“Формула-1”-ийг Америкийн компани худалдан авлаа

2017/01/24
Автомашины уралдааны ДАШТ гэгддэг “Формула-1”-ийг худалдан авахтай холбоотой гэрээ хэлцэл эцэслэн дууссан болохыг Америкийн “Liberty Media” корпораци мэдэгдлээ. “Формула-1”-ийн гүйцэтгэх захирлаар 62 настай АНУ-ын иргэн Чейз Кэри томилогдсон бол 86 настай Британийн иргэн Берни Экклстоун хүндэт ерөнхийлөгч болжээ.

Б.Экклстоуны хувьд уг уралдааныг 1972 оноос хойш зохион байгуулахдаа түүнийг 2 тэрбум долларын орлоготой арилжааны томоохон төсөл болгож чадсан гавьяатай хүн учраас хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Наймаа хэрхэн тохирсон тухайд, 2016 оны 9 дүгээр сард “Формула-1”-ийг Америкийн Liberty Media корпораци худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл анх гарсан юм. Тус корпорацийн эзэн болох Америкийн тэрбумтан 75 настай Жон Мэлоун Time Warner, Virgin Media Starz (STRZA), TV Discovery Communications (DISCA) зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг аж. Forbes сэтгүүлээс энэ сард гаргасан "хорвоогийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад" тэрбээр 7,2 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 61 дүгээрт бичигджээ.  

Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 8-нд Liberty Media корпораци “Формула-1”-ийн нийт хувьцааны 18,7 хувийг 746 сая доллароор худалдан авсан байна. Улмаар 12 дугаар сард хөрөнгө оруулагчдаас 1,5 тэрбум доллар татан төвлөрүүлснээр "Формула-1"-ийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч CVC Capital-аас үлдсэн хувьцааг худалдан авах боломжтой болжээ. Үүний сацуу Liberty Media нь “Формула-1”-ийн 8 тэрбум долларын өрийг бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

Дашрамд дуулгахад, “Формула-1”-гийн шинэ улирлын эхний гараа болох Австралийн Гран-при уралдаан 3 дугаар сарын 26-нд эхэлнэ. Энэ онд нийт 20 гараа явагдаж, 11 дүгээр сарын 26-нд Абу-Даби хотод автомашины уралдааны ДАШТ дуусах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна