“Насан туршдаа” дуу бодит амьдралаас үүдэлтэй дуу

Zuv.mn
5 цаг 43 минутын өмнө

24 жилийн өмнө зохиогдож сонсогчдын хүртээл болсон “Насан туршдаа” дуу нь албан ёсны клиптэй болсноор LUMINO хамтлагийн түүхэнд үзэгчдийн хүсэлтээр хийсэн 2дахь клип болж байна.

“Насан туршдаа” дууны талаар ЛЮМИНО хамтлагийн гишүүн МС бидэнтэй өөрийн түүхээ хуваалцлаа.

MC: 2001 оны зун энэхүү дуу маань зохиогдон гарч байсан. Бид нар “Энд гарч ирэв” цомгоо гаргачхаад, тэр зун нь энэ дууг араас нь гаргаж байлаа. Тэгээд 2002 оны зун сая клип нь хийгддэг энэ (RMX) хувилбар нь гарч байсан. Тухайн үедээ гарч байсан нэгэн солонгос дуунаас аяны санааг авч үгийг нь би зохиож хөгжмийг миний бие Аранза ахтай хамтран найруулж, Аранза ах маань хөгжим тоглож, бичлэгийг “Мичид” рекордс дээр бичүүлж, Гантөр ах маань гитар тоглож өгч байсан.

Тухайн үед гадагшаа явж сурах гэдэг “урсгал” залуучуудын дунд ид хүчээ авч байсан үе. Тийм болохоор энэ дуу гарах цаг хугацаа нь тэгж таарч тухайн үедээ супер эморлын дуу болж байлаа. Тухайн үед миний үерхэж байсан охин гадагшаа явж сурах болоод энэ дууг бичиж байсан. Учир нь хамтлагаа сонгож эндээ үлдэх эсвэл гадаадад сургуульд хамт явах гэдэг 2 сонголт дээр үлдэж байсан. Би өөрийн сэтгэлээ дуу болгон үлдээгээд өөрийн хүсэл мөрөөдлөө сонгож эндээ үлдсэн. Хэрэв тэр үед гадагшаа явах сонголтыг хийсэн бол Lumino- гийн оргил үед хийгдсэн дуунууд тухайн цаг үедээ буюу 2001-2005 оны үеүдэд гарахгүй байсан байх. Тэр үе одоогийнх шиг цахимжсан байгаагүй болохоор тэр. Хосуудын аль нэг нь гадагшаа сургууль соёлд явдаг урсгал их хүчтэй байсан учраас энэ дуу тухайн үедээ хүчтэй сэтгэл хөдлөлд хүмүүсийг автуулсан байх гэж боддог. Дээр нь “Насан туршдаа” дуу нь хиймэл зохиол биш үнэн сэтгэлийн үгстэй байсан учир өдийг хүртэл дуулагдсаар ирсэн байх. Бид тухайн үед 19-21 насны залуучууд байлаа. Өнөөдрийн хувьд бол шинээр гэрлэж буй хосуудын хурим дээр ихээр дуулагддаг болсон дуу. “Насан туршдаа бие биенээ хайрлаарай” гэж ерөөн хэлээд бид энэ дуугаа дуулж өгдөг. Ажиглаад байхад зохиогч хүмүүсийн бодит амьдралаас зохиогдож гарсан дуунууд хийсвэр зохиогдсон дуунуудаасаа илүү урт настай амьдардаг мэт санагддаг даа".




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна