Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах эсэх санал хураалтыг хойшлуулав

С.Гандэлгэр
1 цаг 53 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүдийн асуулт хариултыг явуулсан. /дэлгэрэнгүйг эндээс/

Иймд хуралдаан төслийн талаарх гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг ил болгосноор засаж, сайжруулах боломжтой тул гэрээг нууцлаад байгаагийн шалтгааныг тодруулахын зэрэгцээ Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч зэрэг бусад хилийн боомтуудыг хэзээ холбох талаар лавлаж байлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Харбины гэрээг нууцалсан зүйлгүй гээд энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцсэн тул гэрээний дагуу хэлэлцээр байгуулагдсан гэв. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын барилгын ажил эхэлмэгц бусад боомтуудын асуудлыг шийднэ гэсэн тайлбарыг өгсөн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа энэ асуудлыг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хоёр хоногийн хугацаатай оруулж ирэн, батлуулсныг тодотгоод тухайн цаг үед гишүүдэд мэдээлэл бүрхэг, хариулт хангалтгүй байсан гэв. Мөн нүүрсний борлуулалтын ард хулгай байдаг гэх хардлага, сэрдлэгийг арилгахын тулд Улсын Их Хурал чиг үүргийнхээ дагуу хяналт, шалгалт хийхээр Түр хороо байгуулах эрхийн дагуу асуудлыг тавьсан гэх нэмэлт тайлбарыг өгсөн.


Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал ард түмэн байгалийнхаа баялагт эзэн байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд улстөрчид, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар манлайлж ажиллах ёстойг онцлоод цаашдаа Засгийн газар олборлох салбарынхаа ил, тод байдлын эрх зүйн орчныг том агуулгаар нь шийдэх хуулийн төслийг оруулж ирэх, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас гишүүдийг  холбогдох мэдээллээр сайтар хангах шаардлагатайг анхааруулав.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын гурван гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл танилцууллаа.

Тэрбээр, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан бөгөөд уг хуулийн зорилго нь шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгааг дурдаад Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг баталсан гэв.   


Дээрх хууль, тогтоолд шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, санхүүжилтийн эрх зүйн үндэс, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон эх үүсвэр, тогтолцоог бүрдүүлэх, Шинжлэх ухаан технологийн санг олон улсын адил төстэй сангуудын жишиг, хөгжлийн бодлогод нийцүүлэн өөрчлөн зохион байгуулна гэж тус тус заасан боловч, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалтад төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн багш, эрдэмтэд оролцох боломж хязгаарлагдмал байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Захиалагч тендерийн батлагааг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтооно.” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана” хэмээн тендерийн төсөвт өртгөөс хамааруулан тендерийн болон гүйцэтгэлийн баталгааг оролцогчоос гаргуулах зохицуулалттай байна гэж байлаа.


Шинжлэх ухааны академийн төрийн өмчийн их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач, багш нарын хувьд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй харьцуулахад аливаа тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахад хөрөнгө, санхүүгийн хүндрэл үүсдэг. Шинжлэх ухааны академийн хувьд жишээ авч үзэхэд, өөрийн эзэмшиж ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд барьцаа болгон сонгон шалгаруулалтад оролцох эрх мөн хаалттай байна. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн зүйлийн 30.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д “Төрийн өмчийг барьцаалах орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг УИХ-д хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ. Эдгээр зохицуулалтууд нь төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулийн эрдэмтэн, багш нар тухайн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг хязгаарлаж байгаа тул дээрх хууль тогтоомжид заасан үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний холбогдох ажил гүйцэтгэхэд эрх зүйн орчныг бүрдүүлэх, нээлттэй болгох зайлшгүй шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.


Үүний үр дүнд нь эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын хүний нөөцийн туршлага, чадамж, олон жилийн судалгааны үр дүнгээр бий болсон өгөгдөл, мэдээллийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэнэ гэдгийг Д.Рэгдэл гишүүн танилцуулгадаа дурдлаа.   

Үргэлжлүүлэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нараас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцлов.


Хуулийн төсөлд Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан сонгон шалгаруулалтад шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгөөр хийсэн шинжлэх ухааны судалгааны дата бааз байхгүйгээс судалгаа, шинжилгээний ажлыг давхардуулан хийж, төсвийн үргүй зардал гаргадаг байдлыг арилгах үүднээс үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, тус сангийн ил тод байдлыг хангах зохицуулалтыг тусгасан гэлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 04 дүгээр хавсралтаар батлагдсан Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалыг баримтлан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар улсын төсөвт шинээр зардал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн санал авч байгаа болно гэж байв.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 58.8 хувийн саналаар, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 64.7 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Д.Рэгдэл гишүүн санал, дүгнэлтдээ дурдсан. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Бум-Очир, А.Ариунзаяа, П.Сайнзориг, М.Ганхүлэг, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, Ж.Галбадрах, Б.Хосбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын жишгээр судалгааны их сургуульд тавигддаг нэг шаардлага нь санхүүжилтийнх нь 30 орчим хувь нь судалгаанаас орж ирсэн байх ёстой байдаг. Монголд энэ хувь, хэмжээнд хүрэх сургууль байхгүй. Монголын их, дээд сургууль хөгжиж чадахгүй байгаа олон хязгаарлалтын нэг асуудлыг хуулийн төсөлд тусгаж, боломжийг нь нээж өгч буйд талархаж байна гэж байлаа. Түүнчлэн гишүүд хуулийн төсөл батлагдаж шинжлэх ухааны байгууллагууд ажил авч гүйцэтгэснээр хэчнээн төгрөгийн эдийн засгийн боломж нь нэмэгдэх талаар, хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох тооцоо, судалгаанууд хийсэн эсэхийг тодруулав.


Хууль санаачлагч гишүүн Д.Рэгдэл хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тодорхой хэмжээний чанарын өөрчлөлт гарна гээд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, технологийн салбараас 5000 орчим үр дүн бий болсон байдгаас 60 гаруй хувь нь гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлүүлж, 30-40 хувь нь технологи, патент, ашигтай загварын гэрчилгээ, зохиогчийн эрхийн үнэмлэх гэсэн хэлбэрээр үр дүн баталгаажсан байдаг гэж  хариулав. 

Мөн төсөл санаачлагч гишүүн Б.Уянга, энэхүү хуулийн төслөөр улсын төсвөөс зарлагдаж байгаа шинжлэх ухааны чиглэлийн ажлуудыг академи болон төрийн өмчит их, дээд сургуулийн судлаачид чиглэлийн дагуу хийх боломж нээгдэнэ. Шаардлагатай тохиолдолд шууд гэрээгээр явах нь зүйтэй гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. 


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, “Их, дээд сургуулийн цалин, санхүүжилтийг нэмэгдүүлэхийн гарц, гаргалгаа нь судалгааны ажлын тендер авах боломжийг нь энэхүү хуулийн төслөөр нээж байгаа тул цаашдаа энэ асуудлыг хөндөн ярьж, анхаармаар байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг “Монгол Улс шиг дээд боловсролын байгууллагыг их, дээд сургууль, коллеж гээд гурван ангилсан орон байхгүй. Олон улсад их сургууль, коллеж, үүн дотроо их сургуулиа дахиад судалгааны гээд нэрийдсэн байдаг. Оюуны уураг тархи ажиллаж байх институцийг бид нар хүртэл мөн чанараар нь ангилаад, заримынх нь толгойг нь илээд байгаа учраас Монгол Улсад мэдлэгт хөрөнгө оруулагчдыг, мэдлэгийг дэмждэг институц сууриараа хөгжихгүй байна” гэдгийг онцолж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн заалтууд хууль хоорондын зөрчилтэй байгаагийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны сургуулиудыг хамруулаад бусад их, дээд сургууль, лабораторийн бүтээлийг эрдэм шинжилгээний ажил гэж үзэхгүй байх агуулга төсөлд туссаныг төсөл санаачлагчид болон салбарын яам онцгойлон анхаарах шаардлагатайг хөндөж байлаа.


Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг дараагийн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан хүртэл хойшлуулав.

Хуралдааны төгсгөлд хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна