E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ

Х.Есү
4 цаг 55 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2024 оны 04-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх нөхцөл бүрдэж,  хуримтлалын санг нээх боломжтой болсон.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай байх юм.

Тэгвэл Монгол Улсын иргэн өөрийн нэрийн дансандаа нэмэлт орлого хуримтлуулах хүсэлтэй эсэх санал асуулгыг эхэллээ. 

“И-Монгол академи” УТҮГ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран дээрх санал асуулгыг 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд E-Mongolia системийн портал болон мобайл сувгуудаар дамжуулан хүлээн авч байна.

  1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  2. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  3. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын буцаан олголтыг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх;
  4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн ногдол ашгийг хуримтлалын нэрийн дансандаа хуримтлуулахыг дэмжих эсэх сонголтоос та “тийм” эсвэл “үгүй” гэсэн сонголтыг хийх бөгөөд мөн бусад саналаа бичих талбартай.

            Хэрхэн санал асуулга өгөх вэ?

  • E-Mongolia систем рүү бүртгэлтэй хаягаараа нэвтрэх
  • Профайл хэсэг рүү хандан “Төрд байгаа миний мэдээлэл” цэсээс “Санал асуулга” хэсгийг сонгон саналаа өгөх боломжтой.

Иргэн та Үндэсний баялгийн сангийн зохистой бүрдүүлэлт, үр өгөөжтэй зарцуулалтад өөрийн санал бодлоо тусгах энэхүү чухал санал асуулгад идэвхтэй оролцоорой. Таны оролцоо Монгол Улсын ирээдүйн баялгийн хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулах болно.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна