Ялагдагчийн хувь тавилан

Zuv.mn
42 минутын өмнө

Оросууд "Аугаа их эх орны дайн" гэж нэрлэдэг Дэлхийн II дайны шийдвэрлэх ялалтын баярын өдөр өнөөдөр тохиож байна. 1945 оны энэ өдөр ялагч талуудын хувь баяр хөөрт умбан байсан нь мэдээж хэрэг. Гэвч эзлэгдсэн орны иргэдийн хувьд чөлөөлөлт нь хүн болгонд ижил байгаагүйг гэрчлэх нэгэн зургийн түүхийг танд уншигч хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд чөлөөлөгдсөн улсуудад “өшөө авах” хөдөлгөөн өрнөсөн юм. Германчуудыг ялж явах үед талд нь орж байсан урвагчид, үмх талхны төлөө герман цэрэгтэй явалдсан, тэр ч байтугай хүчинд автсан хөөрхий бүсгүйчүүдийг ч тойроогүй энэ хатуу өшөө авалтын өмнө дэлхийн дайн өдөөсөн А.Гитлер өөрөө ч хулчийж, амиа хорлосон билээ.

Эзэлсэн орнуудад Рейхийн дэглэмийг сахиулж байсан цэрэг, албан тушаалтнууд дайны байдал огцом өөрчлөгдсөн тэр жилүүдэд чухам л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу“ гэгч болсон байдаг. Ийм нэгэн эмгэнэлт хувь тавилантай эрийн гунигт төгсгөлийг та бүхэн харж байна. Тэрээр Австрийн Вена хотод германы дэглэмийг сахиулдаг байжээ.

Зургийг авсан Евгений Халдей “Би колонийн цэргүүдийн зургийг авахаар Парламентын ордны арын цэцэрлэгт очоод энэ дүр зургийг харсан. Хүзүү, толгойдоо буудуулж амь тавьсан эмэгтэй сандал дээр суугаагаараа хөшсөн байлаа. Хажууд нь 15 орчим настай болов уу гэмээр өсвөр насны хүү, охин хоёр бас л үхсэн байв. Хөвгүүн нь суугаагаараа, охин нь эсэргүүцэл үзүүлсэн бололтой, хэвтсэн байдалтай хорвоог орхижээ. Тэднээс холгүй газар өрхийн тэргүүн бололтой хижээл эр үхсэн хэвтэнэ.

Ханцуйд нь национал социалистуудын албан хаагч болохыг нь илэрхийлсэн алтан тэмдэг харагдаж байв. Гэнэт Парламентын ордноос нэгэн хүн гүйн гарч ирээд “Тэр гэр бүлийнхнээ хөнөөсөн, оросын цэргүүд биш. Тэр өөрөө л үүнийг хийсэн. Би харсан. Тэд өглөө 06.00 цагт энд ирсэн. Би тэгэхэд суурийн давхрын цонхоор тэднийг харж байсан юм. Гадаа ямар ч чимээгүй байсан. Тэр эхнэр хүүхдүүдээ бүгдийг нь сандал дээр зэрэгцүүлэн суулгаад өөрөө боссон. Юу хийх гээд байгааг нь ойлгоогүй. Гэтэл эхнэр хүү хоёроо буудаж алсан. Охин нь тэмцэлдсэн ч сандал дээр дарж байгаад мөн л буудсан. Дараа нь жаахан холдож юу хийснээ харж байснаа өөрийгөө буудчихсан” гэж ярьсан” хэмээн өгүүлжээ.

Үнэндээ түүний сонголтыг бид шүүх эрхгүй. Ялагч байж үзсэн хүний хувьд, ялагдагчийг ямархуу хувь тавилан хүлээж байгааг мэддэг учраас тэрээр ингэж шийдсэн биз ээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна