МУГЖ Б.Золбоот: Хүүхэд насандаа догдлоод битүүний орой нойргүй хонодог байлаа

Т.Отгонсувд
6 цаг 59 минутын өмнө

Могой жилийн битүүний өдөр тохиож байна.  Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг уламжлалтай билээ. Энэ өдрийн бэлгэдэл болон цагаан сарын баярын өв, уламжлалын талаар Монгол Улсын Гавъяат жүжигчин /МУГЖ/ Б.Золбооттой цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол түмний уламжлалт баяр өнөөдрөөс эхэлж байна. Та битүүний өдрийн бэлгэдэл, улалмжлалыг хэрхэн гүйцээдэг вэ?

-Битүүний тухайд өвлийн хамгийн сүүлийн өдөр. Монгол түмэн минь өвлийг өнөтэй сайхан давсны баяр.  Энэ өдөр Монгол түмэн минь битүүлдэг. Битүүлэх уламжлал, ёс нь миний бодлоор айл хог шороогоо гөвж, энд тэнд дутуу хөтүү зүйл байвал бүгдийг нь бөөгнүүлж, нэг ёсондоо задгай бүх юмаа битүүлж, гадуур хонодоггүй.

Битүүний орой бүх юм жин тан, гэр орон цэвэрхэн, бүх юм байр байрандаа, өр ширгүй, шинэ ондоо ороход бэлэн байдлыг бүрдүүлдэг гэж боддог. Битүүний орой бол Монгол түмэн минь битүү хоол иддэг.

Битүүний орой халуун ам бүлээрээ сайхан хооллож, хамтдаа ёс жаягаа гүйцээдэг уламжлалтай.  Гэдэс цатгалан шинэ ондоо орох ёстой гэсэн утга шүү дээ. Монгол түмэн маань ч мөн ингэж бодож, битүүлдэг байх гэж бодож байна. 

-Сар шинийн баярт Монгол хүн бүр ач холбогдол өгч тэмдэглэдэг. Та баярын мартагдашгүй дурсамжаа хуваалцана уу?

-Би хүүхэд байхаасаа хөдөө их шинэлсэн. Шинийн нэгэнд ээж, эмээгийнхээ урласан шинэ дээлээр гоёно. Тэр дээлийг битүүний орой өмсөж үзээд мш их баярлана. Ер нь битүүний орой шинийн нэгний гоёл шинэ дээлээ өмсөөд, шинэ малгайгаа өмсөөд л сайхан мэдрэмж. Бүх юм шинэ, гутал ч шинэ. 

Дээл, бүсээ эвхэж тавиад бушуухан өглөө босож, ээж аавдаа золгочихоод айл хэсэхийг хүснэ. Тэднийд орвол тийм юм өгнө дөө, эднийд орвол мөнгө өгнө дөө гээд л ойр дотны айлуудаар ороод л явдаг байв.

Хүүхэд байхад мөнгө өгсөн айлд маш их дуртай байлаа. Хөдөөд дэвтэр их цуглуулдаг байсан. Дэвтэр, бал гээд хичээлийн хэрэгсэл их өгдөг байлаа.

Ээж маань дэвтэрийг олноор нь аваад л, би айл хэсээд л багассан дэвтрийг нь ихэсгээд явдаг байж билээ. Шинийн нэгэн, хоёрондоо айлуудаар хэснэ. Шинийн гуравнаас хүүхдүүд барагтай хэсдэггүй байсан. Цагаан сар бол Монгол түмний үнэхээр гайхалтай баяр.

 Би  цагаан сард үнэхээр дуртай. Монгол түмэн минь энэ сайхан могой жилдээ ихийг бүтээж, хамгийн гол нь эрүүл байгаарай гэдэг ерөөлийг дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.225
    4 цагийн өмнө

    Болдогсон бол хүүхэд нас руугаа буцаж очоод амьдралаа шинээр эхлүүлж харамсахгүй амьдрах юмсан.

    Хариулах