Зои Салдана. 17 настайдаа АНУ-д амьдрал хайж ирсэн энэ доминикан бүсгүйг кино сонирхогчид “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны Анна-Мария, “Аватар” киноны Неитирийн дүрээр нь сайн мэдэх билээ. “Аватар”-аас хойш супер одод тооцогдох болсон ч бусад шигээ олны нүдэнд өртөөгүй нь эцэг эхээс заяасан угийн даруу зантай нь холбоотой гэх.
Нууцхан ч гэсэн ажлаа гялалзтал хийж амжуулдаг энэ бүсгүй оны эхэнд болсон Америкийн кино урлагийн академийн шагнал гардуулах ёслолоос "Оскар" шүүрч, авьяас билгээ дахин нэг зарлан тунхаглаад буй. Энэ жилийн "Оскар"-т "Эмилия Перес" эхмээх бүтээл онцгойрч, манай баатар Рита Мора Кастрогийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин болсон юм.
Гэрлэсэн болох нь бүхэл бүтэн гурван сарын дараа мэдэгдэж, паппараци, хов жив хөөцөлддөг сурвалжлагчдыг ичээж байсан . Хайртай жүжигчин нь “Хамар доор” нь хүнтэй үерхэж, бүр гэрлэчихсэнд нь шүтэн бишрэгчид нь удтал итгэхгүй байсан гэдэг. Аргагүй шүү дээ, тэр жил түүний тоглосон гурван ч кино нээлтээ хийж, ирэх жил нь бүр дөрвөн кино нь дэлгэцэнд гарахаар “дуншиж” байсан юм чинь. Ийм завгүй атлаа л амьдралынхаа чухал ажлыг амжуулаад явсан нь түүний хэр хөдөлмөрч бүсгүй вэ гэдгийг нотолно. Бас нууцлаг. Тэрбээр “My Fashion Database”-ийн сео Кейт Бриттонтой 11 жил үерхээд 2011 онд хоёр тийш болсон. Дараа нь жүжигчин Брэдли Купертэй салж, нийлээд хоёр жил гаруй болж байснаа Италийн жүжигчин Марко Переготой Лондонд нууцаар гэрлэсэн гэдгийг дээр та бүхэнд хэлсэн билээ. Одоо тэд гурван хүүхэдтэй. 2014 онд ихэр хөвгүүдтэй болсон бол 2017 онд нэгийг нэмжээ.
Ид хийж бүтээх насандаа яваа авьяаслаг жүжигчин бүсгүйг та бүхэндээ танилцуулья.
Зои Салданья 1978 оны зургадугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси хотод төржээ. Аав нь доминикан, ээж нь пуэрто рико. Тэднийх Зоиг 10 настай байхад нь Доминикан руу нүүж долоон жил амьдарчээ. Энд тэр Доминиканы Бүгд найрамдах Улсын хамгийн нэр хүндтэй бүжгийн сургуулийн балетын ангийг дүүргэсэн байна. АНУ-д буцаж ирснийхээ дараа тэр бүжгийн ур чадвараа ашиглан өсвөр үеийнхний дунд байдаг сөрөг үзэгдлүүдийг хөндсөн жүжгүүдэд тоглох болжээ. Ингэж явахдаа кастингийн агендлагт бүртгүүлсэн нь зөвдөж, 2000 онд Center Stage кинонд анхныхаа томоохон дүрийг бүтээсэн байна. Авьяаслаг балетчин бүсгүйн тухай өгүүлсэн энэ кинонд тоглоход түүний жүжиглэх гэхээсээ илүү бүжгийн ур чадвар нөлөөлсөн нь дамжиггүй.
Өмнө нь голдуу телевизийн нэвтрүүлэгт туслах дүрд тоглодог байсан хар арьст үзэсгэлэнт бүсгүй Зои үүнээс хойш бүрэн хэмжээний кинонд уригдах болжээ. Тэрээр поп дуучин Бритни Спирстэй цуг Crossroads (2002), “Карибын тэнгисийн дээрэмчид. Хар сувдны хараал” бүрэн хэмжээний кино, мөн Терминал (2004), Guess Who (2005) зэрэг телевизийн кинонд тоглохын кэрэгцээ Хуан Луис Геррагийн "La Llave де Mi Corazon" дууны клипт тоглож амжив. Харин өнгөрсөн жил Star Trek кинонд дүр бүтээсэн нь Жеймс Камероны анхаарлыг татжээ.
2009 он Зои Салданьягийн хувьд үнэхээр од гийсэн жил байлаа. Тэрээр Жеймс Камероноос “Аватар” киноны гол дүрд тоглох урилгыг авсан юм. “Жеймс Камероноос урилга гардана гэдэг маш азтай хэрэг. Тэр бараг арван жил олны анхаарлаас хол байсан учир энэ удаагийн бүтээл маш нямбай болно гэдэг нь анхнаасаа тодорхой байсан.
“Аватар”-ын гол дүр бол миний урьд бүтээж байсан дүрүүдээс хамгийн ярвигтай нь. Долоон сарын турш жингээ барих, гормоноо нэмэгдүүлэхгүй байх, гээд тоочоод байвал бэрхшээлтэй зүйл их. Энэ кинонд би өөр улсын биш, өөр гаригийн хүнд хувирсан учраас юм бүхэн шинэ содон байлаа. Энэ бүхний эцэст бүтээл маань үзэгчдэд таалагдсанд маш их баярласан. Одоо би маш их аз жаргалтай хүн болж хувираад байна” хэмээн “дайчин” бүсгүй маань тухайн үедээ өгүүлж байв.
Энэ кино түүнд алдар нэрийг жинхэнэ утгаар нь “бэлэглэсэн” юм. Зои 2010 он гарсны дараахан “Аvon” брэндийг сурталчлах гэрээнд гарын үсэг зурсан билээ. “Оскар”-ын шагналт жүжигчин Рийз Уитерспун энэ компанийг сурталчилдаг гэдгийг та мэдэх биз. Аватар-ын дараа түүний уран бүтээл, ар араасаа ундарч, гурван жилийн дотор 11 /!/ кинонд тогложээ.
Түүнээс хойш жилд бүр 3-4 кинонд тоглосоор ирсэн. Цар тахалтай 2020 онд л ганц "Бронксын цус сорогчид" кинонд тоглож амжсан, түүнээс хойш 11 кинонд тогложээ. Тухайлбал, 2022 онд гурав, 2023 онд дөрвөн кинонд тоглосон.
2025 онд "Аватар" франшайзын гурав дахь анги Avatar: Fire and Ash-д Нейтригийн дүрээ дахин бүтээсэн нь ирэх арван хоёрдугаар сарын 19-нд дэлгэцэнд гарна.
Тэрээр мөн сайн жүжигчнээс гадна загварын ертөнцийг ихээхэн сонирхдог, муугүй зохион бүтээгч бөгөөд "Arsamaci" нэртэй түүний загварын брэндэд Доминиканы үндэсний хувцасны онцлогууд шингэсэн байдаг гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна