МЕГА ТӨСЛҮҮД: "Эрдэнэт"-ийн ордыг нээснээс хойш мөрөөдсөн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

Zuv.mn
4 цаг 31 минутын өмнө

Мэдээллийн Зөв.мн сайт Монгол Улсын Засгийн газраас "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Бид энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулж буй үйлдвэрлэл, технологийн паркийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж байна.

                                                                  Аранзал металл ба алсын хараа

Монгол Улс 2050 хүртэлх урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө “Алсын хараа” гэж нэрлэсэн билээ. Алсын хараа гэдэг нь ирээдүйд болох үйл явдал, нөхцөл байдлыг урьдчилж харж, одооноос зөв замыг тодорхойлох гэсэн утгатай. Тэгвэл уул, уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгосон, эрдэс баялаг ихтэй манай улс ямар баялгаа, хэдийд нь хэрхэн ашиглах вэ гэдэг шийдэлд ч алсын хараа бий.

Өмнө нь бид байгаа уурхайнуудаа дэмжиж, хүчин чадлыг нь аль болох ахиулах, улмаар экспортын биет хэмжээг өсгөх замаар орлогоо нэмэгдүүлэх бодлого барьж байсан бол одоо олборлолт нэмэхийн хажуугаар боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, бүтээгдэхүүнд аль болох өртөг шингээх замаар хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх бодлого руу шилжиж байна.

Түүнчлэн, эрин үеийнхээ хамгийн өндөр ач холбогдол бүхий эрдэст илүүтэй анхаарал хандуулж, байр сууриа олж авах, нэгэнт оролцоотой болчихсон зах зээлдээ байр сууриа дархалж, гол тоглогчдын нэг болохыг хичээх нь бидний хувьд хамгийн бодитой, зөв шийдэл.

Тэгвэл боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн боломжтой, үр өгөөж өндөр, Монголыг салбарын том тоглогч болоход бодитой нөлөө үзүүлж чадах салбар нь яахын аргагүй зэс юм.

Монгол Улс зэсийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай. Гэвч өнөөдрийг хүртэл зэс цэвэршүүлэх үйлдвэр бариагүй яваа. Өөрөөр хэлбэл, баялгийнхаа өгөөжийг дутуу хүртэж ирсэн, бидний экспортолсон баяжмалыг цэвэршүүлэх үйлдвэртэй улсууд авч эдийн засгаа тэтгэдэг гэсэн үг. Энэ байдлыг халахын тулд төрөөс олон удаа судалгаа хийж, үйлдвэр барихыг оролдсон ч ажил хэрэг болоогүй юм /Цагалбар харна уу/.

Шалтгааныг нь мэргэжлийн хүмүүс “Дэд бүтэцгүй газар төлөвлөж байсантай холбоотой Харин Засгийн газар 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийнхөө нэгээр нэрлэсэн “Эрдэнэт” УБҮ-ийг түшиглэн байгуулж буй Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр юм.

                                   Эрдэнэтийн орд нээгдсэнээс хойш тээсэн зорилго 

“Эрдэнэт” УБҮ-ийг түшиглэн цэвэр зэс үйлдвэрлэх санаа монголчуудад бол УБҮ-ийн ТЭЗҮ-г боловсруулах шийдвэр гарсан  цагаас хойш л байсан гэдэг. Гэвч хөрөнгө оруулагч тал болох ЗХУ боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах сонирхолтой байсан тул зөвшөөрөөгүй юм. Тухайн үед хувь эзэмшлийн дийлэнх нь ЗХУ-ын мэдэлд байсан учраас өөр арга байгаагүй. Уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсанаас хойш 10 гаруй жилийн дараа, 51 хувийг эзэмшсэний дараа л бид үйлдвэрийг өөрсдийнхөөрөө хөгжүүлэх эрхтэй болж, тэр цагаас хойш уйгагүй ажиллаж ирсэн юм.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хийгдсэн судалгаа, гол үр дүнгүүд

   

  • 1993 он. ЯПОН-JICA-ийн Эрдэнэт уурхайн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн судалгааны тайлан
  • 2013 он. ЯПОН-JICA-ийн Монгол дахь зэс үйлдвэрлэлийн салбарын судалгааны тайлан
  • 2014 он. EMC-ЗБХБҮ-ийн урьдчилсан ТЭЗҮ-д тусгасан голлох асуудал
  • 2016 он. КАНАД-НАТCH-Байршил сонгоход ашигласан гол үзүүлэлт
  • Хайлуулах үйлдвэрийн байршлыг сонгох нөхцөл нь инженерийн шугам сүлжээ, түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зай, цаг агаарын нөхцөл байдал, засвар үйлчилгээний цехийн ашиглалт болон бусад хүчин зүйлээс хамаарна
  • Эдийн засгийн хувьд бүтээгдэхүүний зах зээлд ойр байхын тулд дайвар бүтээгдэхүүн хүхрийн хүчлийн зах зээлийг анхаарах,
  • Аж үйлдвэрийн цогцолбор байдлаар байгуулах,
  • Зэсийн баяжмалыг боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай байх хамгийн бага хүчин чадалтай үйлдвэр нь 100 000 тн/жилд дээш байна
  • Дан ганц боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдол багатай, тиймээс катодын зэсийг ашиглан дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх шаардлагатай
  • SKS технологи нь техник технологийн үзүүлэлтээр бусад тэргүүлэх технологиудтай адил бөгөөд хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлаар харьцангуй бага
  • Хүхрийн давхар исэл агуулсан хийг битүүмжлэн боловсруулах явцад нийт хүхэр барилт 96-98% байхаар тооцсон.
  • Элементийн хүхэр үйлдвэрлэх хувилбар нь Монгол улсын нөхцөлд илүү тохиромжтой.
  • Шаардлага хангахуйц хүчдэл бүхий цахилгаан эрчим хүчний хангамж
  • Шаардлага хангахуйц хэмжээ бүхий усан хангамж
  • Үндсэн түүхий эдийн тээвэрлэлт, бүтээгдэхүүний тээвэрлэлт
  • Тухайн байршил дахь ажиллах хүчний байдал, мэргэжлийн түвшин

Хууль, эрхзүйн хүрээнд гарсан шийдвэрүүд 

Анхны судалгаа хийгдсэн 1993 оноос хойш олон судалгаа хийгдэж, УИХ, Засгийн газраас олон тогтоол шийдвэр гарсан ч ажил хэрэг болж чадаагүй. Харин одоо хэрэгжиж буй төслийн эхлэл 2020 онд тавигдсан юм. Тухайн онд гарсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.14-д “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барьж, байгуулна” гэж тусгаснаар хэрэгжүүлэх хууль, эрхзүйн үндэслэл бий болжээ.

Дараа жил нь Монгол Улсын Их Хурлын 106 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлогo"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.1-д "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхай-металлурги химийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор /зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр/-ыг байгуулах” гэж тусган, өмнөх шийдвэрээ баталгаажуулсан бол 2024 оны наймдугаар сард 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгасан бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 10-д “Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна” гэж, мөн хөтөлбөрийн 1.3.3.2.-т "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулна”, 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын 3.3.6-д “Орхон аймагт Зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна” гэж тусгаснаар хэрэгжүүлэх нь тодорхой болсон юм.

ТЭЗҮ, БОННҮ бэлэн, төмөр зам, авто замын бүтээн байгуулалт 55 хувьтай байна...

Төслийг хэрэгжүүлэх ажил “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт орсны дараа буюу 2022 оноос эхэлжээ. Тухайн жил Засгийн газраас 171 дүгээр тогтоол гарч, 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан аж. Үүнээс 400 орчим га талбайд паркийн суурь үйлдвэрүүд баригдаж, үлдсэн талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна төлөвлөсөн байна.

Үүнээс ҮТП-ийн суурь үйлдвэр болох SKS технологи бүхий зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барих санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гаргахаар шийдвэрлэсэн. АӨнөөдрийн байдлаар ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулсан. Төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55 хувьтай байна.

Зөвхөн зэс биш, алт, мөнгө цэвэршүүлж, хүхэр үйлдвэрлэнэ 

Эрдэнэт ҮТП байгуулагдсанаар нийт 1300 орчим ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрны 65% буюу 853 нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарч байна.

Нийгэм эдийн засгийн тооцоолол нь тухайн паркт хэрэгжих боломжтой шинэ шинэ төслүүдийн ашигт ажиллагаанаас шалтгаалж, тасралтгүй өсөн нэмэгдэхээр хийгдсэн бөгөөд суурь дэд бүтцийг ашиглан шинэ, шинэ үйлдвэрүүдийг гадна, дотны хөрөнгө оруулалтаар барих боломжтой.

Хүчин чадлын хувьд, жилд “Эрдэнэт” УБҮ-ийн баяжмалыг 100 хувь /560 мян.тн/ боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр,  118,227 тн  хүхрийн хүчлийн уусмал /10% агууламжтай/ үйлдвэрлэнэ. Хүхрийн хүчлийн уусмал нь уран зэрэг стартегийн ашигт малтмалыг олборлоход чухал шаардлагатай түүхий эд юм. 

Үйлдвэрийг барьж байгуулахад 762.255 сая ам.доллар шаардагдахаас 306,976 саяыг Эрдэнэт УБҮ, үлдсэн 455.278 сая ам.долларыг урт хугацаатай зээлээр санхүүжүүлж, 7.7 жилд өртгөө нөхөхөөр төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.3.97
    2 цагийн өмнө

    Өнөө маргаашийн мах талх бодож сонгуульд санал өгч хийж бүтээх улсаа хөгжүүлэх бодлого явуулж буй улс төрийн хүчнийг тогтворгүй болгодог аминч үзлээсээ салах нь чухал бөгөөд төрийг тогтвортой байлгаж урт хугацааны үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх ухаан сонгогч бүрт байвал сайн юмсан.

    Хариулах