Хятадын хаврын баяр буюу Цагаан сар ойртож буй энэ өдрүүдэд явуулсан судалгааны дүнгээс үзвэл, энэ онд өмнөх онтой харьцуулахад илүү олон хүн улс орныхоо дотоодод аялах төлөвтэй байна. Хаврын баяр бол хятадуудын хувьд хамгийн том баяр юм. Энэ баярын үеэр хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Хүмүүс гэр бүлийнхэн, хамаатан садантайгаа уулзаж, аяллаар явцгаадаг билээ. Хятадын билгийн тооллын хуанли ёсоор, энэ оны Цагаан сар нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 21-ний хооронд болно.
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын мэдэгдсэнээр, хотуудад ажилладаг хүмүүс болон оюутнууд гэртээ харьснаар нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 21-ний хооронд тус улс даяар нийтдээ 2.98 тэрбум аялал болох нь ээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн хятадууд өмнөх жилүүдийнхээс долоо хоногоор илүү урт хугацаагаар амрах бөгөөд хөл хөдөлгөөний оргил үе нь нэгдүгээр сарын 25-наас эхлэх төлөвтэй байна. Зарим хүмүүс ажлын газраасаа нэмэлт чөлөө авч, зарим компаниуд ажилтнуудынхаа амралтыг сунгаж байгаа ажээ.
“Манай компани бүх ажилтныхаа амралтыг хоёр хоногоор сунгасан. Би нэгдүгээр сарын 25-нд нутаг руугаа явна. Манайх Зянси мужийн төв Наньчан хотод байдаг” гэж Бээжин хотод төвтэй, Хятадын хамгийн том интернэт худалдааны компаниудын нэгэнд ажилладаг 26 настай залуу У Дельвинь ярив. Тэдний гэр бүлийнхэн энэ баярыг жил бүр хамтдаа тэмдэглэж, хятад үндэсний хоол болох гоймон, банш, загас зэргийг хийж иддэг аж. Тэрбээр ярихдаа “гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, гэрийнхээ хоолыг иднэ гэдэг үнэхээр сайхан. Сэтгэл их хөдөлж байна” гэв.
Энэ баярын үеэр хятадуудын ердөө 2 хувь нь нисэх онгоцоор зорчдог аж. Зорчигчдын ихэнх нь буюу 84.6 хувь нь галт тэргээр, 1.4 хувь нь усан онгоц, завиар зорчдог байна. Тиймээс галт тэрэгний тасалбар олж авна гэдэг бол тун амаргүй ажил юм. “Галт тэрэгний тасалбар маш хурдан зарагддаг. Хүмүүс нэг сарын өмнөөс тасалбар худалдан авч эхэлдэг” гэж Бээжин дэх хятад хэлний сургуулийн захирал, 31 настай У Софи ярилаа.
Баярын өдрүүдийг олон хүн эх орондоо өнгөрөөдөг бол зарим хүмүүс гадаад улс орнууд руу аяллаар явдаг байна. Онлайнаар нисэх онгоцны тасалбарын захиалга авдаг Ctrip.com цахим хуудсанд дурдсанаар, энэ онд Хятадын Цагаар сараар 6 сая гаруй хүн гадаад улс орнуудад зорчих аж. Өнгөрсөн онд энэ тоо 6 сая хүрэхгүй байсан юм. Валютын ханш буурч байна
Цагаан сараар гадаад улс орнууд руу аялагчдын тоо эрс нэмэгддэг учраас юанийн ханш буурсаар байна. Өнгөрсөн онд юанийн ам.доллартай харьцах ханш 6 гаруй хувиар буурч байжээ. “Валютын ханш миний шийдвэрт нөлөөлөхгүй. Би явахыг хүссэн газар руугаа л явна” гэж Бээжинд санхүүгийн зөвлөхөөр ажилладаг, 27 настай эмэгтэй Лью Бренда ярьж байна. Тэрбээр гэр бүлийнхний хамтаар Индонезийн Бали аралд нэг долоо хоног амрах аж.
Юанийн ханш суларч байгаа нь хятадуудын аяллын төлөвлөгөөнд төдийлөн нөлөөлөхгүй бололтой. Өнгөрсөн онд хятадууд хамгийн олноороо очсон газруудын жагсаалтын зургадугаарт АНУ бичигдэж байсан бол энэ онд гуравдугаарт бичигдэж байна. Энэ оны хаврын баяраар хятадуудын зорих газруудын хамгийн эхэнд Таиланд бичигдэж байгаа бол Япон, АНУ Сингапур болон Австрали удаалжээ.
Юанийн ханш суларч байгаа нь хятадуудын аяллын төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж ярьж байгаа хэдий ч энэ байдал өөрчлөгдөж магадгүй юм. “Валютын ханш миний дэлгүүр хэсэх төлөвлөгөөнд нөлөөлнө. Хэрвээ юанийн ханш сул хэвээр байвал би бага мөнгө зарцуулах болно” гэж Лью ярив. Хаврын баяраар Хятадын нэг жуулчин дунджаар 15 мянган юань буюу 2181 доллар зарцуулах төлөвтэй байна. Юанийн ханш цаашид буурсаар байвал би төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрч магадгүй гэж Бээжинд ажилладаг, 28 настай сэтгүүлч эмэгтэй Цюй Жин ярилаа. Тэрбээр Америк руу явахаар төлөвлөж байгаа аж.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна