Шекспирийн урласан 7 суут бүсгүй

2017/04/11
Шекспирийн уран бүтээлээ туурвих тэр цаг үед, хуулийн дагуу ямар ч жүжгийн эмэгтэй дүрүүдийг эрэгтэй хүмүүсээр тоглуулдаг байсан аж. Гэхдээ л суут яруу найрагч маань бүсгүй дүрүүдэд гайхамшигтай мөртүүдийг хайрлахаасаа айгаагүй. Шекспир угаас эмэгтэй хүнд ухаанаа алддаг байсан зохиолч. Тэр өөрийн эмэгтэй дүрүүдээрээ дамжуулж хүйсийн эрх тэгш байдлын тухай дуу хоолойгоо өргөж явжээ. Хүслээ хорьж дийлээгүй зохиолчийн гараар харгис бөгөөд уян зөөлөн, зөрүүд бөгөөд дурламтгай олон бүсгүйчүүд бүтээгджээ. 



1.    Жульетта-Ромео Жульетта

Шекспирийн урласан хамгийн алдартай эмэгтэй дүр гэдэг нь эргэлзээгүй. Хамтдаа үхэхээс өөрөөр яаж ч болоогүй эмгэнэлт хайрын тухай түүх ч өөрөө хамгийн алдартай гэдэг нь ч маргаангүй. Хайртай хүнтэйгээ хамт байхын тулд гэр бүлийнхээ мөчөөрхөлтэй тэмцэлдэх хэрэгтэй болсон хөөрхий охин тэдний эвлэрлийн төлөө өөрийнхөө амиар "өргөл” өргөгсөн. Шекспирийн энэ зохиол урлагийн бараг бүх жанрт дахин туурвигдсан юм.



2.    Розалинд
Розалинд бол Шекспирийн жүжгүүдээс хамгийн олон буюу 685 мөрт хэлдэг эмэгтэй гол дүр юм. Мөн тэр Шекспирийн бусад эмэгтэй дүрээс хамгийн хүчтэй, гүнзгий санааг илэрхийлдэг нь. Тэр бол тухайн үеийнхээ эмэгтэйчүүдийн эрхийн хязгаарлагдмал байдлын эсрэг бат зогсогч, тэмцэгч билээ. Хүчирхэг, дур булаам, эрдэм мэдлэг өндөртэй, өөртөө өндөр шаардлага тавьдаг энэ дүр нь өнөөгийн бүсгүйчүүдэд бидэнд ч үлгэр дууриал болохоор.



3.    Беатрис

Шекспирийн жүжгүүдийн хамгийн авууштай, сайхан нь тэр хэзээ ч ухаалаг, хүчирхэг эмэгтэйн тухай бичихээсээ эмээж байгаагүйд оршино. Элизабетийн үеийн Англид, эмэгтэй хүнийг хоёрдугаар зэргийн иргэд хэмээн үзэж боловсрол хүртэх эрхийг нь боогдуулдаг байсан ч алсын хараатай хатны ачаар зарим бүсгүйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Энэ инээдмийн жүжиг дээрх Беатрисийн хурц оюун, цэцэн үг хэллэг нь үзэгчдийг хөгжөөж чаддаг.



4.    Пoртиа -“Венецийн худалдаачин” 
Нийт 574 мөрт хэлдэг энэ дүр нь Шекспирийн бас л “яггүй” эмэгтэйчүүдийн нэг. Портиа бол баян, үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй бөгөөд амжилтанд хүрэхийн тулд эрэгтэй хүний дүрд хувирах хэрэгтэй болдог. 



5. Хатагтай Макбет-“Макбет” 

Тэр бол Шекспирийн дүрүүдээс хамгийн их шүүмжлэл авдаг, товчхондоо үзэгчдэд таалагддаггүй дүр юм. Хатагтай Макбет бол зальжин, хуурмаг эмэгтэй бөгөөд нөхрийнхөө алдаа дутагдал дээр тулгуурлан түүнийг цуст алуурчин болгодог. Түүний хэтэрсэн амбиц, харгис, хайр найргүй зан нь өөрөө хэрвээ эрэгтэй байсансан бол хаан Данканаа өөрийн гараар хөнөөх байсан тухай эргэцүүллээс нь харагддаг. Гэхдээ тэр жүжгийн төгсгөлд өөрийн хийсэн нүглийнхээ хариуг эдлээд дуусах хөөрхийлөлтэй эмэгтэй болон хувирдаг юм.



6. Катерина-Зөрүүд хүүхнийг номхотгосон нь

Муухай ааштай, хүндлэлгүй, бүдүүлэг бүсгүй Катерина нь ямар ч эр өөрийнх нь таашаалд нийцүүлэх гээд хүчрэхээргүй хөгшин зөрүүд бүсгүй вм. Гэхдээ Петручио эр түүнийг доромжлох, үл тоох, няцаах, хошигнох замаар түүнийг номхотгож чаддаг. Катерина эцэстээ өөрийнхөө доторх хоолойг сонсож, төлөв даруухан, ёс суртахуунтай бүсгүй болж төгсдөг билээ.



7. Виола-12 дах шөнө

Виола бол үс зүсээ эр хүн болгож хувиргадаг Шекспирийн олон эмэгтэй дүрүүдийн нэг. Гэхдээ тэр үүнийг ямар ч ялалтын төлөө биш зүгээр л дурласан сэтгэлийнхээ төлөө хийдэг. Тэр үзэгчдийн бас нэгэн хайртай дүр мөн.


 

Э.Сугармаа 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна