Syndicate Talk: Антибиотикийн зохистой хэрэглээ

57 минутын өмнө
Syndicate Talk нэвтрүүлэг ээлжит дугаартаа "Антибиотикийн зохистой хэрэглээ"сэдвийн хүрээнд Улсын II төв эмнэлгийн захирал Г.Баясгалан,  Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг,  
АШУҮИХС-ийн багш, Анагаах ухааны доктор Т.Хосбаяр, Stop antibiotic хөдөлгөөнийг санаачлагч М.Нарантуяа нарыг зочноор урьж ярилцлаа.

В.Ганзориг: Америкийн Өвчлөлийг хянах төвөөс АНУ-д жил бүр хоёр сая хүн эмийн дасалтай нянд өртөж, түүнээс хамгийн багадаа 23 000-25 000 хүн нас бардаг гэдэг судалгаа хийжээ. Тэгэхээр антибиотикийн зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байна. Манайд Америкт гаргасан шиг антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, амиа алдсан хүмүүсийн тоо байдаг уу?

Г.Баясгалан: Антибиотикийн зохистой хэрэглээг ярихгүй бол болохоо байжээ. 1940 онд антибиотик гээд гайхамшигтай эмийг зах зээлд нийлүүлж, хүн төрөлхтөн хэрэглэн сая сая хүний амийг аварсан. Гэтэл сүүлийн үед байгаль дээр байсан нянгийн омгууд их өөрчлөгдсөн. Антибиотикийн нөлөөнд тэсвэржилтэй омгууд нь үлдсээр байгаад эмийн эмчилгээнд их дархлаатай болчихсон. Ганц Монгол биш, дэлхий нийтэд ийм асуудал бий болсон.

АНУ болон Европийн холбоонд дээрх мэдээлэл байдаг. Европийн холбоонд ч гэсэн төдий тооны хүн олон эмэнд дасалтай нянгийн халдвараар нас барж байгаа. Манайд үүнийг тодорхой хэмжээгээр бүртгэдэг. Би улсын хэмжээгээр тоо баримт хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ бол эмнэлэг дээр хамгийн эмзэг асуудал. Наад захын жишээ, 10-20 жилийн өмнө бид уушгины хатгалгаагаар хүн алдахаа больчихсон байсан.

Яагаад гэвэл антибиотикууд нь сайн үйлчилж байсан. Одоо наад захын уушгины хатгалгаа, шээсний замын үрэвсэл бидний үеийн анагаахын сурах бичигт байдгаас шал өөр болчихсон. Бид сүүлийн 2-3 жилд эмнэлгийн нөхцөлд олон эмэнд дасалтай нянгийн халдварыг судалж байна.

Зөвхөн эмнэлгийн хэмжээнд эмэнд дасалтай халдвар жилдээ 50-60 бүртгэгдэж байна. Гэхдээ тэр болгон нас барж байна гэсэн үг бас биш. Сүүлийн үед олон эмэнд дасалтай нянг дарах хэмжээний антибиотикууд зах зээлд нийлүүлэгдсэн. Тэдний үнэ нь өндөр.

Т.Хосбаяр: Бактери бидэн шиг амьд организм учраас байгалийн, гадны орчинд дасан зохицох шинж чадвартай. Антибиотикийг өвчин үүсгэж байгаа бактерийг үхүүлэхийн тулд хэрэглэдэг.

Харин бактери амьд үлдэхийн тулд антибиотикт дасан зохицдог. Хүрээлэн байгаа орчинд, бидний махбодод ч олон бактери бий. Хүнд эмгэг үүсгэдэггүй бактери ч бий. Хүмүүсийн сайн мэддэг E.coli  бактери бол хэвийн бичил биетэн. Гэтэл тэр бактери эмийн тэсвэржилттэй болчихвол өвчин эмгэг үүсгээд эхлэхийн цагт антибиотик дахиад хэрэглэхэд дарж чадахаа байчихна.

Сүүлийн жилүүдэд судлаачдын тоо баримтаар бүх эмэнд тэсвэртэй болчихсон пандраг (pandrug) буюу супербакууд бий болсон. Энэ супер бактерийн халдвараар уушгины хатгалгаа үүссэн байхад энгийн антибиотик хэрэглээд нэмэргүй. Орчин үед эмийн компаниуд болон судлаачдын шинэ антибиотик нээж байгаа хурд харьцангуй удаан байна. Эмийн компаниуд жишээ нь, чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэх эм нээчихвэл насан туршид нь тухайн эмээ зарна.

Гэтэл антибиотикийг нээхэд маш их хөрөнгө зарцуулна. Таваас арав хоног хэрэглээд нөгөө өвчин эдгэчихээр хэрэглэхгүй. Тэгэхээр нээсэн эм нь тогтвортой орлогын эх үүсвэр болох ач холбогдол талаасаа халдварт бус өвчний эмэнд хөрөнгө, цаг их зарцуулдаг. Тэгэхээр шинэ антибиотик нээгдэхгүй. Харин бактериуд бидний хэрэглэдэг цөөн хэдэн антибиотикт тэсвэртэй болдог. Нэг антибиотикийн тэсвэржилт дээр нөгөөхийнх нь нэмэгдсээр байгаад бүх эмэнд тэсвэртэй бактерийн халдвар гарч байгаа болохоор маш аюултай нөхцөл байдал үүсчихээд байгаа.

Энэ аюул улс орны хүрээ хязгаараас хамаарахгүй болж байна. Бид нар дэлхийд нээгдсэн үнэтэй антибиотикийг хэрэглэж амжаагүй байтал монгол хүн гадаадад зорчиход нь олон эмэнд тэсвэртэй бактери биед нь байршиж болно. Ийм маягаар антибиотикийн тэсвэржилт дэлхий даяар тархаж байгаа.

ДЭМБ-ын судалгаагаар эмэнд мэдрэг бактериар үүсгэгдсэн халдварыг эмчлэх эмийг тэсвэртэй бактериар үүсгэгдсэн халдварыг эмчлэх эмтэй харьцуулбал зуу дахин үнэтэй. Тэгэхээр бид хязгаарлагдмал нөөц бололцоогоо өндөр үнэтэй антибиотикт бүгдийг нь зарцуулна гэсэн үг. Дээрээс нь супер бактериудын халдвар манай улсын олон хүмүүст тохиолдлоо гэж бодоход бид эмчилгээ хийх боломжгүй. Тусламж үйлчилгээ маань маш хязгаарлагдмал болно.

В.Ганзориг: Одоогоор пандрагаар үүсгэгдсэн өвчин бүртгэгдээгүй байгаа юу?

Т.Хосбаяр: Оношлогооны чадамжаас хамаарна. Байгааг нь үгүйсгэх аргагүй. Одоогоор тоо баримт алга.

Г.Баясгалан: Үүн дээр анхаарах юм бий. Ихэнх антибиотикийн эмчилгээ эмнэлгийн нөхцөлд хийгддэг. Эмнэлэг олон эмэнд дасалтай бактериуд эргэлдэх орчин болчихлоо. Одоо гадаадад эмнэлгийн нөхцөлд үүссэн өвчлөл гэж бүртгэж байгаа. Бид онцгой анхаарал хандуулахгүй бол болохгүй.

Яагаад гэвэл манай эмнэлгүүд ихэвчлэн социализмын үед баригдсан. Ердийн буюу сөрөг даралт бүхий агааржуулалттай. Энэ нь хэвтэн эмчлүүлж байгаа хүнд эрсдэлтэй. Хоёдугаарт бактерийн ертөнц маш богино хугацаанд хувьсан өөрчлөгддөг. Хувьсах болгонд нь шинэ эм гаргах ямар ч боломжгүй.

Яагаад гэвэл амьдралынх хугацаа маш богинохон. Тэсвэртэй нь үлдээд үрждэг. Тэр хугацаа нь маш хурдан. Сүүлийн үед судлаачдын ярьж байгаагаар бактериуд тэсвэржилтийг бие биедээ дамжуулах боломжтой гэнэ. Бид тэр микро организмын талаар маш бага зүйл мэдэж байна.

В.Ганзориг: Таны яриаг таслаад танин мэдэхүйн нэг зүйл асууя. Энэ сэдвийг хөндөхөөр бактери, вирус, нян гэж гурван нэршил яригдаад байна. Нэг зүйлийг ингэж нэрлээд байна уу эсвэл гурван өөр зүйл байна уу?

Т.Хосбаяр: Вирус эсийн бүтэц, биологийн шинжээрээ бактериас ялгаатай. Шувуу, гахайн томуу өвчин вирусаар дамждаг. Харин бактери нь сүрьеэ өвчнийг үүсгэдэг. Вирусын эсрэг үйлчилгээтэй эм бактерит нөлөөлөхгүй. Гепатит С вирус, В вирус, ДОХ-ын вирус нь вируст нөлөөлдөг эмээр эдгэдэг.

Тэр эм нь бактерит нөлөөгүй. Бактерийн халдварыг эмчилдэг нь антибиотик. Тэгэхээр антибиотик виурст нөлөөлөхгүй. Бид ханиад хүрсэн тохиолдолд амокцилин гэдэг антибиотик уудаг. Вирусын халдварын улмаас салст бүрхэвч гэмтээд өөрийгөө хамгаалах чадваргүй болж вирусын халдварын улмаас хоёрдогчоор бактерийн халдвар үүсэхэд хатгалгаа гэх мэтээр хүндэрвэл антибиотик хэрэглэх ёстой.

Вирусын халдварыг хүндрээгүйтохиолдолд антибиотикоор эмчлэхгүй. Харин дархлаагаа сайжруулах, шингэн сайн уух эмчилгээг хийх ёстой. Вирусын халдвар жамаараа яваад тухайн хүний бие эсэргүүцлээрээ даваад гарч эдгэхэд тодорхой хугацаа шаардана. Дунджаар 3-5 хоног. Гэтэл бид нар хүүхэд ханиад хүрээд халуурангуут л халууныг нь дор нь буулгах гэдэг.

Халуурна гэдэг бол бие махбодын дархлал хамгаалах үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Бид эдгэх хугацааг хүлээх ёстой. Суулгалт халдвар байсан ч ялгаагүй. Антибиотик хэрэглэх ёстой өвөрмөц заалт бүхий халдвар биш л бол антибиотик хэрэглэлгүй хүлээх ёстой.

Г.Баясгалан: Вирус, бактерийг аль алийг нь бичил биет буюу нян гэдэг. Бактери гэдэг нь нэг эст амьд биет. Гэрлийн микроскопт харагддаг. Вирус зөвхөн электрон микроскопт харагдана. Вирус, бактери хоёрыг харьцуулбал сагсны бөмбөг будаа хоёр гэж ойлгож болно. Вируст үйлчилдэг эм тусдаа, бактерит үйлчилдэг нь бидний яриад байгаа антибиотик.

В.Ганзориг: Тэгэхээр Бактерийг устгадаг бүлэг эмийг антибитиотик гээж ойлгож болох юм байна, тийм үү?

Г.Баясгалан: Тэр эмүүд бактерийг маш олон янзаар устгана. Жишээ нь, бактерийн ханыг эвдэх, ДНХ-ийн мэдээллийг устгах эсвэл үржлийг нь зогсоож болно.

В.Ганзориг: Амьдрал дээр хүүхэд халуурах ч юм уу, бид өөрсдөө ханиад хүрэхэд эмийн санч ийм тийм эм уу гээд анттибиотик өгдөг. Гэтэл гадаадад явж байгаад антибиотик авъя гэхэд шонгүй. Манайд үүнтэй холбоотой хууль журам байдаг уу? Бид яаж антибиотикийн зохистой хэрэглээг бий болгох вэ?

М.Нарантуяа: Миний бодлоор манай иргэдийн антибиотикийн үр нөлөө болон хор холбогдлын талаар мэдлэг тааруухан. Би саяхан Stop antibiotic пейж нээсэн. Тэндээ антибиотикийн тухай мэдээлэл оруулахаас гадна санал асуулга явуулдаг. Нэг удаагийн санал асуулгад нэг ээж “Хүүхдээ өвдөхөөр нь өгөх гээд антибиотик автал хүүхэд маань уулгүй эдгэчихсэн.

Тэгэхээр нь хайран антибиотик гээд өөрөө уусан” гэж бичсэн байсан. Эндээс харахад манайхан антибиотикийг витамин шиг бодоод байдаг. Уучихвал эд эсийг нь хордуулна гэж огт ойлгодоггүй. Энэ мэтээр хүмүүсийн бичсэн санал сэтгэгдлээс манайхан антибиотикийн талаар мэдлэг муутай байна гэж дүгнэсэн.

М.Уранчимэг: Антибиотик бол эм. Монгол Улсад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль бий. Антибиотик бол жороор олгох эм. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод тусгасан байгаа. Эмийн сангийн стандартад эмийн сан антибиотикийг жороор олгоно гээд заачихсан байгаа.

Эмч нар жорыг яаж бичих вэ гэдэг стандарт бий. Дэлхийн жишгээр антибиотикийг дагасан хууль эрхзүйн актууд хангалттай. Антибиотикийг эмч, өвчтөн, эмзүйч буюу эмийн сангийн ажилтан гурвын харилцаан дээрээс л антибиотикийг зөв зохистой хэрэглэнэ.

Өөрөөр хэлбэл иргэн эмчийн бичсэн өгсөн жороор эмийн сангаас авбал зөв зохистой хэрэглээ. Гэтэл зарим иргэд эмийн санд очоод эмчид үзүүлэхгүйгээр ингэж өвдлөө, ингэж халуурлаа гэж зовлон бэрхшээл тоочдог. Зарим нь бүр загнана, тангараг өргөчихөөд тусалсангүй гэж дарамталж байгаад дур зогорроо авдаг.

Нөгөөтээгүүр зарим эмийн санчид орлогоо бодоод антибиотикийг жоргүй олгож байгаа тал байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Уул нь Мэргэжлийн хяналтын газар хянах ёстой. Эмийн санч жоргүй эм олгоход торгуулийн арга хэмжээ авдаг. Тэгэхээр торгуулиа төлчихөөд орлогоо олоод ажиллаж байна.

Гэхдээ антибиотикийн зохистой хэрэглээг яаж төлөвшүүлэх вэ гэвэл иргэдийн мэдлэг, хандалагыг сайжруулах. Антибиотикийг хоёр замаар хэрэглэдэг. Амбулаторийн нөхцөлд эмч жорыг нь бичдэг. Нөгөө нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг. Эмнэлэгт бол мэдрэг чанарыг нь шинжилгээгээр тогтоодог.

Зарим тохиодолд эмч нар жорын маягт дээр бус өвчтний карт дээр нь жор бичдэг. Энэ нь эмнэлгийн байгууллагууд эмч нараа жорын маягтаар хангахгүй байгаагаас үүдэлтэй. Уул нь эмнэлгүүдэд жорын маягт хэвлүүлэх төсөв бий. Гэтэл зарим эмнэлэг жорын маягтаа хэвлүүлж өгөхгүй байгаагаас эмч нар өвчтны карт дээр антибиотик бичиж өгдөг.

Ер нь ЕБС-д зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор. Антибиотик ямар айхтар хор нөлөөтэй байдаг зэрэг мэдлэг, хандлагыг нь багаас нь өгөх сайжруулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээлийг манай яам Боловсролын яамтай хамтраад эмийн зохистой хэрэглээг сургалтад багтаах талаар хамтарч ажиллах бодолтой байгаа.

М.Нарантуяа: Америкт антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй үхлийг гаргачихсан байна. Манай мэргэжлийн яаманд эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой судалгаа, тоо баримт байдаг уу?

М.Уранчимэг: Эрүүл мэндтэй холбоотой үзүүлэлтүүдийг жил бүр гаргадаг. Нас баралтын шалтгааныг гэмтэл, аваар осол, амьсгалын замын өвчлөл гэх мэтээр гаргана.

Г.Баясгалан: Энэ бол онцгой анхаарах ёстой сэдэв. Хуучин удирдах байгууллага, яам, Мэргэжлийн хяналтын газраас эмнэлгээс шалтгаалсан халдвар гарвал шийтгэдэг байсан. Эмнэлгээс шалтгаалсан халдвар гэдэг нь олон эмэнд дасалтай бактерийн халдвар. Гэтэл аль ч нөхцөлд тэр бичил биетийг бүгдийг нь цэвэрлэх боломж байхгүй.

2008 онд Монголд Улсад нас барагсдын 0.02 хувь нь эмнэлгээс шалтгаалсан халдвар гэдэг дэлхийд байхгүй бага тоо гаргачихсан сууж байсан. Бид бүртгэл мэдээлэл дээр эргэж харах ёстой. Нэр томъёоны хувьд бас асуудал бий. Эмнэлгээс шалтгаалсан халдвар гэх нь зөв үү. Яагаад гэвэл мянга сайн ариутгасан байсан ч тэр халдвар гарах магадлал бий. Тэгэхээр магадгүй “Олон эмэнд дасалтай бактериар өвчилсөн тохиодол” гэж бүртгэх нь зөв байх.

Манайд улсын болон хувийн хэвшлийн маш олон эмнэлэг бий. Тэндээс зөв дата цуглуулна гэдэг өөрөө асуудал. Улсын эмнэлгүүд датагаа өгдөг. Маш олон судалгаанаас харахад манай тоо баримт судлаач нарын хэсэг бүлэг хүмүүс дээр хийсэн судалгааны дүнгээс ч бага гардаг. Тиймээс үүнийг эргэж харж энэ асуудал их анхаарал хандуулах ёстой.

Түрүүн М.Нарантуяа ярилаа. Зүгээр хаяж байхаар гээд антибиотик уучихаж байна гээд. Тэр хүн дараагийн удаа өвчиллөө гэхэд эдгэрэх магадлалаа л багасгаж байна гэсэн үг.

М.Нарантуяа: Статистик судалгаа асуудаг шалтгаан нь антибиотикийн хор холбогдолтой холбоотой мэдээлэл маш бодитой гарч, тэр мэдээллийг иргэдэд сайн хүргэвэл иргэд цочрол авч хүүхэддээ өгөөгүй ч өөрөө ууж болохгүй юм байна гэдгийг ойлгоно. Тэгэхгүй бол, манайхан том аюул л гарахгүй бол бүгд чимээгүй явж байгаад аюулд өртдөг.

Тиймээс заавал хүнээр тахил өргөлгүй антибиотикийг зөв, зааврын дагуу хэрэглэхгүй бол хор гэдгийг л ойлгуулах шаардлага байгаа юм.

В.Ганзориг: М.Нарантуяа Фэйсбүүк дээр пейж нээгээд антибиотикийн буруу хэрэглээтэй холбоотой пост оруулахад лайк, шейр нь 5 000-6 000 давчихсан харагдсан. Энэ нь нэлээд хүнд хүрсний илэрхийлэл бас энэ талын мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгааг харуулсан гэж би дүгнэсэн. Энэ ажлыг цэвэр сайн санааны үүднээс хийж байна уу эсвэл таны ойр дотны хүмүүст тохиолдсон таагүй явдалтай холбоотой юу?

М.Нарантуяа: Миний амьдралаас үүдэлтэй. Хүүгээ таван сартай байхад аваад Англи явсан. Гэтэл очоод 40 гартал халуурсан. Би Монголоос хүүхдийн найруулдаг эм 10 ширхгийг авч явсан. Халуу нь буухгүй болохоор эмнэлэгт очтол эмч “Хөхөөрөө хооллож байгаа бол сайн, шээж байгаа бол сайн, унтаж байгаа бол сайн.

Ямар ч антибиотик хэрэггүй” гэхээр нь их гайхсан. Би надад сайн үйлчлэхгүй байна гэж бодоод нөгөө эмээ найруулаад өгсөн. Тэгтэл ямар ч нөлөө байдаггүй. Ингээд дахиад түргэн дуудсан. Харин эмч өөр орчинд ирээд, олон хүнтэй газраар яваад хүүхдийн чинь биед вирус орсон байгаа. Ингэж өндөр халуурна гэдэг бол манай болон дайсны эсүүд хоорондоо байлдаж байна гэсэн үг. Бие нь дархлаагаа тогтоох гэж тэмцэж байна гэсэн.

Бид нар л өвдөх юм бол антибиотик өгөх ёстой гээд хар ухаанаар бодчихож. Фэйсбүүкийн ээж нарын группийг ч харж байхад ийм тийм антибиоттик сайн гэсэн яриа үргэлж гардаг. Тиймээс энэ төрлийн мэдээллийг сайн өгөх хэрэгтэй. Бид эрүүл мэндийн боловсрол муутай, дээр нь эм антибиотикийн талаарх буруу ойлголт хүчтэй. Тиймээс л пейж нээсэн.

Г.Баясгалан: Антибиотик дээр асуудал гурван газарт харагдаж байгаа. Бид антибиотикийг бүр боль гэж яриагүй. Антибиотик бол гайхамшигтай эм. Оносон хүнд нь, оносон нянд нь оносон антибиотикийг нь л өгөх ёстой. Ямар бактери байна түүнд таарсан антибиотикийг л өгөх ёстой.

Фэйсбүүк дээр иргэд хоорондоо “Тэгж байгаа бол ийм антибиотик өг” гэж байвал маш буруу. Яагаад гэвэл мэргэжлийн хүн үзээд мэргэжлийн шийдвэр гаргах ёстой. Нөгөө асуудал бол эмч нар өөрсдөө эмийн зохистой хэрэглээг хэр зэрэг мөрдөж байна вэ гэдэг. Маш сайн мэдлэгтэй бүгдийг зөв зохистой зааварлаж байгаа эмч нар ч бий, бас ерөнхий ойлголттой эмч нар ч байгаад байна. Тиймээс асуудлыг магадгүй эмч нараасаа эхэлж тавих болчихоод байгаа юм.

Яагаад гэвэл бактери түргэн өөрчлөгдөөд байна. Энэ дагуу удирдамжууд ч байнга шинэчлэгддэг. Эмч нарт тулгамдаж байгаа асуудал бол хамгийн сүүлийн зөв удирдамжийг хэрэглэх. Хоёрдугаарт, эмч нар тэр удирдамжийн дагуу зөв оношлоод өвчтөнд зөв антибиотик өгөх ёстой.

Түүнийг нь эмийн сайн зайлшгүй жороор олгох ёстой. Нөгөө талаар иргэд эмийн сангаас зоргоороо эм шаарддаг, бас эмийн санд эдийн засгийн ашиг сонирхол байгааг үгүйсгэхгүй. Хамгийн гол юм бол иргэд өөрсдөө онцгой анхаарах ёстой. Одоогийн байдлаараа дахиад 20 жил явбал бид антибиотикийн өмнөх эрин шиг ямар ч антибиотик уугаад ямар ч халдвар дарагдахгүй байдалд хүрэх нь ээ гэдгийг л сайн ойлгох ёстой.

М.Нарантуяа: Антибиотикийг эмчийн жороор олгох журам байдаг гэлээ. Гэтэл үүнийг нийтлэг мөрдөхгүй байна. Байр болгоны буланд байдаг эмийн санд ороод “Надад ийм зовиур байна” гэхээр “Тийм тохиолдолд энэ, ийм тохиолдолд энэ” гэхчлэн гаргаж өгөөд байгаа бол журамдаа хяналт тавих нь чухал болов уу.

М.Уранчимэг: Би түрүүнд хэлсэн, хариуцлагын арга хэмжээ нь зөвхөн торгууль. Эм, эмнэлэгийн хэрэгслийн хуулийн шинэчилсэн найруулга Намрын чуулганаар орно. Бид үүнд антибиотикийн талаар бүлэг нэмээд “Эмийн сан антибиотикийг жоргүй олгосон тохиолдолд эхлээд сануулах буюу торгуулийн арга хэмжээ авна.

Хэрвээ энэ зөрчлийг давтвал тухайн эмзүйчийн эм барих эрхийг нь түдгэлзүүлэх юм уу, хүчингүй болгох. Энэ явдал нөгөө эмийн санд давтагдвал тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх юм уу, хүчингүй болгох” хүртэл хариуцлага тооцохоор суулгаж өгсөн. Эмийн тухай хуулинд дэлхийн жишгээр өөрчлөлт орно.

Жишээ нь, Армен улс 2017 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлээд жоргүй антибиотик олгосон эмийн сангийн тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгох заалт оруулсан. Манай улс бас л ингэж бусдын жишгээр хариуцлагын механизм хуульдаа суулгах ёстой. Нөгөөтээгүүр, эмч антибиотикийг зөв сонгоогүй, нэг хүнд олон антибиотик өгөөд өвчтөн хордсон бол бас хариуцлага хүлээлгэнэ. Бас иргэний хариуцлагыг холбогдох хуулинд оруулж өгөх тал дээр ажиллах хэрэгтэй.

Г.Баясгалан: Эмийн мэргэжилтэн, эм зүйчид хариуцлага тооцох амархан. Хамгийн хэцүү юм бол иргэдийн оролцоог хангах хамгийн хэцүү. Одоо иргэдэд шаардлага тавьж чаддаг хүн байхгүй болчихлоо.

М.Нарантуяа: Торгуулийн арга замаар асуудлыг шийдэх нэг асуудал. Харин иргэд өөрсдөө соён гэгээрээд ухамсарлавал илүү дээр. Эмнэлэгт очоод антибиотикийн сорил өгөөд, оношийн дагуу эмчлүүлэх нь таны эрүүл мэнд болоод амьдралд чинь тустай гэдгийг ойлгуулах л чухал байна.

М.Уранчимэг: Жил болгоны арваннэгдүгээр сард Дэлхийн антибиотикийн эсрэг долоо хоног болдог. Антибиотикийг зөв зохистой хэрэглэе гэдэг уриатай. Долоо хоногийн энэ аян тэр чигтээ иргэд рүү чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа. Нөгөө талдаа эмч нар, эмзүйч нарт сургалт явуулдаг.

Хамгийн гол ажил нь иргэдэд антибиотикийн хор холбогдлыг ойлгуулах. Монгол Улс сүүлийн гурван жил энэ аянд нэгдсэн. Үүнд Г.Баясгалан даргатай Хоёдугаар төв эмнэлэг их идэвхтэй оролцдог. Одоо бид ганц арваннэгдүгээр сард долоохон хоног энэ ажлыг хийх биш, жилийн турш бүх эмнэлгүүд сар сараар ээлжлээд иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Бас М.Нарантуяа шиг санаа тавьж, санаачилга гаргаж байгаа иргэд, ТББ-ууд иргэддээ сошиал ертөнцөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтарч ажиллах хэрэгтэй.

Т.Хосбаяр: Нэг  зүйл хэлэн хэрэгтэй гэж бодлоо. Ханиад хүрчихээд антибиотик уухгүй гээд яваад байж болохгүй. Зарим тохиолдолд хүндрээд амь нас аюулд орж болно. Энэ хүрээндээ ярихад эрүүл мэндийн салбарт дээрх асуудалд анхаарна. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг хөдөлгөх хүч нь энгийн хүмүүс. Жирийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг сайжирвал эмнэлгийг ч гэсэн шаардаад эхлэнэ.

Тиймээс М.Нарантуяагийн үүсгэсэн пейжийг маш их дэмжиж байна. Би өөрөө мэргэжилтний хувиар хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Шинжлэх ухааны ололт дэвшил бол зөвхөн энэ салбарын хүмүүсийн ажил биш тэдний бүтээл, нээлт энгийн хүмүүст ойлгомжтой байх ёстой. Хүмүүс антибиотик хэрэглээд үр дүнг нь харчихсан учраас Нарагийн хэлдгээр витамин шиг хэрэглээд байна. Харин одоо буруу хэрэглэвэл хортой гэдэг дээр маш их ажил хийх хэрэгтэй.

Бактерийн халдварыг хүн хүрээлэн байгаа орчноосоо авч болно. Нэг удаа өвдөхөөрөө антибиотик авч хэрэглэнэ, тэгээд зовиур намдахаар уухаа больчихно. Дараа дахиад нөгөө зовиур нь мэдрэгдэхээр нөгөө антибиотикоо ууна. Гэтэл үйлчлэхгүй. Энэ юуг харуулж байна гэхээр тухайн хүний биед байгаа бактериуд бол өмнө уусан антибиотикт үхээгүй үлдчихсэн. Тэсвэртэй болчихсон гэсэн үг.

М.Уранчимэг: Мөн малын бүтээгдэхүүнээс бид халдвар авдаг. Манайх хүнээсээ хэдэн арав дахин олон малтай. Малд хэрэглэсэн антибиотик бие организмд нь бүрэн шингэж дуусаагүй байхад нядлаад хэрэглэдэг. Антибиотикийн зохисгүй хэрэглээтэй орны тоонд манайх ордог. ДЭМБ-аас салбар хоорондын нянгийн тэсвэржилтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах төлөвлөгөө гаргасан. Манайх 2020 он хүртэл энэ төлөвлөгөөнд хамрагдана.  

В.Ганзориг: Тэгэхээр хувь хүн өөрөө антибиотикийг зохистой хэрэглсэн ч антибиотик тариулсан малын мах, сүүгээр дамжуулаад антибиотикт тэсвэртэй нянгаар өвчлөх магадлалтай юм байна, тийм үү?

М.Уранчимэг: Тиймээс бид мал эмнэлэгийн салбартай хамтарч ажиллаж, малд ч гэсэн антибиотикийг зө взохистой хэрэглэхийг урилах ёстой.

Г.Баясгалан: Ерөнхийдөө бол ганц антибиотик гэхгүй энэ асуудал бол эмнэлэг, эмнэлгийн ажилтны ажил биш. Салбар хооронд болон иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал.

М.Нарантуяа: Миний нэг ажигласан зүйл бол ээж нарт хамгийн том хариуцлага ногддог. Манай пейж дээр санал сэтгэгдлээ үлдээж байгаа 2 000-3 000 хүний дийлэнх нь ээж. Нэг талаар сайн хэрэг. Гэхдээ ээж нар буруу мэдээлэлтэй бол тухайн гэр бүл эрсдэлд орно. Тэгэхээр ээж нарт хандсан эрүүл мэндийн, антибиотикийн зөв хэрэглээний сургалт, сурталчилгаа хэрэгтэй гэж би харсан.

В.Ганзориг: Холбогдох хуульд цаг үеийн шаардлагаар зохих өөрчлөлт орох юм байна. Гэтэл энэ ч сайн эм гээд энд тэндээс оруулж ирдэгт хяналт тавих боломж бий юу?

М.Уранчимэг:
Иргэдийн хэрэглэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгэх ёстой. Бүртгэдэг. Эмийн сангаар зарж байгаа эм бүгд бүртгэлтэй. Бүртгэнэ гэдэг нь тухайн эмийн чанар аюулгүй байдлыг төрийн байгууллага лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа хэрэг.

Эмийн сангаас авсан эм бол чанарын баталгаатай, улсын бүртгэлтэй гэж ойлгоно. Хувь хүн антибиотикийн зөвшөөрөлгүй хил гаалиар оруулах асуудал байхгүй. Хуулиар иргэн эм импортлохыг хориглочихсон. Харин гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн иргэн эмчийнхээ бичиж өгсөн 1-3 сарын курс эмчилгээг авч орж ирэхийг зөвшөөрдөг. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 6 000 гаран эм бүртгэгдсэний 600 нь антибиотик.

В.Ганзориг: Антибиотикийн зохистой хэрэглээг иргэд ухамсраараа хэвшүүлье гэвэл антибиотикийн сорил тавих лаборатори болон мэргэжилтэн хангалттай бий юу?

Г.Баясгалан: Харьцангуйгаар энэ ачааллыг даах боломжтой. Төв эмнэлгүүд бүгд бактериалогийн лабораторитой. Ийм хэрэгцээ гараад ирэхэд ханган нийлүүлэх байгууллагууд бий. Гол нь менежементийн асуудал. Бид бактериалогийн лабораториуд дээр их анхаарал тавьж байна.

Жишээ нь, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэлээд олон эмнэлэгт бактериалогийн лаборатори байгуулах ажил явж байна. Эмч өвчтнийг үзээд гарааны антибиотикийг зайлшгүй бичих ёстой. Бактериалогийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Үүний дараа антибиотикоо өөрчилж болно.

В.Ганзориг: Гадаадад хийлгэсэн бактериалогийн шинжилгээгээр Монголд эмчилгээ хийлгэж болох уу?

Т.Хосбаяр: Гадаадад эмчлүүлсэн өвчин энд ирээд өөр омгийн бактериар дахин сэдэрч болно. Нэг удаа өвчлүүлсэн бактери дараа өөр болчих боломжтой. Эсвэл нөгөө бактери хэвээрээ байгаа боловч шинэ нэмэлт тэсвэржилт суусан байж болно. Хүн хүүхэддээ үр удмынхаа мэдээллийг өгдөг.

Бактери ч мөн адил үр удамдаа мэдээллээ үлдээнэ бас хоорондоо мэдээллээ солилцоно. Жишээ нь, E.coli гэхэд 20 минут тутамд хуваагддаг. Тиймээс яг тухайн үедээ шинжилгээ хийлгэх ёстой. Өмнө нь хийсэн шинжилгээ тэгэхээр буруу гарна.

В.Ганзориг: Бактери маш хурдтай хувирч супербаг болж буй нөхцөлд манайх энэ талын боловсон хүчнээ бэлтгэж чадаж байгаа юу?

Т.Хосбаяр: Чадаж байгаа. Гэхдээ чадамжийг нь сажйруулах хэрэгтэй, технологийг нь сайжруулах ёстой. Манай анагаах ухаан хөгжсөн хэдий ч яг бактериологийн салбарт хоцрогдолтой яваа.

Лабораториуд дундаа ч гэсэн бактериалоги нь бас хоцронгуй. Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах, эмнэлгүүдийн бактериологийн лабораториудын чадамжийг сайжруулах “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5” төсөл дээр ажиллаж байна. Хоёр жилийн дараа гэхэд технологи тодорхой хэмжээгээр ахина.

В.Ганзориг: Нэг танин мэдэхүйн чанартай асуулт байна. Витамин гэж яг юу билээ?

Т.Хосбаяр: Хоол хүнсээр хүн авч байх ёстой хүнд үргэлж хэрэгцээтэй зүйл. Үргэлж хэрэгцээтэй учраас дутагдвал хоол хүнсээр нөхөөд өгдөг. Харин антиботик бол хүнд өвчин үүссэн тохиолдолд л тухайн бактерийг л үхүүлээд бусдыг нь үхүүлэхгүй байх ёстой. Хүний биеийн жингийн нэг кг нь бактери.

Эдгээр бактери хүнд ашигтай. Жишээ нь, биднийг өвчлүүлдэг бактериудаасаа хамгаалах, бидний дархлаа сайн болоход тэд нөлөөтэй. Огт бактеригүй хүн эрүүл, дархлаатай байж чадахгүй. Тиймээс бид бактериудтай найзын харилцаатай байх ёстой.

Харин муу бактери ороод ирвэл устгах ёстой. Антибиотик хэрэглэсний дараа мөөгөнцөртөх нь элбэг. Мөөгөнцөр антибиотикт үхдэггүй. Мөөг бактериас өөр бүтэцтэй. Антибиотик их хэрэглэхээр хэрэггүйгээсээ гадна хэрэгтэй бактериуд нь үхээд орон зай нь хоосон болдог. Тэгээд цөөн тоотой байсан мөөг олширдог. Тиймээс биед мөөгөнцрийн халдвар бий болдог.

В.Ганзориг: Антиботикийн зохистой хэрэглээтэй холбогдуулан иргэдэд юу хэлэх бол.

М.Уранчимэг: Эмч, эмийн сан, иргэн гурвын харилцан уялдаагаар л антибиотикийн зохистой хэрэгтэй бүрдэнэ. Тиймээс зөвхөн эмчийн заавраар, эмчийн жороор, эмийн сангаас авч яг тогтоосон цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэглэ.

Т.Хосбаяр: Иргэд мэдлэг, хандлага, дадлаа сайжруулах ёстой. Эрүүл мэндийн салбар энэ чиглэлд шийдвэртэй алхмууд хийж эхэлж байгаа. Харин иргэн та өөрийгөө эмчилж байна гээд өөрийгөө хорлож болохгүй.

М.Нарантуяа: Олон нийт, иргэд үгийг сонсдог хүмүүс зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой юм байна гэж ойлгосон. Олны танил хүмүүс антибиотикийн зөв хэрэглээний тал дээр дуу хоолой болоод өгөөсэй. Stop antibiotic нийгмийн захиалгат аян өрнүүлье гэж бодож байгаа. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд, та бүхэн, Эрүүл мэндийн яам, эмнэлэг, мэргэжлийн хүмүүс нь дэмжээсэй гэж хүсье.

Г.Баясгалан: Бид одоо антибиотикийн зөв хэрэглээний талаар шийдвэр гаргаж зөв алхам хийхгүй бол 10-20 жилийн дараа халдварт өвчний өмнө хүчгүй болох магадлалтай. Эмч нь өдөр тутум мэдлэг чадвараа дээшлүүлдэг, нянгийн шинэ тутам гарч байгаа эсрэг удирдамжуудыг байнга унших хэрэгтэй. Эмч нар жороо заавал бичиж өгөх ёстой. Эмийн санч нь зөвхөн жороор антибиотикийг өгөх ёстой. Үүнийг иргэд дэмжээрэй.

В.Ганзориг
                               


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна