньпин эрх баригчдад “алга болсон хүмүүсийг хайж, аврах бүх арга хэмжээг авах, хохирлыг хамгийн бага байлгах, ослын дараах ажлуудыг зохих ёсоор хийх”-ийг үүрэг болгосон байна.

Мөн Хятадын Ерөнхий сайд Ли Цян ойролцоох бүс нутагт геологийн эрсдэлийн судалгаа хийхийг үүрэг болгожээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, сүүлийн зургаан сарын турш уулнаас том чулуунууд байнга унаж байсан гэж тосгоны оршин суугчид хэлсэн байна.

“Синьхуа”-гийн мэдээлснээр, Ли Цян дахин осол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрсдэлтэй бүсэд амьдарч буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан гэж AP агентлаг мэдээлжээ.

Мөн Хятадын төв засгийн газраас дэд бүтэц, нийтийн үйлчилгээний засварын ажилд зориулж 50 сая юань (6.9 сая ам.доллар) гаргасан гэж AP мэдээллээ.

Хятадын баруун өмнөд хэсгийн алслагдсан, уулын бүс нутаг хөрсний гулгалтад өртөмтгий байдаг.

2024 оны нэгдүгээр сард Юньнань мужид болсон хөрсний нурангиар хадан хясаа нурж, тосгоны нэг хэсгийг сүйтгэсний улмаас хэдэн арван хүн амиа алджээ.

11 жилийн өмнө энэ бүс нутагт болсон өөр нэг хөрсний гулгалтаар 18 хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.65
    13 цагийн өмнө

    Хятад задрах болно.

    Хариулах