​ Улаанбаатарын зам дээрх “чимээгүй дайн”: Скүүтер, мопед, мотоцикл ба дүрэмгүй хот

Т.Отгонсувд
1 цаг 9 минутын өмнө

Таван км замыг туулахын тулд Улаанбаатарын иргэд дунджаар 40 минут зарцуулдаг хотод цахилгаан скүүтертэй хүн ижил зайг 10-15 минутад туулж байна. Түгжрэлд гацсан жолооч нарын хажуугаар скүүтер, мопед, мотоциклтой хүмүүс сүлжин өнгөрөх нь өнөөдрийн хотын хамгийн түгээмэл дүр зураг болжээ.

Энхтайваны өргөн чөлөөний автобусны буудал орчимд хүмүүс ажил, сургууль руугаа яаран алхана. Яг энэ мөчид цахилгаан скүүтертэй залуу хүн явган хүний замаар хурдтай сүлжин өнгөрч, хүүхдээ хөтөлсөн эмэгтэйг мөргөх шахна. 

Нөгөө талд нь мопед унасан хүргэлтийн ажилтан автомашины эгнээний завсраар шахцалдан явж байна. Ард нь мотоциклтой залуус хурд нэмэн дайрч өнгөрөхөд жолооч нар огцом тоормос гишгэнэ.

Энэ бол Улаанбаатарын энгийн нэг өглөө.

Сүүлийн жилүүдэд түгжрэлээс залхсан иргэдийн сонголт өөрчлөгдсөн. Автомашинаас татгалзаж, цахилгаан скүүтер, мопед, дугуй, мотоцикл унах хүн эрс олширсон. Гэвч хот тэднийг хүлээж авахад бэлэн байсангүй.

Яагаад гэвэл Улаанбаатарт унадаг дугуйн болон бичил хөдөлгөөнт тээврийн зориулалтын аюулгүй дэд бүтэц бараг байхгүй.

Ослын тоо “дэлбэрч” эхэлжээ

Албан мэдээллүүдээс харахад хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд огцом өссөн байна.

2022 онд скүүтер, мопед, цахилгаан дугуй зэрэг хоёр дугуйт хэрэгслээс шалтгаалсан ердөө 50 орчим осол, гэмтэл бүртгэгдэж байсан бол 2025 онд энэ тоо 2792 хүрсэн талаар мэдээлжээ. Өдөрт дунджаар 37 мянган хүн скүүтер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Өөрөөр хэлбэл хэдхэн жилийн өмнө “ховор үзэгдэл” байсан скүүтер, мопед өнөөдөр нийслэлийн хөдөлгөөний томоохон оролцогч болсон ч хотын дэд бүтэц, хууль дүрэм үүнийг дагаж өөрчлөгдөж амжаагүй байна.

“Явах газаргүй хүмүүс”

Улаанбаатар хотын авто зам анх автомашинд зориулж төлөвлөгдсөн. 

Зарим хэсэгт хэдхэн зуун метр үргэлжлэх дугуйн зам бий ч гэнэт тасардаг. Нэг хэсэгтээ явган хүний замтай нийлж, дараа нь машины зогсоол болж хувирна. Өвөл цасанд дарагдаж, зун худалдаачин, шон, хашаанд хаагддаг.

Ингээд скүүтер, дугуй, мопед унасан хүмүүсийн өмнө хоёрхон сонголт үлдэнэ:

Явган хүний замаар явах, автомашины урсгал руу орох. Аль аль нь аюултай.

Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээрх мөргөлдөөн, шүргэлт, ослын тухай гомдол эрс нэмэгдсэн талаар иргэд ярьдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их эрсдэлд орж байна.

Явган хүний зам угаасаа алхах зориулалттай. Гэтэл өнөөдөр скүүтерүүд 20-40 км/ц хурдтай явган хүний замаар явж, хүмүүс араасаа чимээгүй ирэх тээврийн хэрэгслийг анзаарахгүй мөргүүлэх тохиолдол нэмэгджээ.

“Алхаж яваад араас скүүтер мөргөх шахсан” гэх яриа Улаанбаатарт хэвийн үзэгдэл болсон.

Хотын орон зай явган хүнийх байхаа больж байна. 

Машины зам дээр бол бүр аюултай. Нөгөө талд нь мопед, мотоцикл унадаг хүмүүс өөрсдөө хамгийн эмзэг хөдөлгөөнд оролцогчид болжээ.

Улаанбаатарын жолооч нарын дунд толь шалгах соёл сул, эгнээ шахах үзэгдэл түгээмэл, хурд хэтрүүлэх, утсаа оролдох, гэнэт хаалга онгойлгох зэрэг эрсдэл өндөр хэвээр байна.

Энэ дунд жижиг биетэй мопед, скүүтер, мотоцикл бараг “үл үзэгдэгч” мэт хөдөлгөөнд оролцдог.

Зуны улиралд мотоциклтой холбоотой осол тогтмол өсдөг талаар албаныхан анхааруулдаг. 

Насанд хүрээгүй “жолооч нар” хотын шинэ эрсдэл болов

Улаанбаатарын гудамжинд өнөөдөр хамгийн түгээмэл харагддаг дүр зургуудын нэг нь түрээсийн скүүтер, мопед дээр хоёр, гурваараа сундалдсан өсвөр насныхан.

Зарим нь хамгаалалтын малгайгүй. Зарим нь гар утсаа оролдсоор. Зарим нь бүр автомашины урсгал сөрж, эсвэл явган хүний зам дээр өндөр хурдтай давхина.

Хамгийн аюултай нь тэдний ихэнх нь замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй.

Улаанбаатарт түрээсийн скүүтер, мопедын хэрэглээ огцом өссөн ч хяналт, шалгуур нь үүнийг гүйцэхгүй байна. Нас баталгаажуулах систем сул, зарим төхөөрөмжийг хэн ч QR уншуулаад ашиглаж болдог учир насанд хүрээгүй хүүхдүүд хөдөлгөөнд чөлөөтэй оролцож байна.

Түгжрэлээс зугтах хэрэгсэл үү, шинэ аюул уу?

5 км замыг 40 минут туулдаг хотод хүмүүс хамгийн хурдан хувилбарыг сонгож байна. Скүүтер, мопед унасан хүн ижил зайг хэд дахин хурдан туулж чаддаг учир хүргэлтийн үйлчилгээ, залуус, оюутнуудын хэрэглээ асар өсөв.

Гэвч асуудал нь хурд биш. Хот бэлэн биш байгаад оршино. Замгүй мөртлөө хэрэглээ нь тэсэрч өссөнөөр  явган хүн айдастай алхаж, жолооч нар бухимдаж, скүүтертэй хүмүүс өдөр бүр ослын ирмэг дээр явж байна.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар өнөөдөр автомашин, явган хүн, бичил тээврийн хэрэгсэл гурав нэг зам дээр амьд үлдэх гэж өрсөлдөж буй хот болжээ.

Скүүтер унасан залуу буруутай юу?
Явган хүний зам дээр айдастай алхаж буй иргэн буруутай юу?
Эсвэл машины урсгал дунд амь дүйж яваа мотоциклчин буруутай юу?

Магадгүй асуудал хувь хүндээ биш. Харин бүгдийг нэг зам дээр хүчээр чихсэн хотын төлөвлөлтөнд байна. Хэрэв Улаанбаатар энэ асуудлыг одооноос шийдэхгүй бол зуны улирал бүр ослын мэдээ өсөж, зам дээрх бухимдал нэмэгдэж, хотын хөдөлгөөн улам аюултай болох эрсдэл бодитой байна.

Түгжрэлээс зугтах гэж гарсан хүмүүс эцэстээ нэгнийхээ амь насанд аюул учруулдаг чимээгүй дайнтай хот болж хувирлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна