United агаарын тээврийнхэн 69 настай үйлчлүүлэгчид хүч хэрэглэж, гэмтээжээ

2017/04/11
United агаарын тээврийн компанийхан 69 настай нэгэн эрийг суудлаас нь угз татан хүч хэрэглэж, чирж буй бичлэг өнөөдөр цахим ертөнцийн гол асуудал болоод байна. Тодруулбал Louisville-ээс Чикаго орох нислэгийн үеэр нэгэн настай эр суудлаасаа босохыг татгалзсаны хариуд цусаа дуслуулан, хөх няц болтлоо зодуулжээ. 



Тус онгоцны компани зарим үед зорчигчид онгоцондоо суухгүй байх эсвэл билетээ буцаах тохиолдол гардгаас шалтгаалан суудлын тооноос илүү зорчигчдод билетээ борлуулдаг аж.  Өчигдөр United Airlines компаний онгоц даацаасаа хэтэрч зарим зорчигчийг буулгах шаардлага гарсан байна. Гэвч хэн ч буухыг хүсээгүй учир өөрийгөө эмч гэж бүртгүүлсэн нэгэн ази эрийг буухыг шаардснаас үүдэн уг хэрэг гарчээ. 



Уг нь бол урамшуулал олгох ч юм уу, дараагийн онгоцонд суухад нь хөнгөлөлт үзүүлэх зэргээр шийддэг байсан ч энэ удаад тохирч чадаагүй учир тус зорчигчийг хамгаалагчид чирч хүчээр гаргажээ. Эргэн тойрных нь хүмүүс энэ явдлыг гар утсандаа бичин авч нийгмийн сүлжээнд тавьснаар тэдний нэр хүнд унах шалтгаан болоод байна. 



Энэ талаар United агаарын тээврийн хэвлэлийн төлөөлөгч Чарли Хобартын мэдээлж буйгаар “шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг зөвшөөрдөг ч энэ удаа сайн дураар онгоцноос буухыг татгалзсан тул ийнхүү маргаан дэгджээ. Үйлчлүүлэгч нараасаа хүлцэл өчье” гэжээ. 
 
Э.Дарьсүрэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна