Ювентусын шинэ лого бол зүгээр л хог

21 цаг 9 минутын өмнө
Тус багийн фэнүүд ийнхүү уурсан байна. Зөвхөн Ювентус ч биш дэлхий даяарх бусад багийн фэнүүд ч энэ логонд дургүйцлээ илэрхийлж, ривал багийн фэнүүд нь харин доог тохуу хийн сууна. Уламжлалт хар цагаан логог стайл оруулсан J үсгээр сольсноо багийн удирдлагууд уржигдар танилцуулсан. Үүний дараахан тус багийн фэйсбүүк хуудас газар газрын фэнүүдийн сэтгэгдлээр хучигджээ. Ердөө хэдхэн цагийн дотор л хэдэн арван мянган сэтгэгдэл бичигдсэн байлаа. Энэ дундаас “Зүгээр л хог. Бид дэлхий дахинд уламжлалт логогоороо танил болсон баг. Бид түүнд хайртай, энэ J үсгэнд биш” гэсэн сэтгэгдэл дээр хормын дотор л хэдэн мянган лайк дарсан байв.

Өөр нэг фэн “Энэ бол Ювентусын түүхэн дэх хамгийн шившигт явдал” гэсэн нь мөн л олон талархал хүлээж. Гэхдээ зарим нь бас өөдрөг байгаа бололтой. Нэг фэн “Бид цаг хугацаатай зэрэгцээд хувьсаж байх ёстой” гэсэн нь нэлээдгүй лайк цуглуулж. Гэхдээ л дийлэнх нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Фэнүүдийг уурсуулсан бас нэг зүйл нь логог танилцуулсан газар аж. Нэг фэн “Яагаад заавал Миланд гэж. Эндээс 140 км хол байдаг тэнд очоод шүү. Бид өөрийн гэсэн хоттой” гэсэн сэтгэгдлийг мөн олон хүн дэмжсэн байна.

Багийн эзэн Андреа Аниелли “Шинэчлэл гэдэг бол чи хэн байснаа умарталгүйгээр хийдэг урагш харсан алхам байдаг. Хамгийн чухал зүйл нь талбай дээр өөрсдийгөө харуулах. Өмнө нь ч тийм байсан, одоо ч энэ нь чухал нь хэвээрээ” гэжээ. Ямартай ч энэхүү явдал жигтэйхэн шуугиан тарив. Эсрэг багуудын фэнүүдийн сэтгэгдлийг тус багийн фэнүүдийг хүндлэх үүднээс орчуулахаа азнав. Гэхдээ цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэдэг. Харж л байя даа.




 
Эх сурвалж: www.bild.de
Л.ОЛОНБАЯР 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна