​ И.Мөрөн: Би дасаж дурладаг төрлийн хүн. Өөртөө итгэлгүй хүн л хажуудах хүнээ харддаг

Э.Намуундарь
Өчигдөр 11 цаг 00 минут

Жүжигчин И.Мөрөнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ үзэгчдэдээ хуваалцана уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Залуу уран бүтээлч И.Мөрөн байна. Удаан хугацаанд хамтарч ажилласан Боловсрол суваг телевизээс "Амьдрах сайхан" киноны санал анх ирсэн. Оноогдсон дүрийн хувьд драм төрлийн киног илүү хөнгөхөн, хэсэгхэн зуур хөгжилтэй болгож байгаа, хүнд муу санадаггүй, үзэгчдийн хайрыг татсан хүүгийн дүр дээр хичээнгүйлэн ажиллаж дуусгасан.

-Ихэнх бүтээсэн дүр нь арван жилийн сахилгагүй сурагч, аав ээжийн сайн хүү, аливаа уран бүтээлийн хамгийн эерэг дүр байдаг. Тэр хирээр өдөр тутмын амьдралдаа нээлттэй байдаг уу? Дүрүүдийн зан чанартай таны хувь хүн хэр ойрхон бэ?

-Намайг дэмждэг гэр бүлийнхэн, найзуудтайгаа байхдаа зуун хувь өөрийнхөөрөө, чөлөөтэй байж чаддаг. Харин миний хувь хүн бол танихгүй хүмүүстэй байхдаа их бүрэг ичимхий, чимээгүй, дотогшоо болчихдог гэж хэлж болно. Дүрийн хувьд түлхүү хүүхдийн дүрд тоглох болсон шалтгаан нь оворгүй царайнаас минь л болдог байх гэж боддог.

-И.Мөрөнгийн хувьд хамгийн чухал, үнэ цэнтэй, эрхэм зүйл нь юу вэ?

-Амьдралдаа хэзээ ч алдаж болохгүй, эрхэм зүйл гэвэл гэр бүл маань байдаг. Ээжийгээ, охин дүүгээ гуниглуулахгүй, аль болох аз жаргалтай байлгахыг цаг ямагт л хичээдэг дээ . Хориод жил хоёр эмэгтэй хүнтэй амьдарсан болохоор их зөөлхөн сэтгэлтэй, өрөвч болчихдог юм байна. Дүүдээ аав нь, ах нь, ээждээ түшиг тулгуур нь болж, сайхан амьдралын төлөө хичээж явна даа.

-Анхны харцаар дурлаж байсан уу?

-Миний хувьд эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэж, сайн ярилцаж, тухайн хүнээ тодорхой хэмжээнд мэдсэний дараа дасаж дурладаг төрлийн хүн гэж хэлж болно.

-Зочин маань хартай юу. Хосын харилцааг бат бөх байлгадаг зүйл таны бодлоор юу вэ?

-Нэгэнт хайр сэтгэлтэй болоод үерхсэн бол итгэлцэл хамгийн нэгдүгээрт байх зарчим гэж боддог. Ер нь өөртөө илүү итгэлгүй хүн л хажуудах хүнээ харддаг шүү дээ.

-Таныг үзэгчдийнхээ нүдэн дээр өсөж том болж байгаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Урлагтай их ойр байдаг хүний хувьд өөрийгөө хэр мэдрэмжтэй гэж боддог вэ?

-2006 онд анх урлаг гэх том айлд орж байсан. Кино, контент гээд ажлын тал дээр мэдрэмжээ сайн илэрхийлж дүрээ гаргахыг хичээдэг. Харин амьдрал дээр хосын харилцаанд мэдрэмжээ ч илэрхийлж чадахгүй ичих тохиолдол гардаг. Гэхдээ тэр үе нь их ховор л доо. Ер нь л өөрийгөө мэдрэмжтэй гэж боддог.

-Гэр бүлд нь урлагийн хүмүүс байдаг уу?

-Манай ээж найруулагч, аав маань зураглаач хүн байсан. Кино урлагт аав, ээж минь хөтөлж оруулсан гэхэд хилсдэхгүй. Анх хэд хэдэн кинонд тоглоод гадуур явахад хүмүүс таниад, өхөөрдөөд ирэхээр, биеэ тоож, их зан гаргах үе нэлээдгүй байсан. Тэр үедээ ээждээ хатуухан загнуулж ажил амьдралаа ялгах тухайд том сургамж авч байсан.

-Зочин маань бүтээхийг хүсдэг мөрөөдлийн дүр гэж байгаа юу?

-Мэдээж найруулагчийн оноосон дүрийг би хэзээ ч голохгүй хамгийн сайнаараа ажиллана. Гэхдээ дотроо бодож явдаг дүр бол драм төрлийн кинонд хамаг хүчээ дайчлан ажиллахыг хүсдэг.

-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

-Нээлттэй сайхан ярилцлаа. Зөв.мн сайтын уншигч, үзэгчдэд, намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна