Д.Трамп, Си Зиньпин нарын уулзалт хурцадмал болов

2017/04/07
Өнөөдөр Флоридад эхэлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын удирдагч Си Зиньпин нарын уулзалт болж буй юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тэд гольф тоглохгүй хэмээн мэдэгдлээ. Уг спорт нь Хятадад авлига, мөнгө угаалтын олон гэмт хэрэгтэй холбогддог учир Си Зиньпин дургүй гэдгээ илэрхийлсэн байна. Хэвлэлүүд түүхэн хэмээн нэрлэж буй энэ уулзалт дэлхийн хүчирхэг хоёр гүрний харилцааны ирээдүйг тодорхойлох нь гарцаагүй.

Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр “Хятадууд манай улсыг хүчиндсээр байна” хэмээн мэдэгдсэн. Валютынхаа ханшийг хүчээр барьж “чулуу хөөлгөж” байгаа Бээжингийн эрх баригчдыг шийтгэж тус улсаас орж ирж буй бүх импортод 45 хувийн татвар ногдуулна хэмээн мэдэгдэв. Гэвч ийм арга хэмжээ авсангүй. АНУ-ын лидер “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн юм. Д.Трамп саяхан Твиттер дээрээ “Хятад бол манай найз биш, түнш ч биш. Тэд биднийг давж гарахыг хүсч байна. Бид ухаалаг, хатуу чанд байхгүй бол тэд биднийг гүйцэх болно” хэмээн бичжээ.

Тэрээр ийнхүү Хятадын эсрэг хатуу, ширүүн үг хэлж байсан ч Си Зиньпинтэй уулзаж хэлэлцээ хийхээр болжээ. Уулзалт, хэлэлцээний гол сэдэв нь Хойд Солонгос байх болно гэдгийг Цагаан ордон ойлгуулсан. 

Д.Трамп сонгуульд ялснаас хойш Пхеньян цөмийн пуужингийн туршилтаа зогсоосонгүй. Сүүлчийн туршилт нь гурав хоногийн өмнө болжээ. Хойд Солонгосын нийт худалдаа наймааны 90 хувийг хангадаг Хятад улс нэр нөлөөгөө ашиглаж Ким Чен Уны дэглэм цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсооход шахалт үзүүлээсэй хэмээн Вашингтон хүсч байна.

 Хятадын тал саяхан “АНУ Солонгосын хойгт цэргийн хээрийн сургууль хийхээ зогсоож, хариуд нь Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох” санал дэвшүүлж үүнд зуучлахад бэлэн гэсэн ч Вашингтон няцаасан юм. 

Трамп саяхан Хятадтай хийж байгаа худалдааны алдагдал хүлээж буй бүх наймааны гэрээг эргэж харах үүргийг холбогдох яамдуудад өгчээ. Хятадтай хийж буй худалдаанаас ихээхэн алдагдал хүлээж буй нь байж болшгүй хэмээн мэдэгдэж “Америкийн хөгжил цэцэглэлтийг хулгайлдаг явдалд цэг тавина” хэмээн онцолжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна