Хүнгүй газар газаргүй хүмүүсийн төлөө байдаг...

Х.Батсайхан
2 цаг 30 минутын өмнө

                                    -ОХУ Алс Дорнодыг БНХАУ-тай хамтарч хөгжүүлж байна-

                                                                                    Дундын нутаг

ОХУ-ын Алс Дорнодод шилжин суугч хятадуудын тоо нутгийн оршин суугчдын хэмжээнд дөхөж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийнхний санааг зовоож байна. Хэвлэлд барагтай л бол ярилцлага өгдөггүй ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев /2024 оны тавдугаар сараас Ерөнхийлөгчийн туслахын ажилд шилжсэн/ саявтархан яриа өгөхдөө энэ сэдвийг хөндсөн нь асуудал нэлээд ноцтой түвшинд очсоныг харуулна. Тэрээр хэдийгээр ярилцлагадаа “БНХАУ Алс Дорнод руу нүдээ унагаж байна гэдэг бол яриад байгаа шиг ноцтой түвшинд хүрээгүй, энэ бол америкчуудын гаргасан яриа. Тэд БНХАУ, ОХУ-ын хооронд ямар нэг байдлаар эвдрэлцлийн оч цахихыг хичээж, иймэрхүү байдал үүсгэх боломжтой утасны учиг бүхнийг татаж үзэж байна. Яагаад гэвэл бидний хүчийг сулруулж байж л дэлхийд ноёрхох учраас тэр” гэсэн утга илэрхийлсэн. Үнэндээ ч ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар 2016 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Алс Дорнодыг хамтран хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, энэ бүс нутагт хэрэгжиж байсан олон төслийг БНХАУ-д хэсэгчлэн худалдах буюу хөрөнгө оруулалт татсан болохоор хятадуудын тоо олшрох нь зүйн хэрэг мэт. Гэвч Алс Дорнодод хятадууд хүчээ авч байгаа нь яалт ч үгүй үнэн юм. АНУ энэ байдлыг өлгөн авч, анхааруулах маягаар суртал ухуулга хийж байгаа нь ч үнэн.

                                      Өөдрөг үзэлтнүүд англи, гутранги үзэлтнүүд хятад хэл сурдаг

Цэргийн шинжээч Фрэнк Жейкобс тэрхүү гэрээ байгуулагдахаас жил орчмын өмнө “The New York Times” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ БНХАУ Сибирийг чимээгүйхэн эзэлж байгаа талаар хөндсөн. Тэрээр нийтлэлээ НҮБ еврей иргэдэд Палестины нутаг дэвсгэрт газар заан суурьшуулах үед хэрэглэж байсан “Хүнгүй газар, газаргүй хүмүүсийн төлөө байдаг” хэмээх уриа үгээр эхэлж, цааш нь “Алс Дорнод нь орхигдсон газар болж хувирсан, ОХУ энэ бүс нутгаа хөгжүүлэхийн тулд юу ч хийж чадахгүй байгаа. Харин БНХАУ Энэтхэгийн дайны хэмжээтэй газар нутаг сул байгааг зүгээр хараад суухыг хүсээгүй нь цаашдаа хоёр улсын хооронд дайн  үүсгэж ч мэдэх хэмжээнд хүрсэн” гэх мэтээр бичсэн байдаг. Яг одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл ОХУ, БНХАУ-ын хооронд томоохон эвдрэлцээн гарах магадлал маш бага харагдаж байгаа ч, нөгөө талаар Ф.Жейкобс огт ор үндэсгүй зүйлс эрээчсэн биш гэнэ. Зөвхөн одоо биш, бүр ЗХУ-ын үед ч оросууд Алс Дорнод руу хийх БНХАУ-ын дайралтаас болгоомжилдог байжээ. Социализмын үед зүйр цэцэн үг болох шахталаа дэлгэрсэн “Өөдрөг үзэлтнүүд англи, гутранги үзэлтнүүд хятад хэл сурдаг. Одоогоороо амьдардаг хүмүүс Калашниковын автоматаар буудаж сурдаг” гэсэн үг чухам Алс Дорнод дахь хятадуудын хууль бус цагаачлалтай холбоотой аж.

Хүнгүй газар, газаргүй хүмүүсийн төлөө байдаг

                                                                                            “Хахууль”

Одоогийн эрх баригчид энэ байдлыг зүгээр хараад суугаагүй, арга хэмжээ авсан. Тухайлбал, нэлээд дээхнэ үед цөмийн цэнэгт хошуу бүхий пуужинг энэ бүс нутагт байрлуулсныг дурдаж болно. Гэсэн ч энэ нь хангалтгүй байжээ гэдэг нь Ерөнхийлөгч В.Путин “Алс Дорнодод сайн дураараа ирж суурьшсан иргэдэд нэг га газар үнэгүй олгох” санаачилгаас харагдсан юм. Өөрөөр хэлбэл, хил орчмын суурин газрын оршин суугчдын харьцаанд хятадуудын эзлэх байр суурь нэмэгдсээр байсныг энэ явдал илчилсэн билээ. Тиймээс орос хүмүүсийг газраар “хахуульдаж” энэ бүс нутагт суурьшуулах гэсэн хэрэг. Шинэ газарт суурьшсан гэр бүл ноогдсон газартаа нэг жил тогтвор суурьшилтай амьдарвал байшин барилга барих зээлийг нь маш уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр олгох журам гаргасан нь энэ намраас хэрэгжээд эхэлсэн байх жишээтэй. Алс Дорнодтой ойр оршдог БНХАУ-ын Хэйлунцян, Жилинь, Ляонин мужийн хүн ам нийлээд 110 сая орчим. Харин хилийн нөгөө талд ОХУ-ын Приморскийн хязгаар, Хабаровск, Владивосток, Амурын хязгаарын хүн ам нийлээд 4.3 сая болж байгаа нь оросуудын санааг зовоож байгаа юм.

                                                                                       Эрлийзжилт

Хятад залуус орос бүсгүйчүүдтэй гэрлэх явдал 1990-ээд оноос эхэлжээ. Улмаар эрс эрчимжиж, оросуудын санааг зовоох хэмжээнд очсон байна. Хятад залуус ОХУ-ын нутагт газар тариалан болон бусад салбарт  ажиллаж мөнгө олно. Нэг тосгоноос 300 залуу ОХУ-д ажиллаж байгаа жишээ энд олон бий. Тэд мөнгөнөөс гадна орос бүсгүйчүүдийн төлөө хил давж орж ирдэг бөгөөд олонхи нь зорилгоо биелүүлдэг байна. 


Энэ нь 1990-ээд оны сүүлчээс байнгын, бодлогын шинж чанартай болжээ. Орос бүсгүйчүүд нөхөртөө өндөр шаардлага тавьдаггүй, ажилсаг, үзэсгэлэнтэй. Хятад эрчүүд хөдөлмөрч, тооцоотой, архи дарс хэрэглэж агсам согтуу тавьдаггүй. Хятад залуус, орос бүсгүйчүүдийг хооронд нь гэрлүүлж байгаа гол хүчин зүйл энэ. Эрчүүд нь архидаж, арчаагүй болж, үнэ цэнээ алдаагүй бол юу гэж сайхан охидоо хятадуудтай гэрлүүлэх билээ.

                                                       “Орост амьдар, Хятадад дэлгүүр хэс”

Алс Дорнодын Благовещенск, БНХАУ-ын Хэйхэ хот хоорондоо 700 метр зайтай. Гуравхан минутад хил давчихдаг. Хэйхэд бүх юмны үнэ Оросынхоос хоёр дахин хямд байдаг. Тийм ч учраас “Орост амьдарч, Хятадад худалдан авалт хий” гэдэг үг гарсан биз. Ер нь Хятадын хилтэй ойр орших тосгон сууринд худалдаа наймаа эрхэллээ гээд амжилт олох магадлал маш бага. Бараг бүгд урагшаа гараад худалдаагаа хийчихнэ. Тиймээс хилийн тосгодод олигтой дэлгүүр ч байхгүй. Ер нь хил орчмын иргэдийг БНХАУ хооллож, хувцаслаж, байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ийм байдлаар хилийн худалдааг бараг 10 хувьд хянадаг байна.

                                                                                  Мөнгө, мөнгө, мөнгө...

Хүнгүй газар, газаргүй хүмүүсийн төлөө байдаг

Барууныхнаар хориг тавиулаад олон жил болсонтой холбоотойгоор Оросод эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд олноороо хаалгаа барьсан. Барьсаар ч байгаа нь БНХАУ-ыг “хилийн чанад дахь” (ОХУ дахь) төслүүдээ идэвхжүүлэхэд хүргэх нь зайлшгүй. Тэдний хувьд хамгийн боломжтой зах зээл нь одоогоор харилцаа сайтай байгаа ОХУ гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. ОХУ-д БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл олширно, түүнийг дагаад орж ирэх ажиллах хүчний тоо ч нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл үүний цаана хууль бус цагаачлал асуудал дагуулах хэмжээнд хүрчээ. Вудро Вильсоны нэрэмжит олон улсын төвийн судалгаанд 1998-2000 оны хооронд Манжуураас 1.5 сая хятад иргэн ОХУ руу цагаачилсан талаар дурдсан байна. Гэтэл ОХУ-ын Холбооны цагаачлалын албаны 2014 оны тайланд бүс нутаг дахь хятад цагаачдын тоог 11 мянга гэж бичсэн байх юм. АНУ өдөөн хатгалаа, хатгалаа гэхэд ийм их зөрүүлсэн нь сонин. Ер нь энэ асуудлаар зөвхөн гадныхан л бичээд “БНХАУ Алс Дорнодыг эзлэх нь” гэж сүржигнээд байгаа юм биш. Оросууд өөрсдөө ч дуугарч байгаа.

                                                                                            Айдас хүйдэс...

“Нэгдмэл Орос” намын гишүүн байснаа гарч, В.Путиныг шүүмжлэгчдийн эгнээнд элссэн нэрт эрдэмтэн А.Аладин 2010 онд энэ асуудлыг хөндөж, “ОХУ Алс Дорнодоо Хятадад үүрд алдах вий” гэсэн нийтлэл бичиж, “Хятадууд хоёр улсын хилийн орчимд зам ихээр барих болсон явдал удахгүй эхлүүлэхээр зэхэж байгаа дайнтай холбоотой” гэсэн цочир дүгнэлт хийж байв. Тэрхүү нийтлэлд “Хятадууд Алс Дорнодтой хиллэдэг Хэйхэ-Цзяинь мужийг холбосон 114 км, Суйбинь-Цзяинь мужийг холбосон 103 километр замыг ганцхан жилийн дотор хийж дуусгаад Хэйлунцзян мужаас шууд ОХУ-ыг чиглэсэн хүнд даацын автозамыг тавих ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна Баоцинь-Мишань Хутоу-Улиньдун зэрэг хил орчмын суурин газруудаа жижиг гэлтгүй хүнд даацын машины замаар холбож байгаа аж. Уссурийн хязгаарын Хэясяцзи арал Фуюань суурин (Ердөө л тосгон шүү дээ) хоёрыг заагласан 36-хан километр зайг хүнд даацын автомашин явах зориулалттай замаар холбожээ. 

Ийм замаар хүнд техник, тэр тусмаа зөөгч пуужин, хуягт машинууд явах бүрэн боломжтой. Ирэх жилүүдэд ч хятадууд хил орчмоор дахин томоохон хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Зэвсэг техникээ ОХУ-д цөмрүүлэхийн тулд шүү дээ. 

Ерөнхийлөгч асан Владимир Путин удаан хүсэн хүлээсний эцэст БНХАУ-ын дарга Ху Жинтаог 2004 оны аравдугаар сарын 14-нд “Сайн хөршийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зуруулж чадсан. Гэтэл үүний дараа болсон хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай Аргунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа Хятадад шилжүүлж өгсөн билээ. БНХАУ эдгээр арал дээр Алс Дорнод руу довтлох сайхан түшиц газар байгуулах боломжтой. Одоо Хятадын цэрэг Хабаровскт хоёроос гуравхан цагийн дотор хүрч очих боломжтой болсон. Уссурийн хязгаарт түшиц газар нь байгаа юм чинь. Хятадын цэрэг орж ирсэн тохиолдолд манайх барьж тогтоох ямар ч боломжгүй. Тэнд манай муу бэлтгэгдсэн 85 бригадаас өөр цэрэг байхгүй” хэмээн бичсэн байдаг бөгөөд “Одоо хятадууд стратегийн түншлэл гэх нэрийн дор ОХУ, Монголын хилийн дагуу шалган нэвтрүүлэх цэг, боомт нээх сонирхолтой байгаа. Зам, гүүрийг ч ихээхэн хэмжээгээр байгуулж байна. Энэ бүх ажлаа амжуулсны дараа дайн эхлүүлэх болно. 2018 он хавьцаа л эхлэх болов уу. Алс Дорнодод одоо зургаан сая орос хүн амьдарч буй бол хэдхэн алхмын (хилийн) цаана 141 сая хятад язганалдаж байгаа. Дайн эхлэхгүй байсан ч тун удахгүй Алс Дорнод дахь хятадуудын тоо оросуудаас илүү гарна. Бид тэдэнд зэс, алт, вольфрам, молибден, ванади зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр нийлүүлж байгаа. Энэ металлууд тун удахгүй танк, онгоц, пуужин болоод орж ирэх болно” хэмээн төгсгөсөн байдаг. Одоо 2024 он дуусах гэж байхад байдал тайван, хоёр улсын харилцаа улам цэцэглэн хөгжиж байна. Гэхдээ энд А.Аладины зөв, эсвэл буруу байсныг шүүхгүй. Учир нь, аль ч улсад мөнхийн анд нөхөр гэж байхгүй, харин мөнхийн эрх ашиг гэж л байдаг билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна