Алдарт стриймэр "IshowSpeed” гэж хэн бэ

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 41 минут

Дэлхий даяар 100 орчим сая дагагчтай, АНУ-ын алдарт стриймэр "IshowSpeed” буюу Даррен Жэйсон Уоткинс Монголд ирээд байгаа билээ.

Цахим ертөнцийг өөрийн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл өндөртэй лайв стриймүүдээрээ байлдан дагуулж буй өдгөө 20 настай сошиал “ОД”-ийг бид энэ удаад танилцуулж байна.

Даррен Жейсон Уоткинс 2005 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод төржээ. Ам бүл дөрвүүлээ. Ээж, эмээ, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг.

Speed 2016 оноос YouTube сувгаа идэвхтэй хөгжүүлж эхэлсэн тэрбээр стрийм бүрээ сонирхолтой, бүтээлч байдлаар хийдэг нь түүний онцлог юм. Тэрбээр олон төрлийн шууд дамжуулалт, мөн дэлхийн өнцөг булан бүрт аялаж, сонирхолтой контентууд бэлтгэдгээрээ алдартай.

Speed 2017 оны сүүлээр "NBA 2K", "Fortnite" зэргийг тоглож буй бичлэгээ шууд дамжуулж байршуулж эхэлсэн байдаг. 2021 оны наймдугаар сард өөрийн YouTube суваг дээр "Dooty Booty" нэртэй анхны синглээ гаргасан. Энэ дуу удалгүй YouTube болон TikTok зэрэг олон нийтийн сүлжээнд маш их хандалт авч, олны танил болжээ. Дараа нь "Shake" нэртэй сингл гаргасан бөгөөд YouTube дээр 211 сая гаруй хүн үзээд байна.

Хачин гэмээр зан байдал, үг хэллэгээрээ шүүмжлэлд өртдөг ч залуу үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна. Түүний бичлэгүүдийг дэлхий даяар 3.6 тэрбум хүн үзжээ. Өнөөдөр Улаанбаатар хотын төв талбай дээрээс шууд дамжуулалт хийж байршуулж эхэлжээ.

Speed сагс, хөл бөмбөгийн фэн бөгөөд 2022 оны зургадугаар сард тэрбээр Кристиано Роналдуд зориулсан "Роналду (Сьюи)" нэртэй дуугаа гаргасан байна.

2023 онд тэрбээр Португалын 2023 оны Rolling Loud наадамд гэнэтийн зочноор оролцож, "Shake", " World Cup" болон "Portuginies" дуугаараа бэлэг барьж байв.

Энэ үеэрээ өөрийн шүтээн Кристиано Роналдутай уулзсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан 100 гаруй сая хүн үзсэн байдаг.

Одоогоор түүний нийт хөрөнгө нь 20-30 сая ам.доллар гэх тооцоо мэдээлэл бий. Одоогийн байдлаар түүний YouTube суваг 38.6 сая гаруй дагагчтай бөгөөд дэлхийн хамгийн хурдтай өсөж буй цахим контент бүтээгчдийн нэгт тооцогдож байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.108
    12 цагийн өмнө

    Мундаг залуу юм аа

    Хариулах