Алеппогоос бичсэн жиргээгээрээ дэлхий дахинд танил болсон 7 настай охин Бана Алабед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт ил захидал бичжээ. “Сирийн хүүхдүүдийн төлөө та ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Тэд таны хүүхдүүдтэй адил, та энх тайван, амар тайван байхыг хүсдэг шиг тэд ч мөн адил амар тайван амьдрахыг хүсч байна” гэж бяцхан охин бичсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Алеппогоос олон хүнийг нүүлгэн шилжүүлэх үеэр Бана охин гэр бүлийнхний хамтаар тус хотоос явсан юм. Тэд одоо Туркэд амьдарч байна. Охиндоо твиттер хаяг нээж өгсөн ээж Фатема нь Д.Трампт илгээсэн захидлыг ВВС телевиз рүү явуулжээ. Ээж нь ярихдаа “миний охин Ерөнхийлөгч Дональд Трампыг телевизээр олон удаа харж байсан учраас захидал илгээсэн. Захидлыг тангараг өргөх ёслолоос хэд хоногийн өмнө бичсэн” гэв.
Д.Трампт Бана охины илгээсэн захидал:
Захидалд “Ноён Дональд Трамп,
Намайг Бана Алабед гэдэг. Би Сирийн Алеппо хотынх. Одоо 7 настай. Би төрсөн цагаасаа хойш Сирид амьдарч байгаад, бүслэлтэд орсон Зүүн Алеппогоос 12 дугаар сард явсан. Би бол Сирийн иргэний дайны улмаас зовж зүдэрч байгаа хүүхдүүдийн нэг. Харин одоо би Туркэд шинэ гэртээ амар тайван амьдарч байна. Алеппод би сургуульд сурдаг байсан ч сургуулийг маань бөмбөгдчихсөн.
Миний зарим найзууд амиа алдсан. Надад маш харамсалтай байна. Тэд одоо надтай цуг байж, хамт тоглож чадахгүй болсон. Би Алеппод очиж тоглож чадахгүй. Тэр хот сөнөсөн. Одоо Туркэд би дураараа гадаа гарч, тоглож байна. Удахгүй сургуульд явах байх. Энх тайван хүн бүрт, танд ч маш чухал. Гэхдээ Сирид одоо над шиг хүссэн үедээ гадаа гарч, тоглож чадахгүй, зовж шаналж байгаа хэдэн сая хүүхэд байна. Тэнд томчууд ч мөн адил зовж зүдэрч байгаа.
Би таныг Америкийн Ерөнхийлөгч болно гэдгийг мэдэж байгаа. Та Сирийн хүүхдүүдийг, ард түмнийг аварч чадна, тийм үү? Тэд таны хүүхдүүдтэй адил, та энх тайван, амар тайван байхыг хүсдэг шиг тэд ч амар тайван амьдрахыг хүсч байгаа учраас та тэдний төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй.
Та Сирийн хүүхдүүдийн төлөө ямар нэгэн юм хийхээ амлавал би таны шинэ найз болъё. Таныг Сирийн хүүхдүүдийн төлөө юу хийхийг харахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Бана охины гэр бүлийнхний амьдарч байгаа Турк улс нь Сирийн сөрөг хүчнийг дэмждэг юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын Сирийн асуудлаарх байр суурь хараахан тодорхойгүй байна. Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын талыг дэмждэг ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгаагаа Ерөнхийлөгч Д.Трамп нэг бус удаа илэрхийлж байсан билээ.
Э.Мишээл
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна