Ж.Энхбаяр сайд салбараа өмөөрч худлаа хариулаад УИХ-ын даргад загнуулав

Х.Батсайхан
2025/04/24

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/-ийг хэлэлцэж байна.

Чуулганаар гишүүд Гурилын импортын албан татварыг тэглэсэн шийдвэрийг цуцалж болох ч дотоодын үйлдвэрлэгчдэд асуудал байгаа гэдгийг хөндөж байна. Тодруулбал, үйлдвэрүүдийн тоо цөөрч, илүү монопол, олигопол шинжтэй болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байна. Түүнчлэн, гурилаар дамжуулж нэмэлт эрдсээр иргэдийг хангах тухай Баяжуулсан гурил үйлдвэрлэх хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгаа талаар асуусан.

Салбарын сайд Ж.Энхбаяр дээрх асуудалд “Импортын татвар тэглэснээс болоод баяжуулсан гурил импортооор орж ирдэг болсон. Тиймээс гурилын үйллдвэрүүд гурил баяжуулах шаардлагагүй болсон. Үйлдвэрүүд цөөрч байгаа нь бол өрсөлдөөн их байгаатай холбоотой. Гурилын чанар муудаж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй. Үйлдвэрүүд хүчин чадлын хувьд ч, технологийн хувьд ч сайжирсан” гэж хариуллаа. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөн сайдын хариултад эгдүүцэж, "Гишүүд үндэслэлтэй зүйл асууж байна шүү. Гурилын үйлдвэрүүд олигополь болж, үгсэн хуйвалдаж үнэ тогтоодог гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Бид үйлдвэрлэгчдээ хамгаалах ёстой. Гэхдээ хэрэглэгчдээ яаж хамгаалах юм гэдэг асуудлыг бас ярих ёстой. Та энэ асуултад хариулт өг" гэв. 

Ж.Энхбаяр сайд "Гурил үйлдвэрээс 1500 төгрөгийн үнэтэй гарч байгаа. Үнэ өөр газраа нэмэгдээд байна" гэв. Тэрбээр тээвэр, жижиглэн худалдаачдыг үнийн нэмэгдэлд буруутгасан юм. 

УИХ-ын дарга сайдын хариултыг сонсоод "Тээвэр дээр зардал гардаг юм бол яагаад Улаанбаатарт нэг кг гурил 2800 төгрөг байгаа юм бэ. Энийг тайлбарла. Гаалийн татвар тэглэх шалтгаан үнийн өсөлт байсан. Жилийн дотор 78 хувиар өссөн. Яагаад ингэж өсөв. Одоо буцаагаад тэглэхээр энэ байдал чинь арилах юм уу. Энэ асуудлыг л тогтож ярих ёстой" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна