Монголын энхийг сахиулагчид жендерийн тэгш байдлын үлгэр жишээ болжээ

М.Маралмичид
6 цаг 53 минутын өмнө

Монголын энхийг сахиулагчид НҮБ, олон улсын энхийн ажиллагаанд нөлөө бүхий, хариуцлагатай оролцогч болох сууриа бэхжүүлж, жендэрийн тэгш байдлыг хэрэгжүүлэх чадвартай, үлгэр жишээ хүчин гэдгээ нотолжээ. 

Энэ тухайгаа ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийг хаах үеэрээ тодотгоод, тус төсөл Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг дээшлүүлсэн үр дүн байсныг онцолсон юм. 

Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ "Төслийн үр дүн нь зөвхөн дотоодод жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг дэмжээд зогсохгүй, Монголын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын тавцанд бататгах, тэдний мэргэжлийн чадвар, манлайллыг дэлхийд үнэлүүлэх чухал алхам боллоо. 

Монголын энхийг сахиулагчид энхийн үйл хэрэгт төдийгүй нийгмийн тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чадамжтай. Тэдний гүйцэтгэх үүрэг, манлайлал, дуу хоолой нь олон улсын тавцанд төдийгүй эх оронд нь ч эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Монгол Улс, Европын холбоо хоорондын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчин, Европын холбоо анх удаа хамтран хэрэгжүүлсэн төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үйлс бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард талууд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн. 

Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Словени Улсад жендэрийн мэргэшүүлэх сургалтад 11 дүгээр сарын 18-28-нд хамрагдсан билээ. Төсөл нь Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын жендэрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан олон улсын ажиллагаанд үр дүнтэй оролцох чадамжийг нэмэх зорилготой.

Төсөлд хамрагдсан цэргийн алба хаагчдын тусламжтайгаар Зэвсэгт хүчний жендэр хариуцсан 80 гаруй албан тушаалтны "Жендэрийн мэдрэмжтэй Зэвсэгт хүчин" арга зүйн цугларалт, "Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжье" форум, гамшиг, эрүүл мэндийн салбарынхныг хамруулсан жендэрийн сургалт, Зэвсэгт хүчний удирдах түвшний 200 гаруй офицерт зориулсан жендэрийн бодлого, төлөвлөлтийн сургалт зохион байгуулжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна