Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг ирэх зургаадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан, БҮАТЗХ-ийн дарга Э.Мөнгөнхундага нар системийн шинэчлэлтийн талаар танилцуулж, нэгдсэн мэдээлэл өглөө.
ХББОСЯ- аас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилга ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.
Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэгдсэн системээр олгодог болсноор дараах давуу тал, шинэчлэлтийг бий болгоод байна.
Тус системд шилжсэнээр иргэн аж ахуйн нэгж байгууллагын хувьд дараах давуу талууд үүсэж байна Үүнд:
1. Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн.
2. Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон. Мөн хаяж гээж үрэгдүүлэх, алга болгох зэрэг асуудлыг хөнгөвчлөн шийдэж тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод, нээлттэй боллоо.
3. Өмнө нь инженер техникийн ажилтан нь давхцалаа шалгуулах, аль байгууллагад бүртгэлтээ эсэхээ мэддэггүй байдал үүсдэг, бусад байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтан /ИТА/ зөвхөн өөрийн нэгдсэн нэвтрэлтээр орж бүртгэлээ хаана байгааг шууд шалгах боломжтой болсон.
4. Тухайн аж ахуйн нэгж байгууллага, ИТА хасалт хийлгэхийн тулд системээр дамжуулан хүсэлт гарах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нэг байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг байдлыг бий болгосон нь тухайн компанийн хариуцлагыг нэмэгдүүлж байна.
5. Тухайн аж ахуйн нэгж бүртгүүлсэн и-мэйл хаягаа мартсан бол гуравдагч байгууллагад албан бичгээр хандан и-мэйл хаягаа авдаг, солиулдаг хүний оролцоотой цаг зав зарцуулдаг байсныг болиулж иргэн төрийн нэгдсэн мэдээллийн сандаа нэвтрээд имэйл хаяг бүртгэлтэй утсаараа дамжуулаад имэйл хаягаа авах боломжтой болсон.
6. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой болж байна.
7. Цаг хугацаа хэмнэж бүх материалыг онлайнаар бүрдүүлэх, илгээх боломжтой болсон тул оочер дараалал, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, тээвэрлэлт, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардлууд буурна.
8. Шийдвэр гаргах хугацаа тодорхой, хурдан болно.
9. Иргэдийн хувьд ажил, амьдралын хуваарьт саад учруулахгүйгээр хүсэлтээ гаргах боломжтой.
10. Хүсэлт өгсөн, шийдвэрлэсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.
11. Цахим систем нь 24/7 ажиллах тул хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой.
Тус системд шилжсэнээр төрийн байгууллагын хувьд дараах давуу талууд үүсэж байна Үүнд:
1. Тус систем нь төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдаж байгаа тул зөвшөөрөлтэй бүх компаниудын мэдээлэл төвлөрч, хяналт, шинжилгээ хийхэд хялбар болно.
2. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
3. Шийдвэр гаргалт, хяналтын процесс бүртгэгдэж үлддэг тул авлига, хүнд суртал буурна.
4. Төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмж нэмэгдэж, ил тод, нээлттэй байдал сайжирна.
5. Төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явц болон үзүүлж байгаа үйл ажиллагаанд цахим хэлбэрээр оролцох боломж нэмэгдэнэ.
6. Хяналт, шалгалт үр дүнтэй болно.
7. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж бүрдэнэ.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг ирэх 06-р сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна